- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -
Орон нутагт, хол замд гарах гэж байгаа жолооч та автомашинаа шалгаж бэлдэх нь нэн түрүүнд хийх ёстой туйлын чухал ажил билээ. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаснаар аян замд санаа зовох зүйлгүй тайван амгалан зорчих, автомашины эд ангийн эвдрэл гэмтэл болон түүнээс үүдсэн ослоос урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Орон нутагт засвар үйлчилгээний төвүүд ховор учир жолооч нар аян замд гарахаас өмнө бэлтгэлээ сайтар базааж, шаардлагатай бол мэргэжлийн хүнд хандаж машинаа шалгуулах хэрэгтэйг “Таван Богд” ХХК-ийн ерөнхий инженер Ц.Бямбадорж зөвлөж байна.
1. Гэрэлтүүлэг
Холын болон ойрын гэрэл асахгүй тохиолдолд үзэгдэх орчин хязгаарлагддаг учраас тээврийн хэрэгсэл жолоодоход төвөгтэй байдал үүсэх, өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг гялбуулах эрсдэлтэй.
2. Эд ангийг шалгаж, дагалдах хэрэгслээ авч явах
Хэдэн км хол явах вэ гэдгээс шалтгаалж динамын ремень, тормозны наклад, запас дугуй, галын хор, дагалдах хэрэгслүүдийг шалгаж авч явах ёстой. Зарим жолооч санаандгүй, хайхрамжгүй байдлаасаа болж холын замд дугуй хагарахад запас дугуй, домкратгүй байх, гэмтэл үүсэхэд чирэх татлагагүй байх асуудлууд гардаг. Тиймээс автомашины үзлэг, оношилгоонд орох үед авч явах ёстой эмийн сан, галын хор, татлага зэрэг зүйлүүдийг хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй. Болж өгвөл аялалд гарахын өмнө авто засварын төвүүдээр үзлэг оношилгоо хийлгэж шалгуулаад, тэр машин ямар төлөв байдалд байна гэсэн мэдээллийг авах хэрэгтэй.
3. Ачаа бараа
Автомашин хэдэн кг-ын даацтай вэ гэдгээс шалтгаалж авч явах ачаа барааг тооцох хэрэгтэй. Жолооч нар суудлын жижиг тэрэгт хэт хүнд ачаа ачиж, даац хэтрүүлснээс болж автомашинд гэмтэл гарах, дугуй хагарах, шороон зам, бартаат замаар явахад тулах гэсэн асуудлууд үүсдэг.
4. Автозам, маршрутаа төлөвлөх
Аль замаар явах маршрутаа тооцоолж, тухайн замын нөхцөл ямар байна гэдгийг сайтар төлөвлөж явахгүй бол алсын замд эрсдэл их үүсдэг.
Түүнчлэн гол усаар гарахдаа автомашинаа живүүлж, эвдэх тохиолдлууд гардаг. Жишээ нь, суудлын жижиг намхан тэргээр хол замд явж байгаа бол засмал зам хаана орсон, засмал замаас гараад шороон зам руу ороход гол ус байна уу, гол ус байлаа гэхэд туулж гарахуйц хэмжээнд биш бол голыг гатлахгүй байх, гатлах шаардлага гарлаа гэхэд том тэргээр чирүүлээд гарах хэрэгтэй. Чирэх шаардлага гардаг учраас чирэгчээ авч явах хэрэгтэй.
5. Дугуй
Холын замд олон км үргэлжилсэн хөдөлгөөн хийхээр дугуй халж эхэлдэг. Дугуйн дээр үйлдвэрлэсэн он тавьсан байдаг. Тиймээс үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн хугацааг шалгаж авах хэрэгтэй. Олон жил болсон дугуй хатах, язрах, ойрхон зайд хот дотор явахад мэдэгдэхгүй мөртлөө хол замд хагарч буудах аюултай. Дугуйн хээ, хэмжээ ижил зөв байгаа эсэхийг харах хэрэгтэй. Том, жижиг хоёр дугуй нэг тэнхлэг дээр байвал эргэлтийн зөрүүгээс болж эвдэрдэг.
6. Үзлэг оношилгоогоор заавал шалгуулах тулгуур эд ангиуд бий
Хөдөлгүүрийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангах хэрэгтэй. Жишээ нь, хөдөлгүүр хэвийн хэмжээнд ажиллаж байгаа эсэх, моторын тос хэвийн байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Мөн кропны тос, хүч дамжуулах ангийн тос гэх мэт автомашинд үзлэг оношилгоогоор заавал шалгах ёстой тулгуур эд ангиуд байдаг. Мөн хол замд явахад наклад дуусаад тормоз барихаа болих гэх мэт асуудал үүсдэг.
Автомашины үзлэг оношилгоог хийлгээрэй гэж хэлээд байгаагийн шалтгаан нь үзлэгээр муу эд ангиуд гарч ирвэл солих, засуулах, магадгүй 1000 км-ын аялалд аюулгүй байдлыг хангаад яваад ирэх хэмжээнд байна уу гэдгийг мэдэх ёстой.
Мөн машинд суугаад хөдөлгөөнд оролцоод явахад хэвийн бус дуу чимээ сонсогдох гэх мэт сонсох, харах мэдрэмжид хэвийн бус зүйл мэдрэгддэг. Тийм тохиолдол гарвал машинаа заавал шалгах хэрэгтэй.
Жолооч нар аль болох нарийвчилсан үзлэг оношилгоог мэргэжлийн хүмүүсээр хийлгүүлээд замд гарвал аюулгүй байдлаа хангаж, сэтгэл амар аяллаа дуусгаад ирэх үндэс болдог.
Түүнчлэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээ чандлан баримталж, аюулгүй байдлаа хангаад яваарай.
- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх