Хатан хаан Элизабетыг урт наслахад нөлөөлсөн түүний 7 ДАДАЛ


Сондор | YOLO.MN
2022-09-14

Их Британийн хатан хаан II Элизабет 96 насалсан нь түүний ген болон эрүүл амьдралын хэв маягтай салшгүй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Тэрбээр 96  наслахдаа хүндээр өвдөж, хорт хавдар, зөнөх өвчин, хөгшрөлтийн үед үүсдэг эрүүл мэндийн бусад асуудалд орж байгаагүй юм. Түүний хүү Чарльз есдүгээр сарын 8-нд Хатан хааныг нас барсны дараа ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Миний ээж Хатан хаан Элизабет сайхан насаллаа” хэмээсэн билээ.

Хатан хааны ээж 101 насалсан ч аав нь 56 настайдаа насан эцэслэж байв. Ген бол урт наслах шалтгааны зөвхөн нэг хэсэг гэж "Мөнхийн залуу буюу Хөгшрөхгүйгээр хөгшрөх шинэ шинжлэх ухаан" номын зохиогч, Их Британийн эрдэмтэн Эндрю Стил хэлжээ. Мөн тэрбээр "Ихэнх хүмүүсийн хувьд хэр урт наслах нь 20 хувь удамшлаас шалтгаална, өөрөөр хэлбэл үлдсэн 80 хувь нь амьдралын хэв маягтай холбоотой.  Хатан хаан Элизабетын зуршил нь түүний хаан ширээнд суух дээд амжилтад нөлөөлсөн байх” гэжээ.

Мэдээж хэрэг хатан хааны насан  туршид нь үргэлжилсэн тогтмол халамж болох түүний хэрэгцээг хангах үйлчлэгч, сайн хувийн тогооч, эмчтэй байсан нь урт наслахад нөлөөлнө. Гэхдээ түүнээс гадна Хатан хааны байнга хийдэг байсан, эрүүл хэв маягийн дараах долоон дадал нөлөөлсөн гэжээ.

ТОГТМОЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Хатан хаан нохойгоо дагуулан алхаж, морь унаж, эдлэн газраа тойрч, амьдралынхаа туршид идэвхтэй байсан. Нас өндөр болсон ч аль боломжоороо хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг байв.  Энэ талаар номын зохиолч Стил “Бидний ихэнх нь эрүүл мэндийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн зүйл бол тогтмол дасгал хөдөлгөөн юм. Олон судалгаанаас үзэхэд илүү идэвхтэй хөдөлгөөнтэй өндөр настай хүмүүс илүү урт насалж, эрүүл чийрэг байдаг. Бид хатнаас үлгэрлэх хэрэгтэй. Учир нь тэрээр сүүлийн жилүүдэд хүртэл нохдоо салхилуулангаа байнга алхдаг байсан” гэжээ.

Түүний саяхан хийсэн судалгаагаар өдөрт 10 мянга алхам алхах нь зөнөх эрсдлийг хоёр дахин бууруулдаг болохыг тогтоожээ.

АМЬДРАЛЫН ЗОРИЛГО

Хатан хаан Элизабетын амьдрал ард түмэн, үндэстнийхээ төлөө гэх сэтгэл, үүрэгтэй салшгүй холбоотой байв. Тэрээр 90 гаруй насалтлаа албан ёсны үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсэн бөгөөд энэ талаар "Түүний амьдралд нөлөөлсөн байж магадгүй. Гэхдээ эдгээр зүйлийг нарийн тодорхойлоход хэцүү” гэж Стил хэлжээ.  

Амьдралын зорилгоо ухамсарлах нь бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, амьдралын чанарыг сайжруулдаг болохыг JAMA-д 2019 онд хэвлэгдсэн судалгааны зохиогчид дурджээ.

УТГА УЧИРТАЙ АЖИЛ

Энэ нь дээрх дадалтай холбоотой зүйл юм. Хатан хаан хэзээ ч тэтгэвэртээ гараагүй, харин өндөр насалсан ч үргэлжлүүлэн ажилласаар байсан. Зохиолч Тина Браун нэгэнтээ "Нью-Йорк Таймс" сонинд "Тэр ажилдаа маш их дуртай" гэж бичжээ.

Хатан хаан нас барахаасаа хоёрхон хоногийн өмнө Лиз Трасстай уулзаж, Их Британийн шинэ Ерөнхий сайдаар томилсон бөгөөд гэрэл зурагт буусан түүний царай “гэрэлтэж” байсан юм.

Энэ зун 100 нас хүрсэн дэлхийн хамгийн өндөр настай эмч, доктор Ховард Такер "Би хэзээ ч тэтгэвэртээ гарахгүй" хэмээжээ. Тэрбээр "Би тэтгэвэрт гарахыг урт наслалтын дайсан гэж боддог. Хүн тэтгэвэрт гарахад жинхэнээсээ хөгширч, асрамжийн газарт очих магадлалтай болдог” гэжээ.

АМЬТАНД ХАЙРТАЙ, ТЭДЭНТЭЙ ОЙР АМЬДАРДАГ

Хатан хаан багаасаа л нохойнд хайртай нэгэн байсан. Ялангуяа тэрбээр корги үүлдрийн ноходтой байсан билээ. Тэрбээр амьдралынхаа туршид олон арван нохойтой байсан бөгөөд дөрвөн нохой нь амьд үлджээ. Мөн хатан хаан морийг бишрэгч нэгэн байсан.

Амьтадтай харьцах нь стресстэй холбоотой гормон болох кортизолын түвшинг, цусны даралтыг бууруулдаг гэж Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлсэн байдаг. Түүнчлэн амьтад ганцаардлыг бууруулж, нийгмийн харилцааны мэдрэмжийг нэмэгдүүлж, сэтгэл санааг өргөдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

ЦАГ ХУГАЦААГ ИХЭВЧЛЭН БАЙГАЛЬД ӨНГӨРҮҮЛДЭГ ДАДАЛ

Хатан хаан Шотландын уулархаг нутаг дахь 50,000 акр газар нутагтай Балморал хэмээх эдлэн газартаа хайртай байсан бөгөөд тэрээр ихэнх зунаа тэнд өнгөрөөж, есдүгээр сарын 8-нд насан эцэслэхдээ ч тэнд байжээ. Ой мод, горхи, толгод, хөндий нь түүнд явган аялал хийх, морь унах, гэр бүлийнхэнтэйгээ зугаалах боломжийг олгодог байв.

2019 онд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар хүн долоо хоногт дор хаяж хоёр цагийг гадаа, байгалийн орчинд өнгөрөөх нь эрүүл мэнд, сайн сайхан байдалд эергээр нөлөөлдөг байна. Тэр дундаа мод ургамал, ногоон байгууламжтай ойр амьдрах нь бүх шалтгааны улмаас нас барах магадлалыг бууруулдаг гэнэ.

Ойд алхаж, олон талын мэдрэхүйгээ ашиглан байгальтай холбогдож, одоо оршин байгаа цаг мөчөө мэдрэх зэрэг эмчилгээний нэг төрөл нь стрессийг тайлж, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг.

НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ИДЭВХТЭЙ БАЙДАЛ

Хатан хаан Элизабет өөрийн нөхөр Филиптэй 73 жил хамт амьдарсан. Тэрээр дөрвөн хүүхэд болон тэдний гэр бүлтэй ойр дотно харилцаатай байсан. Түүний өдөр тутмын амьдралд мэдээж зөвлөхүүд, улс төрчид, зочид төлөөлөгчид, урлаг, соёлын алдартнууд, жирийн иргэдтэй хийсэн уулзалтууд багтдаг байв.

Өөрөөр хэлбэл тэр нас барах хүртлээ олонтойгоо байж, нийгмийн харилцаагаар хүрээлүүлж байв. Ганцаардал нь бүх шалтгааны улмаас нас барах эрсдэлт хүчин зүйл болдог тул энэ нь маш чухал гэдгийг судалгаанд дурдсан байна. Архаг ганцаардал нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэж АНУ-ын мэс заслын эмч Вивек Мурти дурджээ. Энэ нь биднийг архаг стресст оруулдаг бөгөөд ингэснээр хүний биед үрэвслийг нэмэгдүүлж, зүрх судасны өвчин болон бусад өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

ЦАЙ, ХАР ШОКОЛАД БА БАГАХАН "ХАТУУ ЮМ”

Хатан хаан Элизабет өглөөг үргэлж нэг аяга “Эрл Грей” цайгаар эхлүүлдэг байсан бөгөөд өдөр бүр үдээс хойш дахин нэг аягыг уудаг байв. Цай тэр дундаа ногоон цай нь флавоноидтой бөгөөд энэ нь стрессийг бууруулж, үрэвслийг намдаах үйлчилгээтэй, эрүүл мэндэд тустай биоидэвхтэй нэгдлүүдээр баялаг юм. Цай тогтмол уудаг хүмүүс бусадтай харьцуулахад зүрх судасны өвчнөөр өвчлөх, эсвэл ямар нэгэн шалтгаанаар цаг бусаар нас барах магадлал багатай болохыг тогтоожээ.

Мөн Хатан хааны хуучин тогоочийн хэлснээр тэр хар шоколаданд дуртай байжээ. Хэт чихэрлэг биш амттан нь үрэвслийг багасгах, зүрхний эрүүл мэндийг дэмжих хүчтэй антиоксидантаар баялаг юм. Хатан хааны зуршилд хатуу дарс ч багтдаг байсан.  Тэр хагас зууны турш орой бүр Дубоннет коктейль ууж байсан гэж Британийн түүхч Эндрю Робертс хэлжээ. Өнгөрсөн намар эмч нар түүнд энэхүү оройн дадлаа орхихыг зөвлөсөн байна. Согтууруулах ундааны эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар олон судалгаа байдаг ч бага хэмжээгээр уух нь урт наслалттай холбоотой болохыг судлаачид тогтоожээ.

Өдгөө Хатан хааны залгамж халааг аваад буй 73 настай Чарльз ч удмаа дагавал урт насалж, хаан ширээнд удаан суух магадлалтай юм. Учир нь ээж нь 96 нас, аав нь 99 насалсан Чарльз өдгөө 73 настайдаа хаан сэнтийд заларч байгаа нь түүний хаанчлал цөөнгүй хугацаанд үргэлжлэх боломжтойг илтгэж байна.

Эх сурвалж: Today

#Мэдээ