YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Хэсэг хугацаанд завсарласан ч дахин захиа хүлээн авах боломжтой боллоо. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би OCD гэх эмгэгтэй бололтой
Сайн байна уу. Би одоо 21 настай OCD гэх эмгэгтэй бололтой. Яагаад тэгж бодож байна вэ гэхээр: Аливаа асуудлыг жижиг ч бай заримдаа бүүр жоохон далий байрлуулсан зураг, хүн зөвшөөрөлгүй гаранд ч юмуу хүрэхэд, эсвэл хүмүүсийн санамсаргүй хэлсэн ганцхан үгийг маш хүндээр тусгаж авдаг. Түүнийхээ талаар цаг минут тутамд боддог. Заримдаа хүндээр муу талаас нь ургуулан бодож эхэлдэг. Энэ бодолдоо өөрөө маш их стресдэж, заримдаа бүр бодоод нойргүй хононо гээч. Бас стрессдээд сэтгэл санааны хямралд орхоороо нойргүйдэлтэй болдог. Өдий 21 настай байж хямрахаараа хумсаа мэрдэг маш олон муу зуршилтай. Сэтгэл санаагаа тайван байлгахын тулд ууланд гарна, агаар салхинд гарна, ганцаараа их цагийг өнгөрүүлэхийг хичээдэг. Гэхдээ л нэг л болж өгөхгүй ахиад л нөгөө хямрал, стресс. Үнэхээр яах учраа олохгүй байна. Хаана хандаж яг оношоо зөв гаргах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлийн эмч нараар оношлуулаарай
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Энэ асуудал чамд хэзээнээс хойш тохиолдож байгаа вэ? OCD – ийн үед илрэх шинж тэмдгүүд нь стрессээс шалтгаалж байх боломжтой байдаг. Тэгвэл сүүлийн үед чамайг юу хамгийн их бухимдуулж эсвэл стрессийг мэдрүүлж байна вэ? Тэр нь юунаас шалтгаалж байна вэ? Өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжээ анзаарахын тулд нойр хүрэхгүй байгаа үедээ, эсвэл сэтгэл санаа нь хямарсан үед дараах асуултуудад хариулж бодлын тэмдэглэл хөтлөөрэй.
Мөн OCD – г “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв” – ийн эмч нар оношилдог. Цаг аван оношилгоо хийлгэх боломжтой. Чамд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Анх удаа бэлгийн харьцаанд орсон ч цус гараагүй
Энэ захиа очих өдрийн мэндийг хүргье. Би 23 настай. Эмэгтэй. Анх удаа бэлгийн харьцаанд орсон юм. Гэхдээ надаас цус гараагүй. Ийм юм байж болдог юм уу? Цус гараагүй болохоор нөгөө хүн маань ч намайг онгон байсан гэж бодохгүй байгаа. Би ч хэлээгүй. Гэхдээ л жаахан муухай мэдрэмж аваад байна. Бас тухайн үедээ хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орчихсон. Ямар нэгэн байдлаар жирэмсэн болохгүй биздээ? Найзууддаа хэлээд зөвөлгөө авах гэхээр надад ерөөсөө итгэхгүй юм. Битгий тоглоод бай гээд байна.
ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлийн эмчид хандаарай
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Энэ асуудлаар мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч үзсэн болов уу? Хэрэв үгүй бол эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө аваарай. Тэд энэ чиглэлээр мэргэшсэн байдаг учраас зөвлөгөөний цаг аван мэдээлэл авах боломжтой юм шүү. Мөн энэ талаар мэдээлэл өгсөн эмэгтэйчүүдийн эмч Э. Сугармаатай хийсэн ярилцлагыг үзээрэй.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Найз залуу маань pc тоглоомонд донтоод намайг тоохгүй байна
Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 19 настай, харин манай найз залуу 22 настай. Би найз залуудаа маш их хайртай. Тэр маань ч гэсэн надад хайртай гэж маш их итгэдэг.
Бид үерхээд нэг жил 8 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд үл ойлголцол хардалт гээд мэдээж олон даваа гарч ирсэн тэр бүрт салж нийлсээр өдийг хүрчээ.
Одоо хамгийн гол зүйл нь гэвэл манай найз залуу хотод харин би амраад орон нутагтаа ирчихсэн байгаа юм л даа. Тэр маань ажил хийдэг. Ажлын таван өдөр, зарим долоо хоногт нэмэлтээр хагас сайнд ажилладаг. Ажлын цаг нь 13-23 цаг хүртэл байдаг юм. Гэтэл найз залуу маань компьютерийн тоглоом тоглоод надад анхаарлаа хандуулахгүй юм. Яавал дээр вэ? Өглөө босоод л тоглоомоо тоглоно. Орой ажлаасаа ирээд шөнийн 2,3 цаг хүртэл тоглодог
Ингэх болгонд нь би “Надад анхаарал халамж тавьсангүй, тоглоом тоглоом гээд байх юм” гэж гомдож тунина. Харин тэр бахь байдгаараа л... Тэгээд бүр чатыг минь сийндээд хариу ч бичихгүй таг чиг болно. Тэгэхээр нь би бүр их уурлаж бухимддаг. Би жоохон түргэн ааштай хүн л дээ. Тэгж уурлах болгонд цээж рүү нэг л сонин болоод, их өвдөж уйлдаг. Тэр хүнийн санаад, гомдоод уйлах шалтаг мундахгүй. Нулимс өөрийн эрхгүй урсаж уйлаад түүнд маш их гомдоллодог. Өөрийг нь аргадахаас нааш би яагаад ч тайван байж чаддаггүй. Унтах гэхээр нойр ч хүрэхгүй орондоо хөрвөөнө. Өглөө эрт сэрнэ. Одоо ч гэсэн тэр намайг таг аньж сийндсээр л бна. Би яавал дээр вэ?
Яавал тэр хүн намайг гэх юм бол? Тоглохыг нь бүр мөсөн хориглоогүй шүүдээ. Хэмжээ хязгаартай тогло гэж зөндөө л хэлэх юм. Харин миний үгийг үл тоосоор л...
Тэрэндээ маш их хайртай. Яаж ч гомдоож зовоож байсан ч түүнийг гэх хайраа татаж чадахгүй байна. Гэтэл тэр хүн арай л дэндүү аашлах юм.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрөөс бүрэн хамаарах боломжгүй зүйлийг бид өөрчилж чадахгүй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хүний үйлдэл, хэлэх үг, хандлага гэх мэт зүйлсэд бид шууд нөлөөлж чадахгүй. Тухайн хүн өөрөө л шийдээд өөрийн үйлдлийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн үед л үр дүн гарах боломжтой. Өөрт тулгараад байгаа асуудлыг бие хүн өөрийн хүчээр л давна. Өөрөө уг үйлдлээ бие дааж шийдэж чадахгүй, түүнд хөндлөнгөөс туслах хүн хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрсөн үед л бусдаас тусламж авах нь үр дүнтэй. Мөн тухайн хүн өөрийн чинь хараад байгаа асуудлыг “асуудал” гэж хүлээн зөвшөөрсөн үед тухайн үйлдлээ өөрчлөх болов уу? Өөрөөс бүрэн хамаарах боломжгүй зүйлийг өөрчлөхийг оролдоод хамаг эрч хүчээ үрээд байгаа бололтой. Түүнд хэлэх гэсэн үгээ хэлэх нь өөрийн зүгээс хийж чадах үйлдэл юм. Түүнд гомдлоод уйлдаг гэсэн байна. Өөрийн мэдрэмжээ далд утгаар биш, өөрийнхөө яг юу гэж бодож байгааг байгаагаар нь түүнд ойлгуулж чаддаг уу? Өөрийг чинь юу мэдрээд байгааг тэр мэдэж байгаа юу? Өөрийн хайрын хэлийг түүнд ойлгуулж, хэлж байсан уу. Жишээ нь над руу өглөөний мэнд гэж бичих үед би хайрлагдаж байгаа мэдрэмж авдаг бол миний мессежийг ямар ч хариугүй “Seen” дэх үед хайрлагдаагүй хаягдаж байгаа мэдрэмж авдаг гэх мэт дэлгэрэнгүй ойлгомжтой хэлээрэй. Мөн түүний хайрын хэлийг асуугаарай.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Сэтгэл түшгил, гутрал, нойргүйдэл, айдсаасаа яаж салах вэ?
Сайн байна уу? Би одоо 18 настай. Ойрын үед сэтгэл санааныхаа байдлыг хэн нэгэнд нээж ярьж, тусламж авмаар санагдах болсон тул энэхүү захидлыг бичиж байна. Би хэт их сэтгэл хөдлөлтэй, бас тэрийгээ удирдаж чаддаггүй. Жаахан байхад ч бас хааяа хааяа ийм мэдрэмж төрдөг байсан. Ихэнхдээ машинд явж байхад гэнэтийн айдаст автаад сэтгэл маш их түгшиж аюулгүй биш юм шиг мэдрэмж төрнө. Сууж байгаа машинд ямар нэг зүйл тохиолдох ч юм шиг, эсвэл дэлхийд гэнэт ямар нэг муу зүйл тохиолдох гэж байгаа мэт санагдаад дотроо бүх зүйлийг энх тайван болоосой, хурдан өөрийгөө тайвшраасай гэж боддог.
Гэхдээ ойрын хэдэн сар энэ мэдрэмж ойр ойрхон давтамжтай гарч ирдэг болсон. Тэгэхдээ зүрх маш хүчтэй, хурдан цохилоод чихэнд хүртэл сонсогдохоор цохилж цээж, амьсгал бачуурах шиг болоод байж суухын аргагүй болчихдог. Амьсгалаа тогтвортой байлгахыг хичээдэг л дээ. Одоо бүр өдөрт хэд хэдэн удаа зүгээр байснаа л гэнэт зүрх хурдан цохилоод сэтгэл түгшүүртэй байгаа. Нэг өдөр ч тайван өнгөгөхгүй байна. Хэдэн долоо хоногийн өмнө өөр шалтгаанаар эмчид биеэ үзүүлж байхад намайг зүрх дэлсэлттэй байна гэсэн. Бас өмнө нь нэг хэсэг гар байнга чичирч хүнд юм өгөхөд хүртэл санаа зовмоор чичрээд болиулахад их хэцүү байдаг байсан. Сандрахад, хэт их хичээл номонд дарагдаад стресснээс болоод тэгдэг байх гээд тоодоггүй байлаа. Хэдий хувийн амьдралд минь олон хэцүү явдал, асуудлууд байгаа, тэрнээс минь болж байгаа ч гэсэн өмнө нь ядаж нэг өдөр тайван байж болдог байсан бол одоо юу ч бодмооргүй, бодоогүй байхад л ингээд байж суухын аргагүй болчихлоо.
Би бусад хүмүүст хэт их санаа зовдог, үүнээсээ болоод өөрөө хүртэл дагаж зовоод өөрийгөө зовоогоод байдаг. Бас өмнө нь ямар байснаа санадаггүй ч сүүлийн хэдэн жил хэтэрхий сэжигч болсон. Юмыг хэтэрхий төгс, цэвэрхэн байлгах гэж хичээдэг болчихож. Ялангуяа корона вирус гарсны дараа бүр ч ийм болчихсон. Бас юм хийхдээ үргэлж дотроо тоо тоолдог зуршилтай. Засч чаддаггүй. Янз бүрийн ийм зуршлуудаа анх үүсэхэд нь л засах гэж оролдоод засдаг байсан ч заримыг нь одоог хүртэл засч чадаагүй. Дунд ангиасаа хойших сэтгэл гутралаа засч чадаагүй байгаа юм шиг санагддаг. Би ерөнхийдөө ой санамж маш муутай, хэдхэн тод хэсгүүд л өмнө нь тохиолдож байсан юм шиг санагддаг. Надад тохиолдож байсан гэдэгт нь ч итгэхээргүй тийм муу ой санамжтай гэх юм уу. Энэ сэтгэл гэнэт түгшээд, эргэн тойронд минь байгаа асуудлуудыг шийдэж чадахгүй байх вий гэсэн айдас, бүгд надаас болоод байгаа юм шиг санагдаад яавал бүгд зүгээр болж, бүх хүмүүс тайван болох бол гэсэн бодол, айдсуудаасаа хэрхэн салж болох вэ? Сэтгэл зүйд минь болдог байсан зүйлс биед минь нөлөөлөөд, тэгээд амьдралын бүх зүйлд нөлөөлөөд байх юм. Урьд нь өөрөө өөрийгөө тайвшруулаад хурдан зүгээр болгочихдог байсан ч одоо тэгэж хүчирдэггүй болчихсон. Яаж үүнийгээ засч болох вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Асуудлаасаа аль болох зугтахгүйгээр нүүр тулж шийдвэрлэхийг хичээгээрэй
Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад өөрт тулгарсан асуудлаа бүрэн шийдвэрлээгүй, удаан хугацаа өнгөрсөн юм шиг санагдлаа. Чи үүнтэй санал нийлж байна уу? Сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэхгүй удах үед энэ асуудал нь бие махбодод (булчин чангарах, зүрхэнд ачаалал өгч зүрхний цохилтыг түргэсэх, ядарч сульдах, унтсан ч амарсан мэдрэмж төрөхгүй байх гэх мэт) мэдрэгдэж эхэлдэг. Тийм учраас өөрт тулгарч байгаа асуудлаасаа аль болох зугтахгүйгээр нүүр тулж шийдвэрлэхийг хичээгээрэй. Энэ нь өөрт илэрч байгаа шинж тэмдгүүдээ шийдвэрлэ гэсэн үг биш харин шинж тэмдгүүдийг үүсгэж байгаа суурь шалтгааныг олохыг хичээгээрэй гэсэн үг юм.
Захидлаас уншихад, өөртөө маш их хариуцлага үүрүүлсэн, өөрийгөө буруутгаж байгаа юм шиг санагдлаа. Өөрийгөө бүх зүйлд буруутгаж, өөртөө өндөр хариуцлага үүрүүлэхэд чамд юу нөлөөлсөн бэ? Хэзээнээс хойш ийм мэдрэмж төрөх болсон бэ? Хүмүүс чамайг өмнө нь аливаа асуудалд буруутгаж байсан уу? Мөн ямар учраас бусдад санаа зовж байгаа вэ?
Мөн хүн бүрд тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн асуудал тулгардаг. Тийм болохоор асуудлаа байгаагаар нь хүлээн авахыг хичээгээрэй. Мөн өөрийгөө эдгээр буруутгал, хариуцлагаас чөлөөлөхийг хичээгээрэй. Үүний тулд мэргэжлийн сэтгэл судлаачтай уулзаж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах нь чухал ач холбогдолтой юм шүү.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Д. Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх