ОХИДЫН СЭДЭВ: Сар бүрийн "найз чинь" ирсэн үед ямар дэглэм сахих вэ?


Сондор | YOLO.MN
2016-05-21

Чингэлтэй дүүргийн “Өсвөр үеийн эрүүл мэндийн төв” болон YOLO.mn хамтран өсвөр үеийнхний эрүүл мэндийн
талаар цуврал мэдээллийг бэлтгэн хүргэж байна

Өмнөх зөвлөгөө бүхий нийтлэлийг ЭНД дарж хүлээн авна уу. wink

Биеийн юм ирсэн үед ямар дэглэм сахих вэ?
Биеийн юм ирсэн өдрүүдэд өдөр тутмын амьдралын дэглэмээ хэвийн үргэлжлүүлнэ. Харин өөрт тохирсон ариун цэврийн хэрэглэлийг заавал хэрэглэж  хэвших ба өдөрт хэд хэдэн удаа сольж байх шаардлагатай.

Биеийн юм ирэхэд өвдөх нь хэвийн үү?
Биеийн юм ирэх нь  өвчин биш учраас ямар нэгэн зовиур гарах ёсгүй. Мөн зарим охидод сарын тэмдэг ирэхийн  өмнөх өдрүүдэд ууц нуруугаар бага зэрэг хөших, чилэх, хөх болон хэвлийгээр үл ялиг хөндүүрлэх зовиур гарах боловч биений юм дууссаны дараа зүгээр болдог. Харин үүнээс илүү зовиур шаналгаа гарвал мэргэжлийн эмчид хандаж болно.

Хувийн болон бэлгийн эрүүл ахуйг хэрхэн сахих вэ?
12-13 орчим насанд суганы хөлсний булчирхайн үйл ажиллагаа идэвхижсэнээр биеэр ялангуяа нүүр, хүзүү, цээж, нуруун дээгүүр батга гарна. Арьсаа нянгийн эсрэг савангаар сайн цэвэрлэ, батгыг бүү шах, шахвал улам дордоно. Хэрвээ ингээд ч дээрдэхгүй бол эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Хүн бүр дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл хөдлөх, уурлаж уцаарлах үедээ хөлөрдөг боловч зарим хүний хөлс илүү их гардаг. Цэвэр хөлсөнд ямар нэг үнэр байдаггүй, харин хэд хоногийн дараа үнэртэй болдог иймээс өдөр бүр усанд орох нь чухал.

Өндгөвчний дааврын нөлөөгөөр үтрээнээс сүүн цагаан өнгийн ялгадас гардаг бөгөөд энэ нь эрүүл эмэгтэйн шинж харин өнгө үнэр нь өөрчлөгдөөд чамд ямар нэгэн таагүй байдал үүсгэвэл мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь зөв. Бэлэг эрхтнийг цэвэр байлгахын тулд зөвхөн гадна хэсгийг /бэлгийн их бага уруул, умдаг, цавь, хошного/ урдаас хойшоо чиглэлтэйгээр угааж, хуурай цэвэрхэн байлгаарай. Мөн нилонон дотуу хувцас харшил үүсгэх, загатнуулахаас гадна нян үржүүлэх нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс цэвэр даавуун дотуур хувцсыг өмсөж байгаарай. Дотуур хувцсыг өдөр бүр солих нь тохиромжтой юм.

Угаалгыг хэр давтамжтай хийх вэ?
Хүндээр бие засаад арчихдаа үтрээнд нян тараахгүй үүднээс урдаас хойш нь  арчиж хэвшээрэй. Угаалгыг өдөр бүр тогтмол хийж хэвших нь чухал. Гэхдээ  угаалгыг хийхдээ саван хэрэглэхгүй бөгөөд зөвхөн сарын тэмдэг ирсэн үед болон усанд орох үедээ эмэгтэй хүний зориулалтын саван хэрэглэж болно. Дотуур хувцас нь хэт бариу биш, даавуун материалтай байх нь эрүүл ахуйн хувьд тохиромжтой.

Ариун цэврийн хэрэглэлийг хэр давтамжтайгаар солих вэ?
Ариун цэврийн хэрэгсэл нь өдөр  тутмын, биений юмны өдрүүдийн өдрийн, шөнийн дотуур өмдөнд наадаг, үтрээнд байрлуулдаг /тампон/ зэрэг олон  төрөл сонголттой. Ариун  цэврийн  хэрэглэл нь нэг  тал нь ус нэвтэрдэггүй, зөөлөн  даавуун  живх юм. Сарын тэмдгийн ирсэн  хугацаа хэдий хэмжээний  цус гарч байгаагаас  шалтгаалж  ариун цэврийн хэрэгслийн зузаан нимгэнийг тохируулна. Ариун цэврийн хэрэглэлийг хөдөлгөөнгүй, зөв байрлуулах нь үрэлт холголт үүсэхээс  сэргийлнэ. Мөн хэрэглэлийг 2-4 цаг  тутамд  солих нь тохиромжтой  бөгөөд бохирдсон байдлаас шалтгаалан гадна бэлэг эрхтэнг өдөрт  хэд хэдэн удаа угааж болно. Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ шинээр задалж байгаа хэрэглэлийнхээ гялгар цаасанд ороон хийх эсвэл ариун цэврийн цаас зэрэгт сайтан ороон боож хаяж байгаарай.

Ямар төрлийн хүнс нэмэлтээр хэрэглэвэл тохиромжтой вэ?
Сар бүрийн "найз" ирэхэд тодорхой хэмжээгээр цус багадалт илэрч толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч болно. Тиймээс төмрийн агууламжтай (төмөр нь цусыг төлжүүдэг) хүнсний бүтээгдэхүүнийг энэ үедээ нэмэлтээр идвэл тохиромжтой юм. Төмрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүнд: улаан лооль (улаан лоолийн шүүс), хонины элэг, наранцэцэгийн үр, гадил, үзэм, хатаасан чангаанз, шоколад зэрэг багтдаг учир эдгээрийг түлхүү хэрэглээрэй. wink

Үргэлжлэл бий...

#Girls #Health #Teenagers