YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна..
АСУУДАЛ: ЭЕШ-даа унаад юу ч үгүй, ирээдүйгүй, ажилгүй, арчаагүй нэгэн болох юм шиг санагддаг.
Сайн байна уу? Би одоо 17 настай эмэгтэй, төгсөх ангийн сурагч. Удахгүй ЭЕШ болох гэж байгаа болохоор маш их айж сандарч байна. Шалгалтын дүн жаахан буураад ирэхээр л ЭЕШ-даа унаад юу ч үгүй, ирээдүйгүй, ажилгүй, арчаагүй нэгэн болох юм шиг санагддаг. Тэгээд “Уначихвал яаж эцэг эхийнхээ царайг харна аа, бүтэн жилийн турш намайг бэлдсэн багш нартаа юу гэж хэлэх вэ” гэж их боддог болсон. Аль чадах хэмжээгээрээ хичээж байгаа ч хангалттай санагдахгүй байгаа учраас сүүлийн сар унтах цагаа багасгаж өдөрт дөрвөн цаг унтдаг болсон. Зургаан сар гараад 2 өдөр унтаж чадаагүй. Унтах гэхээр л толгойд “Шалгалтандаа унана, тэгээд л бүх юм дуусаа, амьдрах хэрэг байгаа ч юм уу, ганц ЭЕШ даваад гарж чадахгүй юм чинь цаашид яах юм, уначихвал зүгээр л үхчих” гэж өөрөө өөртөө хэлдэг болсон. Найзууд, аав ээж багш нар “Чадна, унахгүй” гэж сэтгэлийн дэм өгсөн ч би үргэлжлүүлээд л “Уначихвал яах юм бэ” гэж бодсоор л байна. Аль болох эерэг талаас нь харах гэж хичээж байгаа ч надад тэр эерэг тал нь харагдахгүй байна. “Яаж сэтгэлээ өргөж эерэгээр харах вэ” гэж боддог ч хариулт нь надад олдохгүй байгаа учраас таниас хариултаа олно гэж найдаж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Стрессдсэн үедээ ус сайн уух, дасгал хөдөлгөөн хийж стрессийн дааврыг биеэс гадагшлуулахыг хичээгээрэй.
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Захиаг уншиж байхад өөрийгөө бодлын алдаагаар дүүргэж байгаа мэт санагдлаа. Энэхүү бодол бий болгоход эргэн тойрны хүмүүс нөлөөлж байгаа юу? Дэмждэг хүмүүсээс гадна сөрөг түгшүүрт бодол бий болгоход хэн нэгний үг? Санаа зовнил? Нөлөөлж байгаа юу. Үүнийг нэг бодоорой. Хэрэв захидал дээр дурдсан бодлуудыг үүсгэхэд нөлөөлсөн хүн байгаа бол шалгалт дуусах хүртэл тэр хүнээс зайгаа барихыг хичээгээрэй.
Нөгөө талаас стресс бий болж байна гэдэг нь чи шалгалтдаа анхаарч, ач холбогдол өгч байгаагийн илрэл. Стресс нь биднийг идэвхжүүлдэг ашигтай талтай гэдгийг санах хэрэгтэй. Анхаарал хандуулсан л бол үр шим нь тийм ч муу байхгүй болов уу. Стресс бий болох үед шалгалтдаа бэлдээд хичээлээ уншиж байгаа юу? Эсвэл үйлдэл хийхгүй олон зүйл ургуулаад бодоод суугаад байгаа юу? Стрессдсэн үед стрессээ бууруулах үйлдлүүд хийх нь чухал. Ямар нэгэн үйлдэл хийхгүй бол стресс нь санаа зовнил, урт хугацааны түгшүүр болон хувирдаг. Тиймээс стрессдсэн үедээ ус сайн уух, дасгал хөдөлгөөн хийж стрессийн дааврыг биеэс гадагшлуулах хэрэгтэй бөгөөд төлөвлөгөөний дагуу бага багаар шалгалтдаа бэлдээрэй. Шалгалтдаа бэлдэх явцдаа өөртөө 10-15 минутын амралт өгөх мөн их чухал шүү. Мөн шалгалтын үр дүнд биш өөрийнхөө шалгалтад бэлдэж буй явцдаа анхаарал хандуулахыг хичээгээрэй. Хичээж байгаа нь хамгийн чухал хэсэг юм шүү. Шалгалтын хариу бол дараагийн асуудал гэж өөртөө хэлж одоо цагтаа төвлөрөөрэй. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Би түүнд сайн, гэхдээ...
Сайн байна уу? Сүүлийн хэд хоног надад үнэхээр хэцүү байгаа юм л даа. Үнэхээр их бодож байгаад сайн найздаа ч хэлээгүй зүйлсээ бичихээр шийдлээ. Би 14 настай 8 дугаар ангийн сурагч. Өсвөр насныхаа дурлалтай учирсан энгийн л нэгэн охин. 2022 оны хоёдугаар сараас эхлээд ангиуд хоёр хуваагдаж хичээллэхээ болиод 50 гаруй хүүхэдтэй ахин нэг ангид суралцахаар болсон. 2 дугаар сарын сүүлээс эхлээд ангийнхаа нэг эрэгтэй хүүхдийг шохоорхоод байгаагаа ойлгосон. Хайр гэдэг амар зүйл биш гэж бодоод 5 дугаар сарыг хүртэл үнэхээр их бодсон. Тэр хугацаанд гэрийнхэний дарамт шахалтаас болоод сэтгэцийн өвчтэй болсон. Өөрөө хийсэн хэр нь санахгүй хэзээ ч хийдэггүй зүйлсээ хийгээд л... Тэрнээсээ болоод өөрийнхөө хэзээ ч сайн байгаагүй хүүхэдтэй үерхчихсэн байсан. Түүнийгээ мэдээд алдаагаа яаж ийгээд залруулсан ч ангийн хүүхдүүд миний тухай мэдэхгүй болохоор намайг муу хүүхэд гээд ярих болсон байна лээ. “Заа, тэр ч яахав би өөрөө үнэнээ мэдэж байгаа юм чинь” гээд орхисон. Бас миний сrush яг юу болсныг ирж асуусан. Тэрнээс өөр болсон явдлыг мэдэх хүн байхгүй. Тэгээд тэр хүүхдэд үнэхээр л сайн болсноо ойлгоод найзууддаа хэлсэн. Нэг өдөр би найзуудтайгаа нийлээд охид хөвгүүд тоглож байгаад crush-аа 15 секунд тэврэх шийтгэл авсан. Өөр охидуудыг тэврэхэд зүгээр л номхон зогссон хэр нь намайг тэврэхэд өөрлүүгээ чанга татаад эрүүгээ мөрөн дээр минь тавиад тэвэрсэн. Дэндүү жаргалтай байсан. Бас хэзээ ч тавихыг хүсээгүй. Хэзээ ч, хэнээс ч тийм мэдрэмж авч байгаагүй. Арай өөр байснаас болоод ч юм уу, миний сэтгэлийн мухарт итгэл найдвар төрөх болсон. Саяхан нэг охинтой илүү дотно харилцаад байгааг нь анзаарсан. Тэр охин нь миний сайн хүүхдэд дурласан. Гуйвал шууд үерхэнэ гэсэн. Тэрийг нь сонссоноос хойш би нэг л хачин болчихсон. Бүр уйлсан гээч. Гэхдээ хэзээ ч тийм мэдрэмжийг авч уйлж үзээгүй. Дотор нэг л эвгүй бадаг юм байна лээ. Харамлаад ч байх шиг. Тэр өдрөөс хойш хэнтэй ч ярилцмааргүй, хамт байхыг хүсдэггүй болчихсон. Ирээд хажууд суусан эсвэл яриа өдсөн хүн рүү “зайлаач дээ” гээд орилчихмоор. Сайн найз маань миний сэтгэлийг хамгийн сайн мэдэж байгаа хүн хэр нь нөгөө охиныг миний сайн хүүхэдтэй нийлүүлэх гээд ардуур намайг муулж явсныг нь би ганцхан хоногийн өмнө мэдсэн. Үнэхээр хэцүү байна. Гэрийнхэнтэйгээ тийм ч дотно биш болохоор... Өөрийгөө яагаад ийм болж байгааг, яагаад ийм үйлдэл гаргаж байгаагаа үнэхээр мэдэхгүй байна. Би яах ёстой юм бол? Надад туслаач.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө зөвөөр илэрхийлэхгүй бол бусад хүн өөрийн чинь бодлыг уншиж чадахгүй.
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Тэр хөвгүүнд сайн гэдгээ бүрэн илэрхийлээгүй юм шиг санагдлаа. Өөрийн юу мэдэрч, юу бодож байгаагаа түүнд илэрхийлээгүй учраас одоогийн харилцаа тодорхойгүй байна гэж ойлголоо. Өөрийн сэтгэлийг илчлэх бодол байгаа юу? Үүнд бэлэн үү? Сэтгэлээ илчиллээ гэхэд үргэлж ТИЙМ гэсэн хариу авахгүй бөгөөд ҮГҮЙ гэсэн хариу ч авч магадгүй. Хэрэв үүнд бэлэн биш бол тухайн хүнийг өөр хүнтэй байхыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүнд ч сонголт хийх эрх бий шүү дээ. Бид хэн нэгний сэтгэлийг хүчлэх боломжгүй гэдгийг чи мэдэж байгаа. Өөрийгөө зөвөөр илэрхийлэхгүй бол бусад хүн өөрийн чинь бодлыг уншиж чадахгүй юм шүү. Өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулж, өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй. Мөн ямар нэгэн зүйлд хариу өгөхөөсөө өмнө сайн бодож байгаарай. Өнгөрсөнд бий болсон харилцаа бүрээс өөрийн давуу болон сул талыг олж харах боломжтой. Үүн дээрээ суурилж харилцааны аль чадварыг хөгжүүлэх ёстойг анзаарч болдог тул өнгөрсөнд гаргасан бүхий л шийдвэрээ үгүйсгэх хэрэггүй юм шүү.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Салсан ч мартаж чадахгүй, тэр хүн маань бодогдоод зүрх зүсэгдэх шиг, үнэхээр хэцүү байна.
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд Би нэг залууд сайн болж үерхээд 3 сар болоод саяхан салсан юм л даа. Ер нь үерхэж байхдаа олон салж нийлдэг байсан. Тэр нь надад үнэхээр хэцүү санагддаг. Дандаа хардалт сэрдэлт, үл ойлголцлоос болж мууддаг байсан. Тэгсэн хэр нь тун удалгүй нийлчихдэг. Үерхэж байх хугацаанд би түүнээс ямар ч хайр халамж мэдэрдэггүй байлаа. Надад үнэхээр хэцүү байдаг байсан болохоор заримдаа тойруулаад хэлчихдэг байсан ч ойлгоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг санагддаг байлаа. Би яахаа мэдэхгүй заримдаа гомдоод ууралчихдаг байсан. Тэгсэн ч ойлгохгүй зүгээр л надад амаараа хайртай л гэж хэлдэг, үйлдлээрээ ганц ч харуулж байгаагүй. Заримдаа бодох шиг. “Би л ганцаараа тэр хүнд сайн юм байна дөө” гэж. Салсан ч мартаж чадахгүй, тэр хүн маань бодогдоод зүрх зүсэгдэх шиг, үнэхээр хэцүү байна. Би яах ёстой юм бол? Надад хэлээд өгөөч.
ЗӨВЛӨГӨӨ: Нэг харилцаа дуусах нь дараагийн шинэ харилцаа бий болох эхлэл гэдгийг санаарай.
Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Тэр хөвгүүнээс салсан боловч мартаж чадахгүй, хэцүү байгаа гэж ойлголоо. Харилцаанд өөрийн мэдрэмжийг илэрхийлэх болон энэ харилцаанаас юу хүлээж байгаагаа хэлэх нь их чухал. Түүнээс хүлээж буй халамж, анхаарлыг ингэж төсөөлж байгаа шүү гэсэн тодорхой зүйлийг тойруу замаар биш шууд хэлдэг байх хэрэгтэй. Захидал дээр дурдсан зүйлсээ түүнд тойруу замаар хэлсэн учраас тухайн хүн ойлгоход хүндрэл үүссэн болов уу. Хайрлаж байсан нэгнээ шууд мартах мэдээж боломжгүй. Тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Мөн шалтгаантай байсан болохоор энэхүү харилцаа дууссан болов уу. Энэ харилцаа чамд үнэ цэнтэй байсан учраас мартахад хэцүү байна уу? Эсвэл дассан учраас мартахад хэцүү байна уу? Хамтдаа байгаа боловч ганцаардсан мэдрэмжтэй байх нь эрүүл харилцаа мөн үү? Дээрх асуултуудад хариулаарай. Нэг харилцаа дуусах нь дараагийн шинэ харилцаа бий болох эхлэл нь юм шүү.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Би аливааг маш их ургуулж боддог. Үүнээсээ болж хүмүүстэй дотно харилцаа үүсгэж чаддаггүй.
Сайн байна уу? Би өөрт тулгарч байгаа асуудал болон мэдрэмжүүдээ бичихийг хүслээ. Би 22 настай эмэгтэй, бага наснаасаа л юмыг хэт гүнзгий, муу, аюултайгаар хардаг, маш их зүйлсийг боддог байлаа. Жишээлбэл өнөөдөр бороо орлоо гэхэд бороо орвол аюултай байж болох бүх зүйлсийн талаар, бороонд болгоомжгүй явбал хэрхэн үхэж болох талаар бүхнийг ургуулан боддог. Заримдаа нэг зүйлээ ургуулан бодох, зовних байдал маань хэдэн долоо хоног, сараар үргэлжилнэ. Заримдаа зүүдлэх, зүүднээсээ болж сэрэх, нойргүйдэх үе ч тулгардаг.
Шинэ зүйлс хийх, шинэ хүрээлэлд орох өөрийгөө танилцуулах, бусадтай нийлж шийдвэр гаргах, хийж чаддаг сайн зүйл дээрээ алдаа гаргах үед толгойнд хоорондоо ямар ч авцалдаагүй маш олон бодлууд хөвөрч эхэлнэ. Ингэж ургуулан бодож байх үедээ орчин тойрноосоо тасарч жижиг чимээ гарах төдийд л цочдог. Бас аюултай, түгшүүртэй зүйл болоогүй байхад салганах, гараа сэгсчих, эрхий хураагаа атгах, гараа хумслах, амьсгаа өөрийн эрхгүй давхцах үйлдлүүдийг хийж эхэлдэг. Эхэндээ энэ нь зүгээр би алдаа гаргахаас сэргийлж байгаа учраас ийм их зүйлсийг бодож, эргэцүүлэх, эсвэл сандарсан учир ингэж байна гэж боддог байсан ч том болох тусам надад хүндрэлтэй санагдаж би өдөр тутамд болдог сайхан зүйл, ямар нэгэн баяраас аз жаргалтай, сайхан мэдрэмжийг авч чадахаа больсон.
Хүмүүс надад "Чи юмыг хэт бодох юм, өөртөө итгэлгүй, чи яг сэтгэцийн өвчтэй, чи ямар нэг зүйлээс хэтэрхий сэрэмжлэх юмаа, чиний энэ байдал яршигтай" гэх мэтээр хэлдэг. Ингэж хэлдэгээс нь айгаад танихгүй, эсвэл шинээр хамт олон болж байгаа хүмүүстэй нээлттэй өөрийгөө ойлгуулж чаддаггүй. “Намайг юу гэж бодох бол, яах бол, дахиад л нөгөө хэлдэг үгнүүдээ хэлэх болов уу” гээд үргэлж чимээгүй байдаг. Миний толгойнд байнга ямар нэг зүйл эргэлдэж тэрэндээ ядардаг. Энэ бүхний талаар нэлээн судалж үзээд "улигт бодлын эмгэг" гэж байдаг талаар мэдсэн. Гэхдээ өөрийгөө тийм эмгэгтэй байх гэж баталж чадаагүй.
Хүмүүс ихэвчлэн миний яриа, үйлдлийг хараад "Чи яг сэтгэцийн өвчтэй" гэж хэлдэг. Тийм учраас тэгж хэлүүлсэнийхээ дараа дахиж тухайн үед хэлсэн үг, хийсэн үйлдлээ олны өмнө хийдэггүй. Энэ бас л намайг өөр хүн шиг байлгах нэг зүйл болдог. Олны дунд нэг өөр, ганцаараа байхдаа нэг өөр байдаг. Харилцаж байгаа хүндээ эвгүй сэтгэгдэл үлдээвэл түүнийгээ тухайн хүнд зүгээр эсэхийг мэдэх хүртлээ тайван байж чаддаггүй.
Энэ бүхнийг эрүүлээр, өөртөө сайнаар даван туулах гэж олон юм хийдэг ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Би хоёр ч удаа сэтгэл зүйчтэй ярилцаж үзсэн. Гэхдээ хэзээ ч өөрт болж байгаа зүйлсийг бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй. Ярьж байх үедээ өөрийн асуудлуудаа нуугаад байсан. Тийм учраас ингээд бичиж үзэхээр шийдлээ.
ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл зүйчтэй тогтмол уулзаж түүнд өөрийгөө нээж, ойлгуулаарай.
Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Асуудалдаа анхаарал хандуулж үйлдэл хийж сэтгэл зүйчид хандсан нь сайн байна. Сэтгэл зүйн зөвлөгөөнд сэтгэл зүйчтэй итгэж нээлттэй байна гэдэг хамгийн чухал. Уулзсан хоёр сэтгэл зүйчдээ итгэсэн үү? Итгэх гэж хичээсэн үү? Сэтгэл зүйн зөвлөгөөнд 2-3 удаа хамрагдаад шууд үр дүн гарна гэсэн үг биш. Сэтгэл гэдэг яг бие махбодтой ижил. Удаан хугацаанд эмчилгээ аваагүй үед түргэн хугацаанд эмчлэх, сорвигүй болгох хэцүүтэй адил бага наснаас үргэлжилсэн сэтгэл зүйн асуудлыг 2 удаагийн сэтгэл зүйн зөвлөгөөний уулзалтаар гаргаж ирээд, асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Мөн дор хаяж эхний 2 уулзалт бол итгэлцэл тогтоох, мэдрэмжээ нээх үе шат юм. Хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүнг хурдан гэж хүлээх тохиолдол бий. Гэвч энэ маш өрөөсгөл ойлголт. Дунджаар 6-7 удаагийн сэтгэл зүйн зөвлөгөөнөөс үр дүн гарч эхэлдэг. Тиймээс сэтгэл зүйч дээрээ дахин цаг аваад уулзалтаа үргэлжлүүлээрэй гэж зөвлөмөөр байна. Нөгөө талаас танд тохирох сэтгэл зүйч гэж бий. Өөр сэтгэл зүйчтэй уулзсан ч болно. Гэхдээ гол нь сэтгэл зүйчтэй итгэх, нээлттэй байх, тууштай зөвлөгөөндөө хамрагдах чухал юм шүү. Сэтгэл зүйчийн гол ёс зүйн дүрэм бол нууцыг хадгалах юм. Мөн сэтгэл зүйч таны өмнөөс шийдвэр гаргахгүй, таныг загнахгүй, шүүмжлэхгүй, буруутгахгүй таныг байгаагаар нь буюу бодитоор хүлээн авч таныг чиглүүлдэг. Сэтгэл зүйн уулзалтаас зугтаагаад байгаа шалтгаан чинь юу вэ? Өөрийн бодит мэдрэмжтэй нүүр тулахаас эмээгээд зугтаад байна уу? Эсвэл сэтгэл зүйчдээ итгэж чадахгүй байна уу? Өөр шалтгаан бий юу? Итгэж, нээлттэй байхыг хичээж, тууштай байж сэтгэл зүйн зөвлөгөөндөө үргэлжлүүлж хамрагдаарай.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Идээд л бөөлжчихдөг. Үүнийгээ больж чадахгүй байна.
Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Г гэдэг, би 16 настай эмэгтэй. Миний асуудал бол би өөрийнхөө биенд тийм ч сэтгэл хангалуун биш. Гэхдээ бас их үзэн ядаад байдаггүй л дээ. Би ер нь 13 настайгаасаа л их турах хүсэлтэй болсон. Тэгээд 13 14 настайгаасаа эхлээд их ч турах гэж үзсэн. YouTube-ээс янз янзын турах бичлэг үзэж, их ч оролдсон. Дасгал их хийж, дэглэм барьсан ч бүтээгүй. Тэгээд сүүлдээ их идэхээ больсон, бас идэхдээ дандаа л kcal бодно. Идсэний дараа “Яагаад идчихэв дээ” гэж дандаа бодно. Энэ бүхэн бараг хэвшил болчихсон байсан. Тэгээд “Ер нь больё” гэж хэсэг байж байгаад сүүлд бас л биендээ сэтгэл ханамжгүй болоод, буцаад л нөгөө байдалдаа оччихсон. Тэгээд бага идэж, дасгал хийх болсон. Гэвч нэг өдөр их идээд бөөлжчихсөн. Тэгээд тэрнээс хойш жоохон эсвэл их идсэн ч бай хүчээр бөөлжих болсон. Ингээд бараг 1 сар гаруй боллоо. Тэгээд интернет дээр энэ талаар судалж үзсэн чинь үүнийг bulima nervaso гэдэг өвчин болохыг мэдсэн. Мөн үүнээс болоод үхэх ч магадлалтай, олон сөрөг дагавартайг мэдсэн. Гэхдээ үүнийг нь мэдсээр байж би больж чадахгүй байна. Жоохон идээд цадах мэдрэмж авахаар л бөөлжих гээд, бас цадах мэдрэмж сэтгэл их тавгүй болгодог болчихсон. Бас нэг мэдэхэд л нойлын өрөөндөө ороод бөөлжчихсөн байдаг. Ойрд үүнээс болоод дандаа л ядарсан мэдрэмж аваад, хааяа хааяа жоохон хуурай ханиагаад байдаг болсон. Мөн их жин хассан. Гол асуудал нь би үүнийгээ больж чадахгүйд байна...
Интернет дээр дандаа л эмчид хандах эсвэл дотны хүмүүстэйгээ ярилц гэсэн байдаг ч ойр дотнын хүмүүс маань үүнийг мэдэхгүй, бас хэлвэл үүнийг их буруугаар ойлгохыг нь сайн мэднэ. Бас эмч дээр очих ямар ч боломжгүй. Би яг яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй болсон байна.
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хоол идэх бол хүний суурь хэрэгцээ. Бид хоол хүнсээрээ өдрийг даван туулах шим тэжээл, эрч хүчийг олж авдаг. Захидалд идсэн зүйлсийнхээ каллорыг хэмждэг гэсэн байна. Сургуулийн насны эрэгтэй хүүхэд 2500 ккал, эмэгтэй хүүхэд 2200 ккал, өдөрт авах шаардлагатай. Өөрийн чинь идэж байгаа хүнс дээрх ккал хүрж чадаж байгаа юу? Хооллолтын талаар хоол зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн гэрийнхэндээ хэлэх шаардлагатай. Ойлгохгүй, загнах вий гэж айж байгааг нь ойлгож байна. Бие дааж шийдэх боломжгүй асуудал гэж бий. Энэ тохиолдолд гэрийнхэндээ хэлж мэргэжилтэнд хандах шаардлагатай. Өөрийн нөхцөл байдлыг гэрийнхэндээ хэлж ойлгуулаарай. Чамд тулгараад байгаа асуудалд сэтгэл зүйн зөвлөгөө мөн эмч, хоол зүйч буюу мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авах шаардлагатай байна гэдгийг дахин хэлмээр байна. Тиймээс өөрийн нөхцөл байдлыг нуух биш хэлэх хэрэгтэй. Хэрэв хэлэх хэцүү байгаа бол энэхүү бичсэн захидал болон захидлын хариуг гэрийнхэндээ уншуулаарай. Удаан хугацааны турш энэ асуудлаа шийдэхгүй явах юм бол ирээдүйд сэтгэл зүйн болон бие махбодын олон сөрөг үр дагавартай гэдгийг чи өөрөө уншиж мэдээлэл авсан байна шүү дээ. Одоо л арга хэмжээ авахгүй бол хүндэрч одоо чиний бие, сэтгэл зүйд илэрч байгаа асуудлууд бүр ч хэцүү болох магадлалтай. Болъё гээд чадахгүй байгаа нь чиний буруу биш. Өөрөө хичээгээд ч больж зогсож чадахгүй байна гэдэг мэргэжлийн хүний тусламж хэрэгтэй гэдгийг илэрхийлж байгаа юм шүү. Гэрийнхэн нь энэ захиаг уншиж байгаа бол хүүхдээ загнаж, зэмлэх биш хүүхдэдээ туслах хамгийн чухал нэгэн нь та юм шүү гэдгийг ойлгож хүүхдэдээ хэрэгтэй байгаа мэргэжилтэнд хандаарай.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх