"Есөн сарын 1"-ний сонин сайхан: Энэ жил хичээлийг ураад өгнө


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-09-02

Хүүхэд залуусын зуны амралт дуусаж эрдмийн өргөөнөө мөнгөн хонх жингэнүүлэн сурагчдын хичээл орлоо. Удаан уулзаагүй найзуудтайгаа уулзаж, зуны паянгаа ярихаас авхуулаад есдүгээр сарын нэгний адал явдал дуусашгүй. Yolo.mn сайт сурагчид хичээлийн шинэ жилийн эхний өдрийг хэрхэн өнгөрүүлсэнийг хүргэж байна.

Лхавгацэнгүүн: 14 дүгээр сургуулийн сурагч

"Одоо аравдугаар анги. Би физик, математикийн ангид орж байгаа. Өмнө өмнөх жилүүдэд есдүгээр сарын нэгэнд нээлтийн үйл ажиллагаа болоод л тардаг байсан. Харин энэ жил нээлтийн үйл ажиллагаа дуусаад хичээл орсон. Өнөөдөр найзуудтайгаа хамт гадуур зугаалах бодолтой байна."

Минжээ: 44 дүгээр сургуулийн сурагч

"Намайг Минжээ гэдэг. Энэ жил аравдугаар ангид элсэн суралцаж байна. Нийгэм, биологийн ангид орсон. Ахлах ангид ороод хариуцлага өндөртэй болсон мэт санагдаж байна шүү. Анги ахих тусам үүрэх хариуцлага ихэсдэг шүү дээ. Хичээлийн шинэ жилийн эхний өдрийг хайртай найзуудтайгаа хамт өнгөрөөж байна."

50 дугаар сургуулийн сурагчид

"Хичээлийн эхний өдөр халуун болж байна. Сэтгэгдэл үү? Өндөр байна. Энэ жил хичээлээ “ураад” өгнө гэсэн зорилготой байгаа. Мөн мэргэжил сонголтоо хийгээгүй байгаа болохоор өөрийгөө олж, сонгоно гэж бодож байна."

Төгс: Тольт сургуулийн сурагч

​"Ахлах ангид орох шинэлэг байна. Шинэ хүүхдүүд олон байсан. Сургуулийнхаа нээлтэд оролцчихоод одоо найзуудтайгаа цагийг өнгөрөөж байна. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр гоё байлаа. "

Сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!

#Баяр