Захидал: Найз ч үгүй, найз банди ч байхгүй, эцэг эхтэйгээ ч өмнөх шигээ харилцаж чадахгүй болчихлоо. Сүүлдээ үхдэг ч юм уу гэж бодож байна.


ССҮТөв | YOLO.MN
2022-06-03

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найз ч үгүй, найз банди ч байхгүй, эцэг эхтэйгээ ч өмнөх шигээ харилцаж чадахгүй болчихлоо. Сүүлдээ үхдэг ч юм уу гэж бодож байна.

Сайн байна уу? Би одоо 16 настай 10 дугаар ангийн сурагч. Сүүлийн өдрүүдэд миний амьдрал илт уруудах боллоо. Хамгийн их хайрлаж байсан найз бандидаа хаягдаад анх удаа ууж үзсэн юм. Гэтэл ээж аав олж мэдчихээд надад үнэхээр их уурласан, тэгээд зун явуулах гэж байсан зусланд явуулахааргүй болсон. Одоо би найз ч үгүй, найз банди ч байхгүй, эцэг эхтэйгээ ч өмнөх шигээ харилцаж чадахгүй, сүүлдээ үхдэг ч юм уу гэж бодсон. Тэгээд байрны дээвэр дээр удаан суусан ч аав надад чиний оршуулгийн мөнгийг төлж чадахгүй гэж хэлсэн нь бодогдоод үнэхээр үсэрч чадсангүй ээ. Би яавал дээр вэ? Эцэг эхтэйгээ өмнөх шигээ харилцахад минь туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрт чинь гунигтай мэдрэмж төрсөн л бол үүнийгээ хүлээн зөвшөөрөөрэй. Бодит байдлыг үгүйсгэх нь өөрт чинь хэцүү.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Салалтыг даван туулах хэцүү. Хайртай, хайрлаж байсан хүний орон зай хоосордог, өмнө нь хамтдаа  хийдэг байсан зүйлсээ ганцаараа хийх хүртэл хэцүү санагдана. Салалтын дараа хүнд ихээхэн уйтгар, гуниг, бухимдал, гомдол гэх мэт мэдрэмжүүд төрдөг. Хүн өөрт бий болсон мэдрэмжийг ил гаргах, гадагш илэрхийлэх хэрэгцээ шаардлагатай. Бид баярлаж хөөрсөн үедээ эдгээр мэдрэмжүүдээ гадагш илэрхийлдэг шүү дээ. Үүнтэй адил сөрөг сэтгэл хөдлөлөө ч тэр илэрхийлэх хэрэгтэй гэсэн үг.

Архи уусан гэсэн байна. Магадгүй өөрийн таагүй мэдрэмжийг хэрхэн гаргахаа мэдэхгүй ийм үйлдэл хийсэн байж болно. Одоогоор өөрийн мэдрэмжийг зөв илэрхийлж сураагүй бололтой. Хүн болгонд мэдрэмжээ яаж  илэрхийлэхээ мэдэхгүй үе гэж бий. Цаашид өөрийн мэдрэмжийг илэрхийлэх зөв аргатай болоорой.
Салалтын дараа хүмүүс өөрийгөө бусдаас тусгаарлах хандлагатай байдаг. Хэсэг хугацаанд ганцаараа байж болох хэдий ч удаан хугацааны турш өөрийгөө найзуудаасаа гэр бүлээсээ тусгаарлах нь зөв биш шүү. Өөрийн чинь бодол болоод мэдрэмжийг сонсох хүмүүс байвал тэдэнд хандаж байгаарай.

Өөрийн мэдрэмжийг үгүйсгэх хэрэггүй. Тэр хүн өөрт чинь таатай мэдрэмж өгсөн учраас л бухимдаж, гомдож, гуниглаж байгаа.Өөрт чинь гунигтай мэдрэмж төрсөн л бол үүнийгээ хүлээн зөвшөөрөөрэй. Бодит байдлыг үгүйсгэх нь өөрт чинь хэцүү.

Эцэг эхдээ өөрийн салалтын талаар илэрхийлсэн үү? Үнэхээр хэцүү мэдрэмж төрөөд, яаж мэдрэмжээ зохицуулахаа мэдэхгүй байсан тул буруу алхам хийгээд архи уусан талаараа хэлсэн үү? Бодит мэдрэмжээ эцэг эхдээ илэрхийлж чадсан уу? Өөрийгөө илэрхийлж мэдрэмжээ илэрхийлэх зөв аргад суралцана гэдгээ тайлбарлаж ярилцаарай. Энэ үйл явдлаас болж эцэг эхээсээ өөрийгөө тусгаарлахгүй  байхыг хичээгээрэй.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир
 

АСУУДАЛ: Би ээж аавтайгаа маш таагүй харилцаатай. 

Сайн байна уу? Би 16 настай эмэгтэй. Надад байнга тулгардаг нэг асуудал бий. Би ээж аавтайгаа маш таагүй харилцаатай. Учир нь тэд намайг огтхон ч ойлгодоггүй, дандаа л “Би чам шиг байхдаа ингэдэг байсан, тэгдэг байсан. Гэтэл чи, чамд ямар ч сэтгэл алга” гээд л. Яг үнэндээ сэтгэл гэж яг юу байдгийг нь ч би ойлгодоггүй. Сүллийн үед аав маань ажлаасаа тарж ирээд намайг хараад л нүд нь хорсдог бололтой, надруу юм хум чулуудаж харааж зүхдэг болсон. Тэрийг нь бодохоор заримдаа нулимс урсдаг...

Энэ байдлаас зугтаахын тулд би гэрээсээ явах талаар боддог, оролдож ч үзсэн. Гэвч би чадаагүй. Яг одоо яавал дээр вэ гэдгийг би ойлгохгүй юм. 

ЗӨВЛӨГӨӨ:Эцэг эхтэйгээ харилцах харилцаанаас зугтлаа гээд асуудал шийдвэрлэгдэхгүй...

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гэр бүлийнхээ харилцаанаас болж хэцүүхэн байгаа бололтой. Насанд хүрсэн байлаа гээд уур бухимдлаа зөв гаргадаг гэсэн үг биш юм шүү. Хүн ажил дээрх уур бухимдлаа гэртээ гаргадаг сөрөг тал бий. Ажил дээр гаргах мэдрэмжээ гэртээ гаргах нь гэр бүлийн харилцааг таагүй болгодог.  Ажлаас авсан уур бухимдлаа гаргаж байгаа аавын чинь үйлдэл шууд өөртөө чинь хамааралтай биш бөгөөд өөрийн чинь хяналтаас гадуур зүйл.
Өөрийн хянаж болохгүй зүйлийг шийдвэрлэх гэж хичээх  нь хүнийг хэцүү байдалд оруулдаг. Нөгөө талд аав ээжид чинь шийдвэрлэж чадахгүй асуудал байгаа болохоор тэдгээр мэдрэмжээ хэрхэн зөв гаргахаа мэдэхгүй байгаа болов уу. Эцэг эхийн чинь үед хэрхэн мэдрэмжээ гадагш илэрхийлэх талаар тэр бүр нийгэм ярьж байгаагүй шүү дээ.

Мэдээж ингэлээ гээд өөрт чинь гар хүрэх ёстой гэсэн үг биш. Өөр лүү чинь юм шидэх үед, гар хүрэх, хэл амаар доромжлох үед таагүй мэдрэмж авч байгаа талаараа илэрхийлж байгаарай.

Нөгөө талаас хэцүү байсан ч өөрийн зүгээс эцэг эхийгээ ойлгохыг хичээгээрэй. Бас таалагдахгүй зүйл байгаа бол эвээр надад ойлгуулж хэлж болохгүй юу гэдгийг ч мөн эцэг эхдээ хэлээрэй.

Хэрэв эцэг эх чинь өөрийг чинь сонсохгүй бол сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах талаар бодож үзээрэй. Сэтгэл зүйн зөвлөгөөнд орох хүсэлтэй байгаа талаараа эцэг эхдээ ойлгуулж хэлээрэй. Эцэг эхтэйгээ харилцах харилцаанаас зугтлаа гээд асуудал шийдвэрлэгдэхгүй болов уу. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир
 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэл зүй