Нисгэгч нь ухаан алдсан тул онгоц жолоодох тухай ямар ч мэдлэггүй зорчигч онгоцыг газардуулжээ


YOLO.mn | YOLO.MN
2022-05-13

Нисгэгч нь ухаан алдсаны улмаас онгоц жолоодох талаар ямар ч ойлголтгүй байсан нэгэн зорчигч дан хөдөлгүүрт хөнгөн онгоцыг диспетчерийн заавраар газардуулж чаджээ. Энэ явдал мягмар гарагийн орой Америкийн Флорида мужид болжээ.

Нисэх онгоцны буудлын ажилчдын хэн нь ч баатар эрийн нэрийг мэдэж амжаагүй байв. Гэвч хэвлэлийнхэн түүнийг пүрэв гарагт олж, Даррен Харрисон гэх залуу байсныг мэдэж авчээ.

Даррен жижиг Cessna 280 онгоцны цорын ганц зорчигч байв. Онгоц Багамын арлуудаас баруун тийш АНУ-ыг чиглэн нисэж байх үед нисгэгчийнх нь бие муудаж ухаан алдсан байна. Ойролцоогоор 3000 метрийн өндөрт нисэж явсан хөнгөн, дан хөдөлгүүрт энэ онгоц 16 секундын дотор гэнэт 2000 метр хүртэл доошилжээ.

Харрисонд диспетчерүүд туслахыг оролдов.  Тэдний хооронд ийм яриа өрнөжээ:

ХАРРИСОН: "Надад ноцтой асуудал тулгараад байна. Нисгэгчийн маань бие муудлаа. Би онгоцыг яаж жолоодохоо мэдэхгүй байна."

Диспетчер: "Ойлголоо. Та хаана байна вэ?"

ХАРРИСОН: "Мэдэх юм алга. Би  Флоридагийн эргийг харж байна. Гэхдээ яг хаана байгаагаа мэдэхгүй байна."

Диспетчер: "Далавчнуудаа тэгш байлгахыг хичээгээрэй.  Эргээ дагаад яваарай.  Бид таны байршлыг тогтоох болно."

ХАРРИСОН (тайван): "Би байрлал заагчийн дэлгэцийг асааж чаддаггүй ээ, гэтэл тэнд бүх мэдээлэл нь байх юм. Та мэдэхгүй биз?"

Удалгүй Палм Бич нисэх буудлын диспетчерүүд онгоцны байршлыг тогтоож чаджээ. Дараа нь түүнээс утасны дугаарыг нь авч, утсаар холбогдон заавар зөвлөгөө өгсөн байна. Даррен Харрисонд онгоцыг Палм Бич нисэх буудалд хэрхэн буулгах тухай зааврыг 20 жилийн туршлагатай мэргэжилтэн Роберт Морган болон түүний хамтран ажиллагсад өгчээ.

Диспетчер өөрөө Cessna 208 онгоцыг мэддэггүй байсан тул ухаалаг утсаар илгээсэн дэлгэцийн зургийн тусламжтай учрыг нь олсон байна. Морган Харрисоныг аль болох тайван байлгахыг хичээж, нисэх зурваст ороход нь тусалжээ. "Түүний "Би газардчихлаа. Одоо яаж энэ эдийг унтраах вэ?" гэж асууж байсныг нь санаж байна" гэж Морган ярьсан байна.

Санаандгүй байдлаар нисгэгч болсон зорчигч онгоцноос буугаад Моргантай тэврэлдэв. "Тэр бушуухан гэртээ хариад жирэмсэн эхнэрээ тэвэрмээр байна гэж хэлж байсан. Би түүнд тусалсандаа маш баяртай байна" гэжээ.

Онгоцны нисгэгчийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүний биеийн байдал ямар байгаа талаар нутгийн захиргаанаас мэдээлэл өгөөгүй аж. 

Эх сурвалж: ВВС

#Сонин хачин