Чи минь, яагаад гуниглаа вэ? Хөмсөг чинь жаахан сүргүй, газар луу байнга ширтээстэй. Тэнгэр арай л бүрхэг байна уу, царай чинь нэг л гэрэлгүй. Хорвоо нэг л бараан болоод, хонгор минь чи дуугүй байна. Надруу нэг хараач, хамгийн тэнэгээрээ царайлъя би. Уруулаа жимбийж нугас болоод дээшээ үсрэхдээ дэвэе, толгой сэгсрэхдээ гуагалъя, чиний минь нүднээс л гуниг нь арилаг.
Чи минь, яагаад худал инээнэ вэ? Сормуус чинь хөөрхөн дэрвэхгүй, мишээл чинь нэг л хүчлэх мэт. Би арай л ичмээр байна уу, харц чинь нэг л эвгүй. Хацар нэг л халуу дүүгээд, хайрт минь чи жүжиглээд байна. Надруу нэг хараач, хамгийн дээдээрээ хичээе би. Тэнэг үйлдлээ болиод, тийм нэг зангаа засая, зангиагаа янзлая, чи минь л эвгүй байдлаас гараг.
Чи минь, яагаад бодол болоо вэ? Нүд чинь нэг л галгүй, алсад байнга ширтээстэй. Хичээл нь арай их байна уу, цүнх чинь нэг л хүнд. Мөр чинь хөндүүр болоод, хөөрхнөө минь чи ядраад байна. Надруу нэг хараач, хамгийн цэхээрээ зогсъё би. Мөрөө тэгшилье, цээжээ тэвхийлгэе, чи минь л түших хүнтэйгээ мэдрэг.
Чи минь, яагаад уйлна вэ? Харц чинь нэг л хоосон, хацрыг чинь дагаад нулимс. Амьдрал арай хүнд байна уу, цаанаасаа нэг л ёозгүй. Хоолой нэг л зангираад, энэ толь загалтаад байна. Надруу нэг хараач, өөрийгөө нэг харъя би. Хацраа арчъя, нүүрээ угаая, чи минь л өөрийгөө тайвшруулаг.
Хөмсөг жаахан сүр ороод, газраас дээшээ харлаа. Тэнгэр арай гэгээ ороод, аманд дуу аялагдана.
Сормуус хөөрхөн дэрвийгээд, нүүр дүүрэн мишээнэ. Ичмээр байсан ч яадаг юм хамаагүй, жүжгийн дүрэндээ уусна.
Амьдрал арай л хүнд байгаа ч, удахгүй дээрдэх болохоор цаанаасаа нэг л тайван.
Хичээл арай л их байна өөртөө жаахан анхааръя. Биеэ жаахан амраая, мөрөө тэгшилье, цээжээ тэвхийлгэе, хэцүү үедээ эхлээд өөрийгөө түшье.
Тийм болохоор чи минь, өөрийгөө жаахан хайрлаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх