Дэлхийн Оюун ухааны олимпоос манай тамирчид НАЙМАН МЕДАЛЬ хүртээд байна


Сондор | YOLO.MN
2016-11-10

"Memoriad-2016" World Mental Olympics тэмцээний хоёр дахь өдрийн байдлаар манай тамирчид 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль буюу нийт 8 медалийн болзол хангаад байна.

АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп нь гурван өдөр үргэлжлэх ба 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байна.



Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр бөгөөд "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтыг шалгасан эхний төрлийн дүн гарлаа. Энэ төрөлд 2012 онд манай тамирчин Их Мастер С.Цогбадрах 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэн олимпийн дээд амжилтыг эзэмшиж байсан бол өнөөдөр 486 цифр болгон дээд амжилтаа шинэчлэн алтан медаль хүртлээ. Ингэснээр Их Мастер С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин боллоо. Мөн маш хатуу дүрэмтэй энэ төрөлд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 232 цифр алдаагүй санаснаар хүрэл медалийн болзол хангалаа.



"Флаш Тоо" төрөлд:
1-р байр: Дэлхийн #34, С.Цогбадрах (Монгол) - 486 цифр
2-р байр: Дэлхийн #15, Кристиан Шафер (Герман) - 408 цифр
3-р байр: Дэлхийн #17, Э.Пүрэвжав (Монгол) - 232 цифр
Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүдийг ардаа орхин
4-р байр ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас),
7-р байр Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас),
8-р байр ОУ-ын Мастер Т.Энхжин (18 нас),
9-р байр Н.Намуундарь (12 нас),
10-р байр ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас),
11-р байр Б.Хангал (11 нас) нартаа давхар баяр хүргэе!

Тэмцээний дүрэм: Секунд тутам дэлгэцэн дээр анивчих нийт 500 цифрийг (500 секунд) дарааллаар нь тогтоон алдаагүй санах
Оноо дүгнэх: Эргэн санахдаа нэг л алдвал алдсанаас хойш хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. Жишээ нь, 500 цифр тогтоосон хэдий ч буцаж бичихдээ 4-р цифрийг буруу бичих буюу алдсан тохиолдолд алдсанаас хойш зөв байсан ч 3 цифр алдаагүй санасан гэж дүгнэнэ.

Ийнхүү манай тамирчид хоёр дахь өдрийн байдлаар бид 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль буюу нийт 8 медалийн болзол хангаад байна. Амжилттай оролцож байгаа бүх тамирчдадаа дахин баяр хүргэе!

Манай тамирчдын 40 дэх олон улсын тэмцээний амжилтын буухиа үргэлжилсээр...

#world #teenagers #freetime #Мemoriad