Өвөөгийнхөө оршуулгыг хийхийн тулд пүүзээ зарж байсан эмэгтэйн зардлыг NFL од даажээ


Сондор | YOLO.MN
2022-07-22

Нэгэн эмэгтэй өвөөгийнхөө оршуулгын зардлыг төлөхийн тулд пүүзээ зарах гэж байсныг харсан Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн тамирчин Ж.Ж.Ватт оршуулгын бүх зардлыг даахаар болжээ.

NFL (National Football League) од нэгэн уй гашуутай гэр бүлд хандив өргөсөнд олон нийт маш талархалтай байна.

Техасын багш Женнифер Симпсон хэмээх бүсгүй тамирчин Ж.Ж.Ватт Reebok-той хамтран гаргасан загварын пүүзээ, өмсгөлтэй нь зарж өвөөгийнхөө оршуулгын зардалд нэмэрлэх нь түүний цорын ганц найдвар байжээ.

Симпсон өөрийн цахим хуудаснаа "Надад JJWatt брэндийн 9 размерын 60 долларын Reebok гутал байна. Би хоёр л удаа өмссөн. 30 доллароор зарна. Маш гоё гутал. Би өвөөгийнхөө оршуулгад мөнгө цуглуулж байгаа учраас зарахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Сонирхож байгаа нь холбогдоорой" гэж бичжээ.

Энэхүү жиргээнд 250 гаруй хариу бичсэний нэг нь Аризона Кардиналсын хамгаалагч байсан Ж.Ж. Ватт байв. Тэрбээр “Та пүүз, өмсгөлөө битгий зараарай. Бид оршуулгын ажилд тусална. Уй гашууг тань хуваалцаж, гүнээ харамсаж байна” гэжээ.

 

Симпсоны өвөө Жерри Родерик зургадугаар сарын 20-нд гэнэтийн байдлаар буюу зүрх нь гэнэт зогсож таалал төгссөн байна. Долдугаар сарын 6-нд өвөө нь таалал төгссөнөөс хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн ч ар гэрийнхэн нь оршуулгын зардлыг бүрдүүлж чадахгүй байжээ.

Тэрбээр энэ талаар "Би өөр юу хийж чадахаа мэдэхгүй байна. Өвөө маань нас барснаас хойш хоёр долоо хоног өнгөрсөн ч түүний оршуулгад хангалттай мөнгө цуглуулж чадаагүй байна. Миний хувьд би энэ хугацаанд сургуулиа төгсөж чадалгүй, ажлын гараагаа эхлүүлэхээ хойшлуулсан нь асуудал биш. Өөрийн гараар гурилан бүтээгдэхүүн хийж, таваг зарж байгаа ч зардлын хаана ч хүрэхгүй  нь" гэж байв.

Харин сайн санаат тамирчны ачаар  оршуулгын үйлчилгээний зардал бүрэн төлөгджээ.

Энэ нь  Ватт буяны үйлсэд хандив өргөж буй анхны тохиолдол биш юм. 2017 онд тамирчин эр Харви хар салхины дараа Хьюстоныг сэргээн босгоход туслах зорилгоор 37 сая гаруй доллар цуглуулж хандив өргөсөн гэж Sports Illustrated сэтгүүлд мэдээлжээ. Уг санхүүжилт нь тухайн үед гамшигт нэрвэгдсэн 1100 гаруй өрхөд зориулагдаж байв.

Эх сурвалж: Today

#Мэдээ