Өмнөд Солонгосын урлагийн ертөнц харагдаж байгаа шигээ амар биш гэдгийг хэн бүхэн гадарлах байх. Дэлгэцээр харах аз жаргалтай, гэрэл гэгээтэй дүр төрхийн ард нойртой нойргүй шөнүүд, шантарч гунигласан өдрүүд, асар их хүч хөдөлмөр оршин байдаг нь үнэн. Нэг талаас өөрийн амьдралыг өөртөө бус өрөөлд зориулж байгаагаас ялгаагүй амьдрах замыг тэд сонгодог. Энэ бүх бэрхшээлтэй шалгуур дундаас үерхлийн асуудал хамгийн чухал нь гэж хэлж болох юм. Тэр тусмаа алдар нэр нь ид мандаж яваа нэгний хувьд болзох тухай санаад ч хэрэггүй. Учир нь тэд бол шүтэн бишрэгчдийн өмч...
Бид ээлжит нийтлэлдээ “P Nation” энтертайнментийн соло уран бүтээлчид Hyuna, Dawn нарын хайрын түүхийг онцолж байна. Тэд бол шүтэн бишрэгчдийн эсэргүүцэл, дуу хөгжмийн карьер, хосын нандин харилцаа гээд бүгдийг нь тэнцвэртэй 6 жилийн турш авч явсан үлгэр жишээ хос байсан билээ. Байсан гэдэг нь юу гэсэн үг вэ гэж үү?
Магадгүй та мэдээгүй бол өнөөдөр буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр Hyuna өөрийн инстаграм хаягаар дамжуулан салж буй тухайгаа зарласан юм. Ингээд тэдний эхлэл, хайр дурлалаас салалт хүртэлх түүхийг хүргэж байна.
ТЭДНИЙ ТУХАЙ ТОВЧООР
К-поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон тэрээр Wonder girls, 4Minute хамтлагийн гишүүн байсан төдийгүй хамтлагийн үйл ажиллагаанаас гадна 2011 онд “Bubble Pop” нэртэй мини цомгоороо соло карьераа эхлүүлсэн юм. Түүний өвөрмөц дуу хоолой, дүр төрх тухайн цаг үеийнхээ өнгө аясыг тодорхойлсоор ирсэн бөгөөд дуучин PSY-тай хамтран гаргасан “Gangnam Style” дуугаараа олон улсын шүтэн бишрэгчдэд илүүтэй танигджээ. Зарим фэнүүд нь түүний өмнөх харьяалагдаж байсан “Cube” энтертайнментийг Hyuna-ийн ачаар алдар нэрд хүрсэн гэж үзэх нь бий. Харин Dawn-ы хувьд мөн ижил энтертайнментэд харьяалагддаг ба 2016 онд Pentagon хамтлагийн дуучин, бүжигчнээр дэбютээ хийсэн юм.
2017 ОН: “TRIPLE H”
2017 оны тавдугаар сарын 1-нд тухайн үеийн 4Minute хамтлагийн гишүүн Hyuna, Pentagon хамтлагийн Dawn, Hui нар хамтран “Triple H” нэрэн дор анхны дуугаа олны хүртээл болгосон нь “365 fresh” байсан юм. Тэд хамтран хоёр дуу гаргасан бөгөөд тухайн үед шүтэн бишрэгчдийн шүүмжлэлийг нэлээдгүй хүртэж байв. Тухайлбал, Hyuna-г Hui, Dawn хоёртой хэтэрхий нээлттэй харилцаж, биенд нь хамаагүй хүрч байна гэх зэргээр шүүмжилж байсан юм.
2018 ОН: ҮЕРХЛИЙН ШУУГИАН
Hyuna-ийн эдгээр үйлдэл шүүмжлэлд өртсөнөөс төд удалгүй буюу 2018 оны наймдугаар сард Өмнөд Солонгосын энтертайнмент мэдээллийн хэрэгслүүд тэднийг үерхэж буй талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон юм. Энэ үед тэдний харьяалагдаж байсан агентлаг уг мэдээллийг худал хэмээн няцааж байв. Төд удалгүй хэдхэн сарын дараа тэд өөрсдийн харилцаагаа хүлээн зөвшөөрсний зэрэгцээ хоёр жил орчим болзож буйгаа зарласан юм. Тэдний хэлж буйгаар “Бидний харилцааны талаар эргэлзээтэй зүйл олон байгаа ч хэрэв бид үнэнийг хэлэхгүй энэ хэвээр тайзан дээр гарсаар байвал шүтэн бишрэгчдийнхээ өмнө гэмших бололтой. Тиймээс биднийг дэмждэг та бүхэнд үнэнээ хэлэхээр шийдэж, илүү жаргалтайгаар тайзан дээр хөгжилдмөөр байна” хэмээсэн юм.
ТЭДНИЙ ХАЙР ХААНААС ЭХТЭЙ ВЭ?
JTBC телевизийн “Knowing Brothers” нэвтрүүлгийн үеэр тэд өөрсдийн харилцаагаа хэрхэн эхэлсэн талаар хуваалцсан удаатай. Hyuna-ийн хэлснээр “Би түүнд түрүүлж дурласан. Түүнийг би жил хагас хэртэй хүлээсэн. Хальт өнгөрч явсан газраасаа худалдаж авсан юм шиг царайлж түүнд үргэлж бэлэг өгөхийг хичээдэг байлаа. Гэвч тэр ихэнхдээ завгүй байна гээд гарч ирдэггүй байсан” гэжээ. Учир нь энэ бол Dawn-ийг бэлтгэгдэгч байх үеийн явдал юм. Харин түүний энэ үйлдэлд Dawn “Миний хувьд нэр хүндтэй алдартанг ойроос харах нь үнэхээр догь санагддаг байсан. Эхэндээ түүнийг нэг их боддоггүй байсан ч цаг хугацааны эрхээр хэчнээн даруу төлөв нэгэн болохыг нь анзаарч, миний бодож явснаас тэс өөр хүн байсныг мэдсэн. Тэр хэмжээгээрээ хүндэлж, түүнд сэтгэлээ нээсэн гэж боддог” хэмээн хариулжээ. Түүнчлэн тэд олон зүйл дээр санал нийлж, ижил төсөөтэй зан чанар цөөнгүй байгаагаа анзаарч илүү дотноссон аж.
ХЭН НЬ ТҮРҮҮЛЖ СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛСЭН БЭ?
Дээрх нэвтрүүлгийн үеэр ярьсны дагуу хамгийн түрүүнд сэтгэлээ илчилсэн хүн нь Hyuna байсан бөгөөд тэрээр “Би гэрийнхээ ойролцоох газарт хэсэг суучхаад гэр лүүгээ харьж явлаа. Гэнэт л түүн рүү залгамаар санагдаад юу мэдэрч байгаа талаараа хэлж орхисон. Тухайн үед дорвитой хариу авч чадаагүй. Харин дараа нэг өдөр жимстэй сөжү авчхаад харих замдаа түүн рүү зургийг нь явуултал тэр ч бас өөртөө уух зүйл аваад өөр газар ч гэсэн бидэнд хамтдаа уух боломж гарсан. Тэр үед би дахин сэтгэлээ илчилж, өөрийг нь бэлэн болтол хүлээнэ гэдгээ хэлсэн” хэмээн ичингүйрэн ярьжээ. Түүнийг ийнхүү сэтгэлээ илчлэхэд Dawn тэр даруй “Байз, яагаад хүлээнэ гэж? Одоо шууд эхэлж болохгүй гэж үү?” гэсэн хариу өгсөн бөгөөд ийм хариулт сонсоно гэж төсөөлөөгүй байсан Hyuna-ийн хувьд гайхшрам үйл явдал байсан гэдэг. Ингээд л к-поп ертөнцөд дэбютээ хийж амжаагүй байсан бэлтгэгдэгч, ид гялалзаж яваа од хоёрын харилцаа эхэлжээ.
2018 ОН: “CUBE” ЭНТЕРТАЙНМЕНТИЙГ ОРХИВ
Хосуудын үерхлийн мэдээ нэгэнт эрчийг авч, олон хүний шүүмжлэл болоод дэмжлэгийг нэгэн зэрэг хүртэж байсан 2018 оны есдүгээр сард тэд албан ёсоор энтертайнментаа орхиж буйгаа зарласан юм. Улмаар тэд харилцаагаа илүү нээлттэй болгож жаргалтай мөчөө сошиал хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж байв. Энэ үед тэд шүүмжлэл бус дэмжлэг, хайр, хүндэтгэл хүлээх нь ихэссэн юм.
2019 ОН: “P NATION”
YG энтертайнментийн соло уран бүтээлч асан PSY-ын байгуулсан “P Nation” агентлагт тэд 2019 оноос харьяалагдах болов. Ийнхүү Hyuna дуучныхаа хувьд мөн онд “Flower shower”, “Money” зэрэг бүтээлээ олны хүртээл болгосон юм. Түүгээр ч үл зогсон Өмнөд Солонгосын үндэсний телевизийн тайзан дээр үзүүлбэрээ толилуулсан анхны алдартан хосууд нь тэд болсон гэдгийг дурдах нь зүй.
2022 ОН: СҮЙН ЗАР
Шүүмжлэлт сэдэв болсон тэдний харилцаа тогтвортой үргэлжилсээр энэ оны хоёрдугаар сарын 3-нд Dawn өөрийн Instagram хуудсаар дамжуулан “Надтай гэрлэх үү?” гэсэн стори хийж олныг гайхшруулсан юм. Ийнхүү тэд сүй тавьж буйгаа албан ёсоор зарласан билээ.
Тэдний хамтран гаргасан “Ping Pong” дуу:
САЛАЛТ
Харамсалтай нь олны хайртай хос 11 дүгээр сарын 30-ны өдөр салж буй тухайгаа зарлалаа.
Hyuna:
"Бид салсан
Одооноос сайн найзууд байх болно.
Биднийг дэмжиж байсан бүгдэд баярлалаа" гэж бичжээ.
Тэд ямар шалтгаанаар салж буй тухай одоогоор мэдэгдээгүй ч тэдний шийдвэр учир хүндлэх нь зүйтэй юм.
Эх сурвалж: Koreaboo, South China Morning Post
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх