MBTI тест: Ямар төрлийн интроверт вэ?


Г.Нандин | YOLO.MN
2022-05-02

Өмнөх нийтлэлээрээ зан чанарын MBTI (Myers-Briggs Personality Type Indicator) тестийн тухай ерөнхий мэдээллийг хүргэсэн. Харин энэ удаа тестийн үр дүн болох 16 зан чанарыг танилцуулж байна. 

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж үзээрэй.

MBTI тестийн дөрвөн хэмжүүрийг тодорхойлоход хамгийн хялбар байдаг нь мэдээж интроверт эсвэл экстроверт гэдгээ тодорхойлох болно. Тиймээс 16 зан чанарыг интроверт, эсвэл экстроверт гэдгээр нь хоёр хувааж үзэе. Ингээд эхний хэсэг буюу Интровертуудын тухай мэдэж авцгаая. 

Юуны өмнө Интроверт зан чанар гэдэг нь хамгийн ерөнхийгөөр хэлбэл дотоод ертөнцдөө чиглэсэн, өөрийн бодол, ертөнцөө харж, сонсож чадах газар байх дуртай хүнийг хэлнэ. Интроверт хүмүүс нь хэт их хүнтэй газар байх үед ядарч, энергиэ алдаж байдаг ч энэ нь тэднийг ичимхий, хүмүүст дургүй гэсэн үг биш. Энэ төрлийн хүмүүс нь ичимхий, нээлттэй аль нь ч байж болох бөгөөд хүмүүстэй байхдаа эрч хүчээ алддаг гэдэг нь тэдэнтэй цагийг өнгөрөөсний дараа хэсэг ганцаараа байж эрч хүчээ нөхөх шаардлагатай болдог гэсэн үг. 

Мөн 100 хувь интроверт хүн гэж байдаггүй бөгөөд бүх хүн аль нэг тал руугаа илүү ойрхон ‘амбиверт’ байж бас болно. Амбиверт гэдэг нь интроверт, экстравертын шинж чанаруудыг аль алийг нь агуулж байдаг хүнийг хэлдэг. Гэхдээ амбиверт гэдэг ойлголт нь интроверт, экстравертын тодорхойлолттой шууд зөрчилддөг тул, MBTI тест болон зарим сэтгэл зүйчид амбиверт гэж байдаггүй гэлцдэг.

Myers-Briggs байгууллагын түүвэр судалгааны үр дүнд АНУ-ын иргэдийн 50.7% нь интроверт байсан байна. Мөн нийт эрэгтэйчүүдийн 54.1% нь, нийт эмэгтэйчүүдийн 47.5% нь интроверт гэсэн үр дүн гарч байжээ. 

Найман төрлийн итроверт зан чанарыг тус тусад нь авч үзье:

INTJ (Архитектор)

Архитектор зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Интроверт (Introvert), Зөн совиндоо найддаг (Intuitive), Бодогч (Thinking), Шүүгч (Judging) гэсэн үр дүнд хүрсэн хүнийг хэлнэ.

“Бодох чадвар нь хүн төрөлхтнийг агуу болгодог. Хүн бол зэгс, байгалийн хамгийн сул дорой амьтан, гэхдээ тэр бол сэтгэдэг зэгс." - Blaise Pascal

Энэ зан чанарын хэлбэр нь харьцангуй ховор байдаг ба хамгийн чадварлаг зан чанаруудын нэг. Маш ухаалаг, сэтгэн бодох чадвар өндөртэй хүмүүс байх бөгөөд эдгээр хүмүүсийг хууран мэхлэх хэцүү. Гэхдээ байнга бодож, толгой нь ажиллаж байдаг нь эргэн тойрноо үргэлж шинжилж, дүгнэхэд хүргэдэг. Улмаар энэ нь бусад хүмүүстэй харилцаа тогтооход хүндрэл учруулдах ба амрах цаг өөртөө гаргадаггүй.

Архитекторууд нь бүхий л зүйлд эргэлзэж бусдын хэлсэн зүйлийг шууд хүлээж авахаас илүү өөрөө асуудлын хариултыг олж авах дуртай, үүнээсээ үүдэн дүрэм зөрчих, бусадтай үл ойлголцох тохиолдол их гарах ч энэ нь тэдэнд тийм ч чухал байдаггүй.

Хамгийн бие даасан хүмүүс ба зорилгодоо хүрэх замд нь саад болоод дэмий. Тийм төрлийн зүйлд тэвчээр багатай. Гэхдээ ганцаараа шийдвэр гаргаж бусдын саналыг үл ойшоох хандлагатай байдаг нь эргэн тойрны хүмүүст нь таагүй уур амьсгалыг бүрдүүлдэг. Мөн эргэн тойрны хүмүүсээ залхуу, дунджаас илүү зүйлд хүрэхгүй гэж дүгнэх нь маш элбэг.

Тэдний өөртөө итгэх итгэл нь мэдлэг, боловсролын түвшинтэй нь холбоотой ба сургуульдаа “гавал” гэх мэт хоч зүүх нь олонтой.

Давуу тал:

  • Ухаалаг
  • Мэдлэг, мэдээллээр баян
  • Бие даасан
  • Шийдэмгий
  • Сониуч
  • Өвөрмөц санаа ихтэй

Сул тал:

  • Их зантай
  • Сэтгэл хөдлөлд ач холбогдол өгдөггүй
  • Бүхнийг шүүмжлэгч
  • Бүх зүйлийг өрсөлдөөн болгох хандлагатай
  • Харилцааны чадвар муу

INTP (Логикч)

Логикч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Интроверт (Introvert), Зөн совиндоо найддаг (Intuitive), Бодогч (Thinking), Хүлээн авагч (Perceiving) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

“Хамгийн чухал нь асуулт тавихаа болихгүй байх явдал юм. Сониуч зан нь оршин тогтнох өөрийн гэсэн шалтгаантай байдаг.” – Albert Einstein

Бодогч зан чанар дундаа илүү уян хатан бодолтын процесстой зан чанар, асуудалд маш өвөрмөц гаргалгаа гаргах хандлагатай байдаг ба асуудлыг өөр өнцгөөс харахдаа маш сайн. Үүнээсээ болж бусдаас онцгойрч анхаарал татах нь элбэг.

Энэ зан чанартай хүмүүсийн төсөөлөн бодох чадвар маш сайн ба эргэн тойрондоо анхаарал хандуулахгүй байгаа юм шиг харагддаг. Гэхдээ өөрийн бодол санааг ойлгодог хүнтэй тааралдахаараа маш нөхөрсөг, эрч хүчтэй болдог. Асуудлыг тал талаас нь шинжлэх дуртай ба заримдаа гэнэтийн шийдвэр гаргаж дараа нь харамсах нь их. Энэ төрлийн хүмүүс хүний тархины үйл явц, сансар огторгуй, ертөнц хэрхэн ажилладаг тухай бүхнийг мэдэхийг хүсдэг.

Давуу тал:

  • Шинжээч
  • Өвөрмөц санаа ихтэй
  • Сониуч
  • Нээлттэй сэтгэдэг

Сул тал:

  • Эргэн тойрноо анхаардаггүй
  • Мэдрэмжгүй
  • Хүлээцгүй
  • Перфекционист

INFJ (Өмгөөлөгч)

Өмгөөлөгч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Интроверт (Introvert), Зөн совиндоо найддаг (Intuitive), Мэдрэгч (Feeling), Шүүгч (Judging) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

"Хүмүүстэй харьцахдаа тэд хүрэх газартаа хүрсэн мэт харьцаж, хүрч чадах газартаа хүрэхэд нь туслаарай." - Johann Wolfgang Von Goethe

INFJ нь хамгийн ховор зан чанаруудын нэг бөгөөд гүн бодол, төсөөлөн бодох чадвар сайтай байдаг. Тэд амжилтыг мөнгө, байр суурь гэх мэт зүйлээс илүү бусдад үзүүлж буй тусламж, сэтгэл хангалуун байдлаас мэдэрдэг. Гэхдээ энэ нь амархан сэтгэл нь хандаг гэсэн үг биш. Хийхийг хүссэн зүйл, тавьсан зорилгодоо хүрэхээс нааш зүгээр суудаггүй хүмүүс. Өөрийн итгэл үнэмшил, чухал гэж үздэг зүйлсдээ үнэнч ба эдгээр чухал гэж үздэг зүйлсээ юу гэдгээ маш сайн мэддэг.

Энэ ертөнцөд оршин тогтнох өөрийн гэсэн зорилготой гэж итгэдэг бөгөөд бусдаас өөр зан чанараа тодруулах хүсэлтэй байдаг. Шударга бус байдалд их бухимддаг ба өмгөөлөгч нэр нь үүнээс үүсэлтэй. Интроверт зан чанар ч гэсэн бусадтай урт, гүн яриа өнгөрүүлэх, цөөн хэдэн хүнтэй гүн холбоо тогтоох дуртай.

Давуу тал:

  • Бүтээлч
  • Ухаалаг
  • Зарчимч
  • Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн
  • Бусдад чин сэтгэлээсээ ханддаг

Сул тал:

  • Шүүмжлэлд эмзэг
  • Өөрийгөө бусдад нээдэггүй
  • Перфекционист
  • Энгийн байдалд дургүй
  • Хязгаараа мэдэхгүй зүтгэх хандлагатай

INFP (Дундыг баримтлагч)

Дундыг баримтлагч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Интроверт (Introvert), Зөн совиндоо найддаг (Intuitive), Мэдрэгч (Feeling), Хүлээн авагч (Perceiving) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

Алт бүхэн гялалздаггүй, дэмий тэнүүчилж байгаа бүхэн төөрсөн биш, гүн үндэс нь хүйтэн жавар хүрдэггүй. - J. R. R. Tolkien

Төсөөлөн бодох чадвар сайтай, урлагаас таашаал хамгийн хүчтэй мэдэрдэг зан чанар. Төсөөллийн ертөнцдөө хэд хэдэн өдрөөр төөрч чадах хүмүүс. Бусдыг гүн түвшинд ойлгож, дотно гүн харилцаанд дуртай хүмүүс байдаг.

Бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох чадвар өндөртэй ч өөрийн уг чанараас өөрөөр биеэ авч явах үнэхээр дургүй. Өөрийн энэ ертөнцөд оршин тогтнож буй шалтгааныг байнга хайдаг.

Давуу тал:

  • Бусдыг ойлгодог
  • Өгөөмөр
  • Бүтээлч
  • Нээлттэй сэтгэгч
  • Урам зоригтой
  • Идеалист

Сул тал:

  • Өөрийгөө бусдаас тусгаарлах хандлагатай
  • Боломжгүй зүйл төсөөлөх хандлагатай
  • Анхаарал төвлөрүүлэх чадвар муу
  • Эмзэг сэтгэлтэй
  • Бусдын хүслээр байх хандлагатай
  • Өөрийгөө хэт шүүмжилдэг

ISTJ (Логистикч)

Логистикч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Интроверт (Introvert), Ажиглагч (Sensing/Observant,), Бодогч (Thinking), Шүүгч (Judging) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

Би өөрийн аливаа нэгэн чадварыг ашиглахгүй байхаас илүү айна. Залхуурал, хойш тавилтаас бас их айна. - Denzel Washington

Хүн төрөлхтний ихээхэн хувь нь энэ төрлийн зан чанартай байдаг. Тийм ч олны анхаарлыг татдаг зан чанарын хэлбэр биш ч эргэн тойрны хүмүүсийнхээ хүндлэлийг хүлээсэн, гэр бүл нийгмийн тогтвортой, сайн сайхан байдлын төлөө зүрх нь цохилж байдаг нэгнийг хэлнэ.

Ямар нэгэн зүйлд зөв буруу хариу үйлдэл байдаг гэж үздэг ба өөрийн хийсэн зүйлдээ хариуцлага хүлээхээс хэзээд буцдаггүй. Нэг зүйлдээ төвлөрөх чадвар маш өндөр ба байгууллага, нийгэмлэг гэх мэт газруудад татагддаг.

Давуу тал:

  • Шударга
  • Хүчтэй хүсэл зоригтой
  • Маш хариуцлагатай
  • Бусдад нөлөөлөх чадвартай
  • Тайван

Сул тал:

  • Зөрүүд
  • Мэдрэмжгүй
  • Хэт баригдмал
  • Өөрийгөө хэт их шүүмжилдэг

ISFJ (Хамгаалагч)

Хамгаалагч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Интроверт (Introvert), Ажиглагч (Sensing/Observant,), Мэдрэгч (Feeling), Шүүгч (Judging) гэсэн үр дүнд хүрсэн хүнийг хэлнэ.

Хайр хуваалцаж байж л өсдөг. Бусдад өгч байж өөртөө илүү ихийг авч чадна. - Brian Tracy

Ийм төрлийн зан чанартай хүмүүс нь бусдад мэдэгдэхгүйгээр, чимээгүйхэн аливаа ажлын үйл явцыг хөнгөвчилж байдаг. Хариуцлагатай, хичээнгүй хүмүүс. Тэмдэглэлт баяруудыг санаж, санаачилга гаргах, уламжлалыг авч үлддэг. Гэхдээ өөрийн энэ чадвараараа олны анхаарлыг татахыг хүсдэггүй.

Маш зөөлөн, бусдыг халамжилсан зан чанар, харилцааны чадвар сайтай, үнэнч хүмүүс. Өөрийгөө болон бусдыг маш сайн ойлгодог бөгөөд хэцүү үед хамгийн түрүүнд хүрчирдэг хүмүүсийн нэг.

Давуу тал:

  • Дэмжигч
  • Найдаж болох 
  • Ажиглагч
  • Урам зоригтой
  •  Хичээнгүй

Сул тал:

  • Хэтэрхий даруу төлөв
  • Юмыг хэт хүндээр хүлээж авдаг
  • Заримдаа хэт нэг зүйлдээ үнэнч
  • Өөрчлөлтөд дургүй
  • Өөрийн мэдрэмжээ хойш тавих хандлагатай

ISTP (Виртуоз)

Виртуоз зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Интроверт (Introvert), Ажиглагч (Sensing/Observant), Бодогч (Thinking), Хүлээн авагч (Perceiving) гэсэн үр дүнд хүрсэн нэгнийг хэлнэ.

Би өөр амьдралаар амьдрахыг хүссэн. Би өдөр бүр нэг газраа очиж, нэг л хүмүүстэй уулзаж, нөгөө л нэг ажлаа хийхийг хүсээгүй. Би сонирхолтой сорилтуудыг хүсэж байсан. - Harrison Ford

Энэ төрлийн зан чанартай хүмүүс дасан зохицох, хийж бүтээх чадвар сайтай байдаг. Нэг ажлаас нөгөө ажил руу шилжих, нэг мэргэжлээс өөр мэргэжил рүү үсрэлт хийхдээ сайн бөгөөд, нэг газраа удаан байх дургүй. Юм хийж бүтээхээс аз жаргал мэдэрдэг бөгөөд орчноосоо маш сайн суралцдаг.

Дүрэм зөрчиж аливаа юмыг өөрийнхөөрөө хийж бүтээх дуртай, гэхдээ үүгээрээ олж авсан мэдлэг, чадвараа бусадтай хуваалцахаас хэзээ ч татгалзахгүй.

Давуу тал:

  • Эерэг
  • Эрч хүчтэй
  • Бүтээлч
  • Ажил амьдралаа зохицуулахдаа сайн
  • Хүнд нөхцөлийг хялбархан даван туулдаг
  • Тайван

Сул тал:

  • Зөрүүд
  • Мэдрэмжгүй
  • Хувийн асуудлаа бусдад дэлгэдэггүй
  • Амархан уйддаг
  • Нэг зүйлдээ тууштай биш
  • Аюултай үйлдэл их хийдэг

ISFP (Адал явдал хайгч)

Адал явдал хайгч зан чанар нь дөрвөн хэмжүүрээр Интроверт (Introvert), Ажиглагч (Sensing/Observant), Мэдрэгч (Feeling), Хүлээн авагч (Perceiving) гэсэн үр дүн гарсан хүнийг хэлнэ.

Би өдрийн турш их олон өөрчлөгддөг. Би сэрэхдээ нэг хүн, унтахдаа бас нэг өөр хүн болдог. - Bob Dylan

Ийм зан чанартай хүмүүс шинэ юм туршиж үзэх, өөрийгөө илэрхийлэх дуртай. Хувцас, нүүр будалт, үсний засалт гэх мэт зүйлээрээ өөрийгөө илэрхийлдэг уран бүтээлч. Мөн уян хатан бодолтой, өөрийнхөөрөө амьдардаг хүмүүс байдаг.

Бусадтай үүсгэсэн харилцаандаа эв нэгдлийг эрхэмлэж хүмүүс хоорондын цавуу байх нь элбэг.

Давуу тал:

  • Дур булаам
  • Мэдрэмжтэй
  • Төсөөлөн бодох чадвар сайтай
  • Урам зоригтой
  • Уран бүтээлч

Сул тал:

  • Хэт бие даасан
  • Таамаглахад хэцүү үйлдэлтэй
  • Амархан стресстдэг
  • Бүх зүйлийг өрсөлдөөн болгох хандлага маш их
  • Өөртөө итгэх итгэл нь байнга өөрчлөгдөж байдаг

Эх сурвалж: webmd, positivepsychology

#Сэтгэл зүй