Яруу найрагч Б.Баясгалангийн онцлох 9 шүлэг


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-08-23

Яруу найрагч Батсуурийн Баясгалан нь Долдугаар сарын 13-нд Говь-Алтай аймгийн Бугат сумд төржээ. 2009 онд “Арван гуравдугаар сарын бороо” анхны шүлгийн түүврээ хэвлүүлсэн ба Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” роман, “Хар захын гудамжны Спиноза”, өрнө дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр зэрэг орчуулгын арав гаруй бүтээлтэй. Ингээд та бүхэнд түүний онцлох 9 шүлгийг танилцуулж байна.

***

Хамгийн сүүлд хэзээ уйлснаа чамд хэлэхгүй.

Хашааны завсраар яралзах нохойн соёо шиг эрэмгий цагаан өдрүүд

Харван дүүлж айсуй, ирээдүйгээс

Харин чи бүү ай, ирээгүйгээс

Гай зовлон бүгдээс чамайг л хамгаалах 

Гатлага онгоц шиг нүд минь

Нулимсан дээрээ хөвсөөр л байна.

Ахиад зөндөө уйлах энэ л нүдээрээ

Би чамайг ширтсээр л байна.

Аз жаргал гэдэг энэ дээ гэж зүрх сэтгэл давтах тусам

Нүд уйлахад бэлдсээр л байна.

***

Чамд зориулж би гэзгээ уртаас урт ургуулсан

Цааш эргээд алхчихвал зуураад үлдээх олс болог!

Чамд зориулж би сэтгэлээ угаар нь тайрсан

Цаашид түүгээр хэн ч дээс эргүүлж бүү тоглог!

***

Яруу найраг... Энэ бол

Урсаж л явсан гол горхи гэнэтхэн буруулж 

Улаан гол руу минь цутган орж ирэхийн,

Улаан цусыг минь түрж судас бүрээр минь

Дулаан илчийг минь хөөж, салаалж эргэхийн,

Тунгалаг шил шиг болох яг тэр мөчид минь

Тунчиг нууцийг минь бүхэнд гэрэлтүүлж харуулахын 

Нэр.

Яруу найраг... Энэ бол

Сувд үзүүлнэ гээд далайн гүн рүү

Шумбуулж дөнгөсөн илбэчний гараас

Атгаж амжсандаа живсээр буй ч 

Аз жаргалаар халгин байхын, гүнээс дуулахын, 

Уран дуулах минь дээш түгээд

Усны мандал дээр долгилон байхын 

Нэр.

Яруу найраг... Энэ бол

Цагийг захирагчийн хүйтэн мутраас

Цай уугаад үүрд унтахын,

Бутарч үйрээд бүтэн үлдэхийн,

Бусдаас өөр гунигаар үхэхийн 

Нэр.

***

Цонх нь гэгээтэй ногоон байшин 

Хонх нь дэгээтэй улаан хаалга

Хэлэхэд зэхээтэй миний үгс

Энэ ханыг нэвтэлж чадахгүй ээ.

Том зузаан хананы цаана чи

Том зузаан хаалганы наана би

Өнө удаан жил бие биеэ хүлээнэ

Өвөл, зун ээлжилж биднийг нас элээнэ.

Нэг л зун чи цонхоо нээж 

Нэг л өвөл би хонхыг татаж 

Энэ зузаан ханыг нэвтэлж чадна аа.

Хэн хэн маань гэвч бие биеэ танихгүй ээ.

***

Хорвоод би талархаж мэддэггүй

Энэ амьдралын юунд нь баясахаа ч ойлгодоггүй

Хоног өдрүүд надад

Угаагаад хатаасан ч хуучнаараа,

Хуниас бүхэндээ уйтгар нуусан

Урагдах дөхсөн ч тэссээр буй

Хуучин даавуу шиг л санагддаг.

Өдөр хоногт яахин талархах

Нарыг хараад хэрхэн инээмсэглэх

Өндөр дээр гараад хашхирахад минь

Үргэсэн шувуудыг юу гэж тайтгаруулах

Тэмүүлэх.., тэмүүлэл тэмүүллийн угт

Тэнэсэн сум шиг нэгэн итгэл 

Зүрх хаваад газардахыг мэдрэх..,

Энэ бүхний төгсгөлд...

Хиргүй ариухан төрөхөд минь бараан бүхнээ нялзааж

Хэвнэг сүүдэр надад урлаж нөмөргөсөн тэр гарыг.., 

Үзэгддэггүй тэр гарыг зүгээр л 

Үнсмээр санагддаг.

***

Энэ биеийн минь хаа нэгтээ нуугдсан 

Ирээдүйн хүний тунгалаг сүнсээ,

Чи ор сураггүй ч би чиний төлөө

Чичирсэн хүйтэн шөнүүдийг тэсч давсаар байна.

Уйлах дуу, инээдний чинь цуурайг бясалгаад

Ухаантай амьдрах гэж хэрдээ л зүдэрч байна

Урьдын ерөөл, хожмын учралд сүслээд

Урдаа босгосон хориглолтдоо унаж бүдэрч явна

Залуу нас хажуугаар исгэрэн зөрөхөд

Замын хажуугаас би зүгээр л хараад зогсож байна

Амьдарч байна, амьдралдаа оролцож чадахгүй байна

Аль хэдийн би чиний эрхэнд орсон байна.

Энэ биений минь хаа нэгтээ нуугдсан

Ирээдүйн хүний тунгалаг сүнсээ,

Би чиний төлөө энэ гашуун он жилүүдийг

Биеэсээ үлдэн хөөгөөд, мөч бүхэнд ариусч байна...

***

Охин минь, 

Олны урсгалд хөвүүлж үдэх навчин жаахан үр минь,

Ээж нь чиний тухай бодохоор

Эрмэг зүрх минь яагаад ч юм халирч 

Эрслэх зориг минь хаашаа ч юм хулжих юм.

Өстөн хураагаад ирвэл өмөөрөх үггүй,

Өмөлзөн уйлаад ирвэл аргадах гаргүй,

Салхинд хөөгдөөд ирвэл нөмөрлөх биегүй,

Санаанд гүйцэгдээд ирвэл нөлөөлөх үзэлгүй,

Ээж нь чиний тухай бодохоор 

Элсний ширхэг, өвсний хугархай төдий болж 

Ертөнц гээч үлэмжийн өмнө

Эвээ олохгүй турьгүйдэх юм.

Өөрөө бол ямар ч гунигийг өрөө цоолоод ч давж чадах

Өрсөөд ирэх хатуу хүтүүг өлссөн эрслэн шиг тасдаж чадах

Дайсан айсуй бол далайгаад угтах, дараад босох 

Дайчин ижий нь..,

Өөдөсхөн чинийхээ тухай бодохоор л 

Өөдөөс тосох амьдралын мөч бүхэнд ялагдах юм...

***

Залуу давалгаан дээр суугаад юу ч юм бичиглэнэ

Оройхон нь шууданч тагтаа далавчаараа цонх цохилно

“Оддын тоогоор хүлээлт” гэж уншаад гар минь чичирхүйд

Орхиод ниссэн шувуухайн өд хүйтэн хөлстэй.

***

Халгаж халгаж барьж авсан шүлгийн дэвтрээр дүүрэн

Хайрлаж хайрлаж тавиад явуулсан шүтээн хүмүүс хөглөрнө

Ургаж ургаж унаад л өгсөн навчсын найранд согтоод 

Амьдарч амьдарч гэнэтхэн уйдсан сэтгэл уймарч зогсоно.

Ээжээ, би гарч тоглох уу?

Энэ амьдралаас гарч тоглож болох уу?

Гарч тоглож болох уу? Энэ амьдралаас

Гараа татаад авчихаж болох уу?

Мартагнал намайг хоосонтой сүлэхэд

Цаг хугацаа илбэчний гараа даллан тохуурхана.

Маргаашийн өөдөөс би ачаагаа тонуулчихсан жинчин шиг

Хохирсон зүрхээ тэврээд очно.

Ээжээ, би гарч тоглож болох уу?

Энэ амьдралаас гарч тоглож болох уу?

Гарч тоглож болох уу? Энэ амьдралаас

Гараа татаад авчихаж болох уу?

#Шүлэг #Яруу найраг