Олон улсын 14-18 насны 500 орчим хүүхэд, залуус чуулна


Б.Дариа | YOLO.MN
2022-08-22

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралд өчүүхэн хувийг эзлэх боловч, нэг хүнд оногдох хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн дунджаас 2.7 дахин их байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх  зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД” чуулганыг 2022 оны наймдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Хамтран зохион байгуулагчаар НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Монголын Хүүхдийн Зөвлөл, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Оюу толгой” ХК, Каритас Чех олон улсын байгууллага, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, ПИН олон улсын байгууллага  зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Чуулга уулзалтад Монгол Улсын Ховд, Хэнтий, Булган, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг, нийслэл хотоос, мөн АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ, Бангладеш, Малайз, Филиппин зэрэг улсуудаас төлөөлөл болон хүрэлцэн ирсэн 280 орчим оролцогч хүүхэд, залуучууд оролцоно. Түүнчлэн цахимаар олон улсын хүүхэд, залуучууд хамрагдах юм.       

 Чуулганаар:

  • “Уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад” сэдвээр БОАЖЯ, УАӨСХАТ-ийн Шинжлэх Ухааны зөвлөх З.Батжаргал,
  • “Уур амьсгалын өөрчлөлт ба залуусын оролцоо” сэдвээр Орхон аймгийн Эрдэнэт хотын оролцогч Баттүвшин,
  • “Монгол Улсын амлалт” Үндэсний тодорхойлсон хувь нэмэр сэдвээр Монголын Хүүхдийн зөвлөлийн Ерөнхийлөгч М.Гарьд,
  • “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” сэдвээр Өмнөговь аймаг,  Ханбогд сумын “Залуу Эко” клуб Т.Амаржаргал, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо Г.Мягмарсүрэн нар илтгэл, мэдээлэл хийхээр төлөвлөж байна.

#Мэдээ