- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -
Зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг контентоор дамжуулан уриалах зорилготойгоор "Тоёота Сэйлс Монголиа" ХХК, "Монгол Контент" ХХК, ЦЕГ, Тээврийн цагдаагийн албатай хамтран "Аюулгүй, Аз жаргалтай" богино хэмжээний видео контентын уралдааныг хоёр дахь жилдээ зарласан билээ.
Хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй хамгаалах боломж бий гэдгийг эерэг байдлаар үзүүлж, зөв дадлыг эергээр түгээхийг чухалчилсан уралдаанд оролцсон 12 бүтээлийн дүн өнөөдөр гарлаа.
Уралдааны дүнг танилцуулах үйл ажиллагааг нээж Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүо Оүчи "Эрүүл аюулгүй, амар тайван байдал нь аз жаргалын суурь юм. Аз жаргалыг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилгоор бид тус уралдааныг зохион байгуулсан. Зам тээврийн ослын тоог бууруулахад чиглэсэн видео контент бэлтгэн ирүүлсэн нийт оролцогчдодоо баярлалаа. Та бүхний бүтээл зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, түүний хор уршгийг бууруулахад үнэтэй хувь нэмэр болно" хэмээв.
Уралдааныг зохион байгуулахад хамтран оролцсон Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Нэг ч гэсэн иргэнийг осолд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажил хийж буй Тоёота Сэйлс Монголиа ХХК болон Монгол Контент ХХК-ийнханд баярлалаа. Энэ жилийн контентуудад зам тээврийн ослын айдас төрүүлэм дүр зургийг харуулах бус осол болохоос өмнөх урьдчилан сэргийлэх агуулгыг эерэг байдлаар харуулснаараа онцлогтой. Иргэд хариуцлагаа ухамсарлаж, аюулгүй байдлаа хангахын чухлыг зөвлөгөө байдлаар харуулах нь маш эерэг нөлөөллийн ажил болно. Бид бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчидтэйгээ цаашид хамтран ажиллах талаар ярилцана" гэсэн юм.
Уралдаанд нийт 12 видео бүтээл ирүүлсэн бөгөөд шүүгч болон зохион байгуулагчдын зүгээс нийт оролцогчдод ижил хэмжээний урамшууллыг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Энэ талаар шүүгч, найруулагч Д.Золбаяр "Бид шүүхдээ удирдамжийн шаардлага, кино урлагийн зарчим болоод мэргэжлийн талаас нь хянахыг баримталсан. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүд кино урлагийн зарим шалгуурыг хангаагүй. Текст эсвэл яриа нь хэт давамгайлсан, зохион байгуулагч талаас тавьсан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх агуулгыг эергээр харуулах шаардлагыг бүрэн хангаагүй, тодорхой бус зэрэг сул талууд ажиглагдсан. Өнгөрсөн жилээс харьцангуй цөөн бүтээл ирсэн бөгөөд кино урлаг, видео контентын анхан шатны зарчмуудыг хангаж чадаагүй бүтээл олон байлаа. Тиймээс шүүгч нар ялагч тодруулахгүй байх санал гаргасан. Харин оролцогчдын хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй гэж үзсэн тул бүтээлээ илгээсэн бүх хүнд ижил хэмжээний урамшуулал олгохоор шийдвэрлэсэн" гэв.
Тэрээр дараа жил бүтээлүүдийн чанарыг сайжруулахын тулд уралдаанд оролцогчдын бүтээлээ туурвих хугацааг аль болох нэмэгдүүлэх, оролцогчдыг өргөнөөр хамруулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Оролцогчид сэтгэл гаргах ёстой хэмээсэн юм.
Уралдаанд "Чи нэг юм аа мартаагүй биз" бүтээлээрээ оролцсон Б.Пүрэвдорж "Цуврал хүүхэлдэйн кино хийж байгаа бөгөөд түүнийхээ нэг ангийг энэ уралдаанд зориулан бүтээсэн. Хүмүүс цагдаа харахаараа л суудлын бүсээ зүүдэг хандлагаа өөрчлөөсэй гэсэн агуулгыг шингээсэн. Сайн бүтээл байгаагүй учраас шударга хандсаныг нь зөвөөр ойлгож байна. Хүмүүс Аюулгүй - Аз жаргалтай гэдэг агуулгаа сайн гаргаагүй санагдлаа. Дараа жил анх зарласан өдрөөс нь эхлэн бэлдэнэ. Энэ жилийн хувьд уралдаан дуусахаас хоёрхон хоногийн өмнө бүтээлээ өгсөн" хэмээв.
Уралдааны Шүүгч, жүжигчин Р.Анхням "12 бүтээлийг хоёр өдрийн турш шүүсэн. Амаргүй байлаа. Зарим бүтээлүүд хийцийн хувьд сайн болсон ч зохион байгуулагч талаас тавьсан агуулга, шаардлагыг баримтлаагүй байсан. Эсвэл агуулгыг шаардлагыг багтаасан ч хийц тааруу байх тохиолдлууд байсан. Тиймээс шударга байх үүднээс нийт оролцогчдод ижил хэмжээний урамшуулал олгох шийдвэр гарсан. Аливаа зүйлийг байгаа хэмжээнд тааруулаад яваад байвал байрнаасаа хөдлөхгүй. Тэгэхээр байгаагаасаа илүү зүйл хиймээр байна. Жил бүр ахиж байх ёстой гэдэг үүднээс шүүлтдээ хатуу хандсан гэдгийг ойлгоорой. Гэхдээ цаг зарцуулж оролцсон та бүхэнд маш их баярлалаа" хэмээв.
Уралдаанд "2047" нэртэй анимейшн бүтээлээр оролцсон Б.Жавхланбаяр "Бүтээлээрээ аюулгүй, аз жаргалтай гэдэг агуулгыг харуулахыг зорьсон. Удирдамж дээр эерэг байдлаар харуулах гэсэн болохоор залуучуудыг татах зорилгоор анимейшн бүтээсэн. Удирдамжаасаа өөрөөр шалгаруулсанд нь урам хугарч байна. Энэ байдлаар шалгаруулбал дараа жил чанаргүй олон бүтээл орж ирэх эрсдэлтэй" гэсэн юм.
Шүүгч, MONGOL Films Distribution ХХК-ийн захирал, продюсер Н.Цогтбаяр "Өнгөрсөн жилтэй харьцуулахад тун цөөхөн бүтээл ирсэн. Мөн богино хэмжээний кино бус видео контент гэж заасан нь хэт маазарсан, энтертайнмент видеонууд ирэхэд нөлөөлсөн байх. Өнгөрсөн жилтэй харьцуулахад чанарын хувьд маш муу байлаа. Оролцогчид дараагийн уралдаануудад сэтгэл, цаг гаргаж оролцоосой. Шүүгчдийн хувьд уралдааны удирдамж, бүтээлд тавигдах шаардлага, зураг авалт, өнгө тавилт, жүжиглэлт, дуу хөгжим зэргийг нь харж шүүсэн. Гэвч хөгжим тавиагүй, өнгөгүй бараг гар утсаараа хийсэн чанаргүй видеонууд цөөнгүй ирсэн" гэв.
"Сонголт" нэртэй уран бүтээлээр оролцсон Ө.Энхжаргал "Уралдаанд ороолцсон бүтээлүүд шүүгчид болон зохион байгуулагчдын хүсэж байсан хэмжээнд хүрч чадсангүй. Тиймээс шагналыг тэгш тараасан нь хамгийн зөв шийдвэр байх. Дараа жил хүмүүс илүү идэвхтэй оролцож чанартай бүтээл хийгээсэй. Миний хувьд ч энэ амжилтаа ахиулахын төлөө хичээнэ" гэсэн юм.
"Зам асуух зуур" нэртэй уран бүтээлээр оролцсон Х.Жигдин "Видеог бүтээхэд нийт таван хүн ажилласан. Өмнө нь уралдаанд оролцож байгаагүй ч кино зураг авалтад ажиллаж байсан. Мэргэжлийн түвшинд гэх шалгуураар шүүгчдийн сэтгэлд хүрээгүй байх. Бид хүмүүс замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох вэ гэдгийг харуулахыг хүссэн. Дараагийн удаа зураг авалтдаа сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна" хэмээв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх