Хилийн чанадад сурдаг Монгол оюутнууд залууст үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-08-15

Дэлхийн залуучуудын өдөр жил бүрийн наймдугаар сарын 12-нд тохиодог. Тус өдрийг тохиолдуулан өнгөрсөн баасан гарагт хилийн чанад дахь залуучуудын холбооноос “Боловсролын өдөрлөг 2022”-ыг зохион байгууллаа. 

12 өөр улсад суралцдаг Монгол оюутнуудын төлөөлөл хилийн чанадад суралцах хүсэлтэй залууст зөвлөгөө өгөн өдөрлөг эхэллээ. Тус өдөрлөгийг жил бүрийн энэ өдөр буюу наймдугаар сарын 12-нд зохион байгуулахаар төлөвлөж буйг онцолж байсан юм. 

“Хилийн чанад дахь оюутан залуусын холбооны таван жилийн ой болон залуучуудын өдрийг тохиолдуулан тус өдөрлөгийг зохион байгуулж байна. 12 улсаас оюутнуудын төлөөлөл ирж өдөрлөгт оролцож буй ба тус улсад суралцдаг оюутнуудаас мэдээлэл авах том боломж. Одоогийн байдлаар 200 гаруй залуус өдөрлөгт оролцохоор дугаарлан зогсжээ. Олон  залуус цугласанд сэтгэгдэл их өндөр байна" хэмээн тус өдөрлөгийг зохион байгуулагч, ХЧДОЗХ-ноос хэлсэн юм.

Польш улсын оюутан залуучуудын холбооны төлөөлөгч Цолмон

“Намайг Цолмон гэдэг. Монгол улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж 100 хувийн тэтгэлэгтэй суралцсан. Би өнөөдөр Польш улсын оюутнуудыг төлөөлж Польш улсын тухай, тус улсад хэрхэн суралцах талаар мэдээлэл хүргэх болно. Ахлах анги  болон нэг хоёрдугаар курсийн оюутнууд голдуу иржээ. Польш улсад амьдрахад хэр таатай вэ, тэтгэлэг хүрэлцээтэй байдаг эсэх гэх зэрэг асуултыг түгээмэл асууж байна. Польш улс маш үзэсгэлэнтэй байгальтай. Бусад Европын улсуудтай харьцуулбал амьдрах өртөг ч багатай. Залуусаа Польш улсад суралцаарай хэмээн уриалж байна.”

ОХУ-ын оюутан залуучуудын холбооны төлөөлөгч Буян- Ундрал

"Олон улсын оюутнууд нэг дор цугларч дэлгэрэнгүй мэдээллийг залуучуудад олгох боломж ховор шүү шүү дээ. Харин энэ өдөрлөг маш олон залуучуудад тэрхүү боломжийг өгч байна. Миний хувьд залуустаа ОХУ-д тэтгэлэгтэй суралцах тухай зөвлөмж өгөх болно. Хүүхдүүд амьдралын бодит нөхцөл байдлыг илүү сонирхон асууж байна. ОХУ-аас манай орноос суралцуулах оюутны тоог зааж өгдөг. Жил ирэх тусам уг тоо өсөж буй учир ОХУ-д суралцах боломж ихсэж байна. Мөн тэтгэлэг авсан тохиолдолд хэлний бэлтгэлд үнэгүй сурдагаараа давуу талтай юм шүү”

 

#Мэдээ