Захидал:Эмэгтэй хүн сонирхдог гэдэгтээ урам хугарч байна. Хамгийн сайн найздаа сайн болчихсон, бас ээж минь үүнийг минь ойлгодоггүй


ССҮТөв | YOLO.MN
2022-06-02

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Математикийн хичээлдээ улам бүр муудаж байгаа нь миний санааг зовоож байна

Сайн байна уу? Захиа бичиж болно гэхээр нь асуудлаа бичлээ. Өмнө нь би эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм. Эмээ маань математикдаа сайн байсан болохоор надад ч бас ойлгохгүй зүйлсийг минь зааж өгч би математикдаа нэлээн сайжирсан. Дунд сургуульд орохдоо элсэлт өгч математикийн гүнзгий сургалттай сургуульд орлоо. Анх орохдоо өөрийгөө сайн гэж бодож байсан боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ангийнхаа ухаантай хүүхдүүдийн тоонд орж чадахгүйгээ мэдсэн. Тэгээд байж байтал эмээ маань өөд болсон. Араас минь түшиж тулж байсан ганц хүн минь байхгүй болж бага багаар хичээлээ хийх нь багассан. Өмнө нь муу хийсэн ч хамаагүй олимпиадад орж оролддог байсан ч одоо муу авчихвал яах вэ гээд санаа зовоод орж ч чадахгүй юм. Тэгээд математикдаа анхаарал хандуулахгүй байгаа өөртөө дургүй хүрч байна. Яг яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бодлоо чөлөөлж түгшүүр, санаа зовнилоо багасгаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөртөө хэсэг хугацаанд амрах, чөлөө өгөх боломж олгоорой. Хэт түгшүүр, санаа зовнил давамгайлсан үед аливаа зүйлд анхаарал төвлөрөх байдал багасдаг.

Бодлоо чөлөөлөх дасгал ажил хийхийг зөвлөж байна. Өөрт чинь 3 минут байхад л хангалттай. Тайван чимээгүй газрыг сонгоорой. Заавал том өрөөнд ганцаараа байх шаардлагагүй бөгөөд дуу чимээнээс зайтай булан байсан ч болно. 

1 минут. Нүдээ аниад гүнзгий амьсгаа ав. Аюулгүй тайван газар байна гэдгээ өөртөө хэлээрэй.

2 минут. Амьсгаа авч гаргасаар л байгаарай. Аль болох юм бодохгүйг хичээгээрэй.

3 минут. Амьсгалаа гүнзгий аваад гаргана.Өөртөө хэт бодлын ачаалал үүсгэсэн байна. Тайван байдалд шилжсэн тул би хийнэ гэсэн зүйлсээ дэс дараатай хийж чадна гэж өөртөө хэлээрэй. 

Сэтгэл судлалын үндэсний төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир

АСУУДАЛ: Эмэгтэй хүн сонирхдог гэдэгтээ урам хугарч байна. Хамгийн сайн найздаа сайн болчихсон, бас ээж минь үүнийг минь ойлгодоггүй

Сайн байна уу? Би 14 настай. 3 жилийн өмнө өөрийгөө эмэгтэй хүн сонирхдог гэдгээ мэдсэн юмаа. Тэрнээс хойш өөртөө итгэлгүй болж, эмэгтэй хүн сонирхдог гэдэгтээ гутарч, маш их сэтгэлээр унасан. Зүгээр ч нэг эмэгтэй хүн сонирхох биш хамгийн сайн найздаа сайн болчихсон. Уг нь би түүнтэй найзлаад 2 жил гаруй болж байна. Тэрний байгаа байдал нь бусад охидоос илүү онцгой санагддаг учраас өөрийгөө үгүйсгэж байсан. Би яг яах ёстойгоо мэдэхгүй байна түүнд өөрт нь сайн гэдгээ хэлэх ёстой юу? Эсвэл үгүй юм болов уу? 
Бас нэг асуудал байна. Тэр нь миний ээж намайг ойлгодоггүй. Нэгэнт л эмэгтэй хүн сонирхдог гэдгээ мэдчихсэн байхад "Чи тийм байж болохгүй, дахиж ийм юм яриад үзээрэй" гээд миний амыг таглаж орхидог. Би яах ёстой вэ? Ээждээ хэрхэн хэлж ойлгуулах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Бид хэнд дурлаж, хэнд сайн болохоо өөрөө сонгох боломжгүй харин мэдэрдэг

Сайн  байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Эмэгтэй хүн сонирхдог гэдгээ ээждээ ойлгуулмаар байна гэж ойлголоо. Чиний хувьд өөрөө хүлээн зөвшөөрсөн болов уу?Өөрөөсөө асуугаад үзээрэй. Захианд их сэтгэлээр унасан гэж бичсэн байна. Одоо сэтгэл санаа нь ямар байгаа вэ? Чи өөрийнхөө талаар юу гэж бодож, өөрийгөө юу гэж дүгнэж байна вэ? 

Бид хэнд дурлаж, хэнд сайн болохоо өөрөө сонгох боломжгүй харин мэдэрдэг. Судлаачид бэлгийн чиг хандлага нь эхийн хэвлийд байхад нь биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг. Мөн хүн өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох эсвэл өөрчилж чадахгүй гэж үзсэн судалгаа бий. Дээр бичсэнчлэн энэ нь мэдрэмж гэж үзсэн байна. Мөн ээжийнх нь уурлаж чамайг ойлгохгүй байх нь та 2-т хоёуланд нь хэцүү тусаж байгааг ойлгож байна. Ойлгохгүй байх нь ээжийнх нь ч чиний ч буруу биш гэдгийг ойлгоорой. Тийм болохоор захианд дурдагдсан зүйлээ ээжтэйгээ дахин ярилцаж үзэхийг хичээгээрэй. Мэдээж нэг удаа ярилцаад л ойлголцоно гэдэг хэцүү. Маш олон удаагийн оролдлого хэрэгтэй. Ээжтэйгээ ярилцахаас өмнө эхлээд өөртэйгөө ярилцаж өөрийгөө бүрэн таньж ойлгох хэрэгтэй юм шүү. Мөн сайн охиндоо сэтгэлээ илчлэх эсэх нь чиний сонголт. Харин эрсдэлээ сайн тооцох хэрэгтэй. Хэрвээ тэр охин үгүй гэвэл түүний шийдвэрийг хүндэтгээрэй. 

Сэтгэл судлалын үндэсний төв 
Туслах сэтгэл судлаач А.Норовбадам

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэл зүй