Алдартай подкастын ачаар аллагын хэргийг илрүүлжээ


А. Мишээл | YOLO.MN
2022-08-30

Австрали улсад гэмт хэргийн подкастын ачаар 1982 онд сураггүй алга болсон Линетт Даусон гэх эмэгтэйн 40 жил тайлагдаагүй аллагын хэргийг илрүүлсэн байна. 

Сэтгүүлч Хэдли Томас The Teacher's Pet подкастаараа энэ тухай ярьж эхэлснээр царцсан байсан уг хэрэг дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Тус цуврал Австралийн сэтгүүл зүйн шилдэг шагналыг хүртэж, дэлхийн чартуудад тэргүүлсэн байна. Уг подкастыг  60 сая гаруй удаа татаж авчээ. 

Хэдли Томас

Подкастыг олон нийтэд хүргэснээр хэргийг дахин шалгаж эхэлсэн байна. Хэргийг дахин шалгаж эхлэхэд Линетт Даусоны нөхөр Крис нууц амрагтайгаа амьдрахын тулд эхнэрийнхээ аминд хүрсэн болохыг тогтоожээ. Гэвч Даусоны цогцос одоог хүртэл олдоогүй байна.

Гэвч өдгөө 74 настай Крис Даусон үгүйсгэж, эхнэрээ шашны байгууллагад элсэхийн тулд түүнийг хоёр хүүхэдтэй нь орхин явсан гэж хэлжээ.

Крис Даусон

Шүүх Даусоныг өсвөр насны шавьтайгаа дотно харилцаатай байсан гэж үзсэн байна. Даусоны гэрлэлтээ цуцлуулах төлөвлөгөө нурсан тул тэрээр цөхрөнгөө баран эхнэрээ алсан гэж шүүхээс мэдээлжээ. Жэй Си /түүний нууц амраг, нэрийг нь нууцалжээ/ Крис Даусон нар гэрлэж, хүүхэдтэй болсон ч хэдэн жилийн дараа салсан байна. Шүүхэд Жэй Си ярихдаа хатагтай Даусоныг алга болсны дараа Крис түүнд боолтой харьцаж байгаа мэт ханддаг байсан гэжээ. 

Хэдли Томас хатагтай Даусоны найз нөхөд, гэр бүл, хөршүүд болон хоёр дахь эхнэр Жэй Си нартай уулзсан байна. Мөн тэрээр уг хэргийг шалгаж байсан цагдаа нар болон шүүхийн шинжээчтэй ярилцжээ. Ийнхүү подкаст гарснаас хэдэн сарын дараа Даусоныг баривчилсан байна. 

Хохирогч Линетт Даусоны дүү Грег Симмс сэтгүүлч Томаст эгчийнх нь нэрийг цэвэрлэж өгсөнд талархлаа илэрхийлжээ. "40 жил бид түүнд юу тохиолдсоныг мэдээгүй явлаа. Тэр гэр бүлдээ хайртай эмэгтэй байсан. Гэр бүлээ хэзээ ч орхиогүй" гэжээ. Крис Даусоны шүүх хурал арваннэгдүгээр сарын 11-нд болно.  

Эх сурвалж: ВВС

#Мэдээ