Захидал: Найз минь түүнд сайн болохоор бидэнд боломж алга


ССҮТөв | YOLO.MN
2022-07-05

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найз минь түүнд сайн болохоор үерхэж чадахгүй байна

Сайн байна уу? Би төгсөх ангийн сурагч охин. Ойрын өдрүүдэд миний сэтгэл санаа ерөөсөө дээшилж өгсөнгүй. Саяханаас эхэлж ангийн найзтайгаа нилээн дотносож, хамтдаа кино үзэж, гар гараасаа хөтлөлцөж, байнга л ярьдаг болсон юм л даа. Харин би энэ үйлдэл бүрд нь догдлоогүй ч хааяа чимээгүйхэн сэтгэл хөдөлдөг. Тэр намайг өөртэй нь үерхэнэ гэж бодож байгаа ч би нэг зүйлээс айж байгаа болохоор үерхэж чадахгүй байна. Учир нь эмэгтэй найз минь энэ хүүхдэд дунд ангиасаа сайн байсныг би саяхан мэдсэн. Тийм болохоор найзыгаа алдмааргүй байна. Сарын өмнөөс тэр хоёр хоорондоо харилцаж, халамж тавьж, ярьдаг байсан ба тухайн үедээ эмэгтэй найз маань их л догдолж, баяртайгаар надад хамаг зүйлээ ярьдаг байлаа. Төд удалгүй больсон юм шиг байсан. Харин нэг өдөр тэр хүү надтай их л сүрхий харьцдаг болсон. Ингээд би өөрийгөө ашиглуулаад байвал яана гэж боддог болчихсон. Хэрвээ би түүнтэй үерхэх юм бол найз маань намайг мэдсээр байж үерхлээ гээд надтай хэзээ ч үг дуугарахгүй бас ангийн охидууд маань намайг муулж, надаас холдох байх. Сүүлийн үед энэ тухай бодох болгонд сэтгэл их түгших юм. Тэгсэн хэр нь яагаад ч юм тэрэнтэй үерхмээр санагдаад байна. Магадгүй би дассан байх. Би яавал дээр вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Найзтайгаа ярилцаж, тэдний шийдвэрийг хүндлээрэй.

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хэцүүхэн нөхцөл байдалд байгаа бололтой. Одоо харилцаад байгаа хөвгүүндээ сэтгэлгүй гэж үү? Эсвэл найзаасаа санаа зовсондоо өөрийнхөө жинхэнэ мэдрэмжээ хүлээн зөвшөөрөхгүй зугтаад байна уу? Хэрэв огт сэтгэлгүй байсан бол үерхлийн талаар бодох болов уу? Эхний ээлжид тухайн хөвгүүнийг гэх сэтгэлээ сайн тунгааж бодоорой.Найз чинь өмнөх харилцаандаа цэг тавьсан уу? Тэр хөвгүүнтэй ирээдүйд өөрийгөө хамтын байдлаар харахгүй байгаа юу? Найзынхаа мэдрэмжийг сонсож асуугаарай. Энэ сэдвээр ярих тухтай нөхцөлийг бүрдүүлээрэй. Мэдээж энэ сэдвийг хөндөж ярих хэцүү хэдий ч хичээгээрэй. Найзынхаа мэдрэмжийг сонсох үед чамд сонголтоо хийхэд хялбар болох болов уу?Мөн ангийн чинь хөвгүүн тэмцээний ялалтын цом биш. Түүнд ч гэсэн харилцаанд хийх сонголт, шийдвэр хийх эрх бий. Найз болон бусдаас үл хамаарна энэ хөвгүүн өөрийн сэтгэлийг хэнд өгөхөө тэр өөрөө мэднэ. Түүний сонголтыг ч мөн ялгаагүй хүндлээрэй. 

АСУУДАЛ: Дээд ангийнхаа ахад сайн болсон ч намайг хаячихсан

Би одоо 13 настай. 12 дугаар ангийн ахад сайн болоод удаж байна. Анх дунд ангид ороход л харж эхлэсэн одоо хүртэл… Би тэр хүнд захиа өгөөд чат бичээд уулзсан. Надад үнэхээр таалагдсан. Гэхдээ намайг хоёр ч удаа хаясан. Хаясан гэж хаяж хаягдах харилцаа байгаагүй л дээ. Зүгээр сайн гэдгээ хэлэхэд “Тоохгүй ээ” гэж хэлснийг нь л би хаясан гэж ойлгож байгаа юм. Манай сургуулийн ах болохоор хааяа таардаг. Тийм болохоор ч мартаж чадахгүй байгаа юм болов уу? Намайг хаяад 3 сар болж байгаа ч одоог хүртэл санаж байна. Дахиж чат бичээд байх хэрэгтэй юм болов уу, эсвэл зүгээр л юу ч хийхгүй байх хэрэгтэй юм болов уу? Дахиж чат бичээд өөртөө татах боломж байгаа ч юм шиг санагдаад байх юм. Юу ч хийхгүй блок хийгээд зургуудыг нь устгаад мартъя гэхээр үнэхээр л тэр хүнд дуртай болчихсон, чадахгүй байх юм. Ийм жоохноосоо хайр ярих нь тохиромжгүй л байх. Гэхдээ үнэхээр 2 жил сайн байсан хүн нэг ч байгаагүй. Үнэндээ ингэж хэлэхэд ичиж байна л даа. Гэхдээ би хайртай болчихсон юм шиг мэдрэгдээд байна. Тэр хүүхэд хүүхдүүдийн дунд ч тэр багш нарын дунд ч тэр муу нэр хүндтэй. Сайн хүүхэд биш гэдгийг нь мэдэж байгаа ч тэр хүүхдийг л гээд байна. Яах ёстой юм бол оо? 

ЗӨВЛӨГӨӨ: Хайр, дурлал хоёр талын мэдрэмж, сонголт, шийдвэр юм

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хэн нэгнийг хайрлах сайхан. Мөн хайрлалаа гээд харилцаа бүр амжилттай байдаггүй. Энэ магадгүй маш хатуу сонсогдож байгаа болов уу. Энэ харилцаагаар өөрийн чинь хайр дурлалын туршлага дуусахгүй юм шүү. Цаашид  хоёр талаас бүтэх амжилттай харилцаа гарч ирэх боломжтой. Нөгөө тал хүсэхгүй байхад хүчлэх нь өөрийгөө зовоож байгаагаас ялгаагүй. Өөрөөр хэлбэл хайр, дурлал хоёр талын мэдрэмж, сонголт, шийдвэр юм. Бид аливаа зүйл тохиолдоход хамгийн сайн сайхан зүйлийг төсөөлөх нь бий. Тэр нь ч буруу биш гэхдээ энэ нь бидэнд хүлээлт үүсгэдэг. Өөрөөсөө миний хүлээж байгаа зүйл юу вэ? Үнэхээр болох уу? Болохгүй юу гэдгийг сайтар бодож шийдвэр гаргаарай. 

АСУУДАЛ: Дүү нараасаа болоод хичээлээ хийж чадахгүй, хичээлдээ муудаж, багшдаа загинуулсан

Сайн байна уу? Би 17 настай эмэгтэй хүүхэд. 11 дүгээр ангийн сурагч бөгөөд математик нийгэм англи хэл гэсэн 3 хичээлийг сонгосон. Гэхдээ цаашдаа яг ямар мэргэжилтэй болох гэж байгаагаа мэдэхгүй байна. Дээрээс нь математикдаа маш муу, хоцрогдол ихтэй. Гэхдээ математикийн хичээлдээ муу байгаа талаар аав ээждээ хэлээгүй. Тэд миний төлөө хичээж байна, шаргуу хөдөлмөрлөж байна, энэ тухай хэлэх юм бол урмыг нь хугалчих вий гэж айгаад өдөр бүр бодоод, шөнө ч бүр унтахаа байлаа. Багш бас ангид хичээл орж байхад шалгалтын дүнг харчихаад “Хичээлдээ яасан муудчихсан юм бэ? Юугаа хийгээд байдаг юм бэ? Бос” гээд загнасан. Тийм болохоор бүр ч санаа зовоод ангийнхнаасаа ичээд сэтгэл санаа ерөөсөө тавгүй байна. Хаана очсон газартаа энэ тухай бодоод л... Аав ээж маань хот руу явчихсан. Би дөрвөн дүүтэй, заримдаа тэднийг харна, хоол ундыг нь бэлдэж өгнө. Хичээл хийхэд ч зав гарахгүй байна. Орой толгой өвдөөд болдоггүй. Бараг нэг долоо хоногийн турш өдөр өнжөөд тайвшруулах өвчин намдаах эм хэрэглэж байна. Багшдаа маш их гомдсон. Тэр өдөр бараг гүүрнээс үсэрчихдэг юм билүү ч гэж бодсон. Одоо яах ёстой юм бол оо?   

ЗӨВЛӨГӨӨ: Асуудлыг шийдэхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй

Сайн уу? Юуны өмнө бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Дүү нараа харж хандах, хичээлээ хийх гээд олон зүйлсийг хийж хичээж байгааг нь ойлголоо. Одоо 11  дүгээр ангид сурдаг буюу төгсөхөд 1 жил үлдсэн байгаа гэж ойлголоо. Мэдээж хичээлдээ гэнэт сайжрахгүй ч асуудлыг шийдэхийн тулд тодорхой давтамжтай үйлдэл хийх нь бага ч гэсэн үр дүнд хүрдэг. Тиймээс тулгарч буй асуудлынхаа шийдэлд төвлөрөөрэй. Хэт их санаа зоволтоос болж түгшүүрлэж унтаж чадахгүй, тайвширч чадахгүй байх тохиолдол байдаг. Тайвшруулах өвчин намдаах эм уух нь асуудлыг бүр мөсөн шийдэхгүй юм шүү. Энэ нь чамайг эмийн хамааралтай болгох эрсдэлтэй. Чи юу асуудал болж байгааг мэдэж байна шүү дээ. Тиймээс асуудлыг шийдэхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй. Аав ээж нь чиний төлөө хичээж байгаа ч гэсэн чи ч гэсэн хичээж байгаа шүү дээ. Өөрийгөө хайрлаарай. Аав ээждээ хичээлийнхээ талаар хэлбэл ямар вэ? Хэлээд одооноос хичээнэ. Харин цаг хугацаа хэрэгтэй байна гэдгээ хэлээрэй. Мөн багш нь тэр үед чамайг гэсэн сэтгэлээр хэлсэн болов ч илэрхийлж байгаа орчин нөхцөл нь чамд хэцүү байсныг ойлголоо. Багштайгаа уулзалт товлоод өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж хэлж үзвэл ямар вэ? Сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой үедээ өөрийгөө илэрхийлэхийг хичээгээрэй. Амжилт хүсье. 

АСУУДАЛ: Бусдын хажууд өөрөөрөө байж чадахгүй байгаа нь намайг зовоож, сэтгэл гутрал айдас түшүүртэй болгож байна

Сайн байна уу? Би гадаадад сурдаг, 22 настай оюутан байна. Надад тулгамдаж буй асуудал гэвэл би юм бүхнийг хийхдээ маш их сандарч тэвддэгээ саяхан л анзаарав. Тэгээд бас эрэгтэй хүний хамааралтай гэж өөрийгөө дүгнэж байна. Бас сэтгэл гутралтай байнга өөрийгөө бусадтай харьцуулж, бусад хүнд атаархаж байгаа нь илт ихсэж мэдэгдэж байгаа. Яагаад эрэгтэй хүний хамааралтай гэж дүгнэсэн гэхээр 
эрэгтэй хүний хажууд өөрийнхөөрөө байж чададгүйгээс гадна шууд өөр эмэгтэй болж жүжиглэж эхлэдэг юм. Уг нь өөрийгөө шинэ юм эрэлхийлэх хөгжих хүсэлтэй л хүүхэд гэж боддог байлаа.Одоо ч гэсэн олон сайхан зүйл боддог ч нийгмийн ертөнцөд амьдарсаар байгаад ядарч байгаа бололтой. Ер нь бага наснаасаа л өөрийгөө өөлж шүүж байнга харьцуулж ирсэн. Сүүлийн үед өөрийн үнэлэмж үнэ цэн гэдэг зүйл ч надад байхгүй байгааг анзаарч байна. Дотоод ертөнцдөө ерөөсөө суурьгүй хүмүүст гоё харагдаж байнга авахаа л боддог байж.Миний хүслээр бол зүгээр л сэтгэл хангалуун жаргалтай байхыг хүсэж байна. Хүмүүсээс маш их хараат, бүх хүмүүст л анхаарлаа хандуулдаг ямарч суурь суудалгүй. Би ийм хүн баймааргүй байгаа хэрнээ дотроо л өөрийгөө өнгөрсөндөө зүхэж ирээдүйгээ бодож айдаг. Сэтгэцийн эмгэгт эрэгтэй хүний хамааралтай гэсэн өвчин байдаг бол уу? Юмыг одоо бол байнга сөргөөр бодож маргаашийг л гэж утга учиргүй байх юм. Гэнэт л өөрийгөө зорилгогүй хүүхэд гэдгийг мэдсэн. Бас өөртөө итгэх итгэл огт байхгүй.   Би дотроо бусдыг энэрч хайрласан зөөлөн охин баймаар байдаг.  Амиа хорлож үхэх талаар бодож байсан. Далд ухамсар минь дэндүү бохир байгаа бололтой энийг өөрчлөх арга зам байна уу? Одоогоор бүх юм утгагүй зорилгогүй хоосон шаналалаар дүүрэн байна.  Надад мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө анхаарал хандуулаарай, өөрийгөө хайрлаарай

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Та хамгийн сүүлд хэзээ өөрийнхөөрөө байсан бэ? Захидлаас уншихад та сэтгэл зүйн хувьд их ядарсан байгаа бололтой. Бусдын өмнө ямар нэгэн дүрээр биш өөрийнхөөрөө байж, өөрийнхөө бодол, мэдрэмжийг үгүйсгэхгүйгээр, үл тоохгүйгээр байхыг хүсэж байна гэж ойлголоо. Захидалд өөртөө тулгараад байгаа асуудлаа саяхан л анзаарсан гэж бичжээ. Ямар үйл явдал таныг өөрөө өөрийнхөө асуудлыг анзаарахад тусалсан бэ? Хүн бүр гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ байхдаа арай өөрөөр харилцдаг бол сайн танихгүй ангийн хүүхэд, хамт ажилладаг хүнтэйгээ мөн арай өөр байдлаар харилцдаг. Энэ байдал нь хүн бүрд байдаг хэвийн зүйл. Гэсэн хэдий ч ийнхүү бусадтай харилцаж байхдаа өөрийнхөө бодол, мэдрэмжийг орхигдуулж байгаа бол өөртөө тодорхой хэмжээгээр анхаарах хэрэгтэй болдог.
Тэгвэл та дараах асуултуудад хариулж өөртэйгөө тодорхой хэмжээгээр ажиллах боломжтой. Захидалд өнгөрсөнд өөрийгөө зүхсэн гэж бичжээ. Та өнгөрсөнд болсон өөрийнхөө юунд таагүй байдлаар хандаж байгаа вэ? Та ямар учраас өөрийгөө буруутгаж байгаа вэ? Шалтгаануудаа жагсаан бичээрэй. Дараа нь тухайн зүйл үнэхээр танаас хамааралтай байсан уу? Та тухайн зүйлийг шийдэх боломжтой байсан эсэхийг тодорхойлон бичээд үзээрэй. Мөн энэ тохиолдолд мэргэжлийн сэтгэл судлаачтай онлайн эсвэл биечлэн хэлбэрээр уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө авах нь ач холбогдолтой юм шүү. 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Зөвлөгөө