Alexa үхэгсдийн хоолойг дуурайдаг болно


Хасбаатар | YOLO.MN
2022-06-27

Бүх зүйл ухаалаг руу шилжиж, хурууны өндгөөрөө эсвэл дуу хоолойгоороо гэрээ удирдах боломжтой болсныг дагаад хиймэл оюун ухаан болон дижитал туслахуудын хэрэглээ эрс өссөн. Тэдний нэгэн томоохон төлөөлөгч нь Amazon компанийн Alexa юм. Дуртай дууг чинь тоглуулахаас эхлээд гэрийн чинь цахилгаан хэрэгслүүдтэй холбогдож төрөл бүрийн даалгаврыг гүйцэтгэж чаддаг энэ бяцхан хар төхөөрөмж хүний амьдралд тав тухын цоо шинэ түвшнийг авчирсан билээ. Гэхдээ одоо энэ бүхэн өөрчлөгдөх үү? 

Alexa-ийн ахлах хөгжүүлэгчдийн нэг саяхан нэгэн гайхширмаар мэдэгдэл хийсэн нь бүх дэлхийг цочроолоо. Түүний хэлснээр Alexa болон эзэн хэрэглэгчийн хоорондын харилцааг илүү дотно болгож, илүү хүн төст байдлыг бүтээх нь тэдний дараагийн зорилго аж. Ингэхийн тулд Alexa хэрэглэгчийн ойр дотнын хүний хоолойг дуурайж чаддаг болох гэнэ – бурхан болоочдыг ч бас. 

Хэдий нас барсан нэгний хоолойг дахин бүтээх боломжийг олгож буйгаа “гашуудлыг хөнгөвчилж, дурсгалыг нь хадгалахад тусална” хэмээн тайлбарлаж байгаа ч яг үнэндээ бурхан болоочийнхоо хоолойг өдөр тутам дижитал туслахаасаа сонсохыг хүсэх хүн хэд байх бол? Ялангуяа асуултад чинь хариулж, харилцан ярилцах эвгүй биш гэж үү? Зөвхөн ярилцаад ч зогсохгүй “Alexa, гэрлээ унтраа” гэж хэлэх бүрд чинь талийгчийн хоолойгоор хариу хэлнэ гээд бодоод үз.

Харилцан ярилцах чадвартай хиймэл оюун ухаан бүтээхийн тулд олон мянган цагийн маш сайн чанартай дуу бичлэг шаардлагатай. Харин энэ их өгөгдлийг хэрхэн хэдхэн минутын чанар муутай бичлэг, утасны дуудлага зэргээс цуглуулж – хувиргах гэж байгаа нь сонирхол татаж байна. 

#Мэдээ