Харилцааны эхэн үед хэт их анхаарал халамж тавин, бэлгээр "бөмбөгдөх" нь АЮУЛТАЙ


YOLO.mn | YOLO.MN
2022-09-07

Урьд хожим хайрласан хэн нэгэн шархлуулж, итгэл эвдсэнээр "Хайр дурлал эхэн үедээ л сайхан байдаг" гэх бодолтой үлдэх нь бий. Тэгвэл гал асаж хайрлалцах,  дурлалцах үедээ сохроор дурлах биш нэгнийхээ хортой зан чанарыг таньж, мэдэн, ухаалаг шийдвэр гаргаснаар шархлахгүй үлдэж чадна. 

Энэ удаа харилцааны эхэн үед илрэх "LOVE-BOMB"буюу “хайраар бөмбөгдөх” шинж тэмдгийн тухай хүргэх болно. 

“LOVE-BOMB” гэж юу вэ?

Хамтрагчаа “хайраар бөмбөгдөх” энэ нэршил анх 1970-аад оны үед бий болжээ. Дэлхийн хамгийн том цахим нэвтэрхий толь болох Википедиад:

- “Love bombing гэдэг нь хэн нэгэн хүнд ихээхэн анхаарал тавьж, халамжлах замаар тухайн хүнд нөлөөлөх оролдлого юм. Үүнийг эерэг эсвэл сөрөг зорилгоор ашиглаж болдгоороо онцлог” хэмээн тодорхойлсон байдаг.

Өнгөцхөн харахад энэ нь тийм ч сүртэй зүйл биш юм шиг санагдаж байж болох юм. Гэвч ийнхүү их хэмжээний бэлэг сэлт, анхаарал халамж тавьсан ч өөрт нь эргээд мөн хэмжээний анхаарал хандуулахгүй бол уурлаж, сөрөг сэтгэл хөдлөлөө далдуур илэрхийлж, “хувиа хичээгч” гэж гоочилж эхлэх нь бий аж.

Ингээд дараагийн шатандаа ордог. Энэ шатанд тухайн үед өгдөг байсан бүх хайр халамж, эерэг хандлагаа эргүүлэн авч, дуугаа хураах, сэтгэл тавгүйтүүлэх замаар давуу тал олох гэж хичээх, загнах, тэр ч байтугай бие махбодын хүчирхийлэл үйлдэх гэж оролддог.

Cosmopolitan сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн бичвэрт:

- “Хамтрагчаа хайраар бөмбөгдөх оролдлогыг бидний хэн нь ч хийх боломжтой байдаг. Гэхдээ энэ нь нарциссист зан чанартай хүмүүст түгээмэл ажиглагддаг. Харилцааны эхэн үед хэт их хүчин чармайлт гаргах энэ оролдлого угтаа бол хэн нэгнийг өөрийн болгохын тулд ухамсаргүй хийгддэг үйлдэл юм. Тэд хамтрагчаа нэгэнт өөрийн болгож, зорилгоо биелүүлснийхээ дараа хандлагаа өөрчилж, ойлгомжгүй аашилж, өөрийн дураар байлгаж, хүчирхийллийн шинжүүдийг гаргаж эхэлдэг” гэж бичжээ.

Иймд сэтгэл судлаачид үүнээс аль болох сэргийлэхийг зөвлөдөг.

Нэгэн жишээ дурдахад Америкийн нэрт реппэр, дизайнер Kanye West болон залуу жүжигчин Julia Fox нарын сүр дуулиант үерхлийг сэтгэл судлаачид LOVE-BOMB токсик харилцаа байсан гэж үздэг. Өнгөрсөн оны хоёрдугаар сард телевизийн шоуны од Kim Kardashian реппэр Kanye West-ээс салах өргөдлөө өгч, арванхоёрдугаар сард нь ганц бие болсон гэдгээ албан ёсоор зарласан. Гэвч энэ бүх хугацаанд Kanye хуучин эхнэрийнхээ амьдардаг газрын орчимд байр худалдан авч, өөр дээр нь эргэж ирэхийг хүсээд ч зогсохгүй “Одоо ч эхнэр минь хэвээрээ” хэмээн мэдэгдсээр байсан.

Харин тэрээр өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан нэгэн үдэшлэгийн үеэр жүжигчин Julia Fox-той танилцсанаар ээлжит дуулианыг тарьсан билээ. Тэгвэл Kanye уулзсан цагаасаа эхлэн Julia-г бэлэг сэлт, анхаарал халамжаар "бөмбөгдсөн" ба дөнгөж хоёр дахь болзоон дээрээ л гэхэд Kanye Julia-д зориулан зураг авалт зохион байгуулж байжээ. Түүгээр зогсохгүй түүний хувцасны шүүгээг орвонгоор нь эргүүлж, зочид буудлын өрөө дүүрэн шинэ хувцсаар гэнэтийн бэлэг барьсан юм. Julia энэ талаар ойрын танилдаа “Энэ бол бүх охидын мөрөөдөл. Надад яг л үнсгэлжин шиг мэдрэмж төрсөн” хэмээжээ.

Ийнхүү болзоод нэг сар хүрэхгүй хугацаанд тэд хамтдаа Парисын загварын долоо хоногийн улаан хивсний ёслолд жинсэн хувцсаар хослон ирж байв.

Үүнээс гадна хуучин эхнэр Kim нь түүн дээр эргэн ирэхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн учир шинэ найз бүсгүйгээ Kim шиг болгох гэж оролдсон гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг.

Гэсэн ч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй ба энэ оны хоёрдугаар сарын 14-нд салж буйгаа хэлсэн.

Ямартай ч үүнийг хосын харилцааны мэргэжилтнүүд хамтрагчаа эрхэндээ оруулах гэсэн “Love-bomb” гэх үзэгдлийн шинж тэмдэг хэмээн тодорхойлсон байна.

Тэгвэл ийм төрлийн хортой харилцааг хэрхэн таних вэ?

Үргэлжлүүлэн хамтрагч чинь чамайг “хайраараа бөмбөгдөж” байгаа эсэхийг танихад туслах шинж тэмдгүүдийг хүргэе.

1. Бэлэг их өгдөг – Хайртай нэгэндээ бэлэг бэлэглэх нь хэвийн ч “маш их” бэлэг өгдөг бол анхаарч эхлэх хэрэгтэй. Хэрэв тэр ажил руу чинь зуу зуун ширхэг сарнайн баглаа илгээж, үнэтэй аяллын тасалбар бэлэглэж, цаашлаад ийм бэлэг авахгүй гэх шийдвэрийг чинь хүндэтгэдэггүй.

2. Зогсоо зайгүй магтдаг – Биднийг урагш тэмүүлж амжилттай явахад тодорхой хэмжээний урам зориг өгсөн магтаалын үг чухал нөлөөтэй. Гэхдээ эцэс төгсгөлгүй магтаалаар бөмбөгдөх нь түүний энэ мэдрэмж үнэн эсэхэд эргэлзэхэд хүргэдэг. Жишээлбэл, “Би чиний бүх зүйлд хайртай”, “Чам шиг төгс хүнтэй учирч байсангүй”, “Ганцхан чамтай л бүх цагаа өнгөрөөмөөр байна” гэх мэт.

3. Хэт их дуудлага хийж мессэж бичдэг – 24/7 буюу өдөржин шөнөжин утсаар ярьж, мессэж бичиж, цахим ертөнцөөр ч гэсэн холбогдох гэж оролдох. Харилцааны эхэн үед ингэх нь байж болох зүйл хэдий ч зөвхөн тэр л чам руу эхэлж холбогддог, тэр нь чамд хэтэрхий их юм шиг санагдаж байвал бодох л асуудал.

4. Бүх анхаарлыг чинь өөр дээрээ авахыг хүсдэг – Чамайг гэр бүлийн гишүүд, найз нөхөд, ажлын хамт олон зэрэг бусад хүмүүст анхаарлаа хандуулж, тэдэнтэй цагийг өнгөрөөхөд цухалддаг. Чи энэ үзэгдлийг хэвийн гэж үздэг бол мэргэжилтнүүд “Жинхэнэ хайр бол хамтрагчийнхаа бүхий л цаг хугацаа, эрч хүч, анхаарал халамжийг өөртөө авах гэсэн хүсэл биш. Хосууд бие биенийхээ нийгэмд, гэр бүлдээ амласан үүрэг хариуцлага, үзэл бодол, хувийн хил хязгаарыг хүндэтгэдэг байх хэрэгтэй” хэмээн зөвлөдөг юм шүү.

5. Өөрийгөө “заяаны хань” чинь гэдэг – Киног үзэхэд сайхан ч жинхэнэ хайр ихэнх дэлгэцийн уран бүтээлүүд дээр дүрслэгддэгээс тэс өөр байх нь бий. Тиймээс “Бид энэ хорвоо дээр хамт байх гэж л төрсөн”, “Бид хосгүй учралаар учирсан”, “Бид заяаны ханиуд” гэж хэлдэг бол анхаараарай.

6. Яаруулах – Та хоёр танилцаад удаагүй ч хамтран амьдрах, хуримаа хийх зэрэг томоохон шийдвэрүүдийг гаргах гэж яардаг.

7. Хил хязгаар тавихад дургүй – Өөртөө хугацаа хэрэгтэй байгааг, өөр өөрсдийн гэсэн хил хязгаар, дүрмийг тавих гэхэд дургүйцдэг.

8. Их зүйл хүсдэг – Үнэндээ түүнд хэчнээн их цаг хугацааг зориулсан ч энэ бүхэн түүнд хэзээ ч хангалттай санагддаггүй. Сүүлдээ чи түүнд өртэй юм шиг сэтгэгдэлтэй хоцордог.

Хэдий энэ бүхнийг уншсан ч үүнийг романтик харилцаанаас ялгахад амаргүй байж болох юм. Тэгвэл сэтгэл судлаач Dane Archer энэ талаар “Love bombing гэх үзэгдлийг энгийн романтик харилцаанаас ялгах арга бол ажиглах. Та хоёр албан ёсоор үерхсэнийхээ дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг ажиглаарай. Хэрэв түүний үг үйлдэл хоёр таарч, чамайг ихээхэн халамжилсан хэвээр байвал энгийн харилцаа гэж ойлгож болох юм” гэжээ.

Хэрэв хамтрагч чинь чамайг “хайраараа бөмбөгдөж” өөрийнхөө эрхэнд оруулах гэж байгаа юм шиг санагдаж байвал итгэдэг найз, гэр бүлийнхэн, аль эсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай.

Эх сурвалж: Wikipedia, NY Post

#Сэтгэл зүй