БНХАУ-ын Шиамень хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж түүхэн амжилтын эзэд болсон Монголын баг эх орондоо ирлээ.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/FIBA/, Олон улсын оюутны спортын холбоо/FISU/ хамтран зохион байгуулж буй 3х3 төрлийн сагсан бөмбөгийн оюутны ДАШТ-д 10 баг өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар оролцов. Манай залуус эхний тоглолтуудад БНХАУ-ыг 12:11, Малайзыг 18:6-аар хожсон. Мөн Тайланд багийг 21-15 харьцаатай хожиж хэсгийн гурав дахь ялалтаа байгуулсан юм. Улмаар гурван хожилтой болж шигшээ наймд үлдэх нь тодорхой боллоо.
Улмаар хэсгийн сүүлчийн тоглолтодоо Унгарын баг хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар гарч, шигшээ наймд шалгарсан юм. Шилдэг наймд манай залуус Австралитай хийж, 19:12-оор хожсон юм. Хагас шигшээд Ливаныг 21:18-аар буулган авснаар түүхийн эзэд болон Дэлхийн аваргын тэмцээнд Монгол залуус анх удаа финалд үлдсэн юм.
Түүхийн эзэд маань аваргын төлөө Буурал тивд сагсан бөмбөгийн хөгжлөөр ноёлдог Францтай оноолт таарч, 19:12-оор хожигдсон юм. Ийнхүү монгол залуус, монгол сагсан бөмбөгчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн билээ.
Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээсэн тамирчдыг МҮСБХ, оюутны шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид болон гэр бүл найз нөхөд хамаатан садан, "Мон-Алтиус" БТДС-ийн оюутнууд ёслол хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх