Хайр дурлалын гайхамшгийг мэдрүүлэх 10 ном


Б.Марал | YOLO.MN
2022-04-13

Хайр бол хүний энэ хорвоогоос авч болох олон олон гайхалтай мэдрэмжүүдийн хамгийн хүчтэй бас хамгийн хачирхалтай нь. Хэн нэгнийг хайрлана гэдэг төсөөлшгүй их аз жаргалд умбуулах хэр нь заримдаа хэнээс ч, юунаас ч илүү гуниглуулж чаддаг. Гэхдээ эдгээр мэдрэмжүүд л биднийг "амьд" гэдгийг мэдрүүлж байдаг шүү дээ. Тиймээс энэхүү нийтлэлээрээ хайр дурлал гэх “ээдрээ”-г ойлгож, үзүүрээс нь ч болтугай “амсах”-ыг хүссэн хэн бүхэнд зориулан хайрын тухай гайхалтай 10 зохиолыг танилцуулж байна. 

                                               

 1.Richard David Precht “ХАЙР: Цэгцрээгүй сэтгэл

Энэхүү ном 2009 онд анх Герман улсад худалдаанд гарчээ. Номонд эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд мөнхөд үргэлжлэх хайр дурлалын тухай өгүүлнэ. Хайр юу юунаас ч илүү бидний амьдралыг орвонгоор нь эргүүлж, бүх зүйлийн эмх цэгцийг алдагдуулдаг атал бид чухам хайр гэж юу вэ гэдэгт хариулж чаддаггүй.

Бэстселлер бүтээлийн эзэн Ричард Давид Прехт энэхүү цэгцрээгүй бодол санаа, төөрч будилсан асуултуудыг чинь цэгцлэх болно. Тэрээр хайрыг ген болон биологитой ямар хамааралтайг судлан бичсэн бөгөөд хайр бидний физиологийн хаанаас ундарч бий болдог тухай өгүүлэх ажээ. Хайрын идеал бүхий замбараагүй ертөнц, бодит байдлын заагийг нарийн хэмжиж, яагаад бидэнд хайр хамгаас чухал болохыг, яавал түүнийг хэзээ ч алдахгүй тухай зугаатайгаар тайлбарлана.

2.Элиф Шафак “Хайрын дөчин дүрэм” 

“Энэ ном хайр сэтгэлийн тухай ном биш амьдралын тухай ном юм. Хайр гэдэг амьдрал юм. Амьдрал гэгч нь хайр юм.”
Элиф Шафак одоогоор арав гаруй роман туурвиснаас хамгийн алдартай нь “Хайрын дөчин дүрэм” юм.

Исламын ертөнцийн гарамгай найрагч Румигийн амьдрал, тэмцэл, агуу нөхөрлөлийн түүхийг орчин үеийн жирийн бүсгүйн хайрын түүхтэй сүлэн бичсэн эл бүтээл “хайр” хэмээх хашигдах хил, хоригдох хэлгүй ид хүчнийг мэдэн захирах дөчин дүрмийг дэглэн толилуулжээ. “Хайрын дөчин дүрэм” романыг BBC-ээс “Хамгийн нөлөө бүхий 100 роман”-ы нэгээр нэрлэжээ. 

3. Erich Fromm "Хайрлах урлаг"

Эрих Фромм нь 1900 онд Германы Франкфурт хотод төрсөн, еврей гаралтай хүн юм. Тэрээр социологийн ухааны доктор болж, сэтгэл зүй, нийгмийн ухаан, философийн салбарт өөрийн ухамсарт амьдралыг зориулсан юм.

Уг  ном хайрын тухай л ярьж буй мэт боловч бидний сэтгэлгээний онцлог, өнөөгийн амьдралын хэлбэр, нийгмийн байгуулал хүний сэтгэлгээнд хэрхэн нөлөөлдөг хийгээд хайр биднийг хааш нь хөтөлдөг зэргийг дэлгэн харуулах ажээ.

“Хайрлах гэдгийг УРЛАГ гэвэл яг л дуу хөгжим, уран зураг, анагаах ухаанд суралцдагтай адил түүнд суралцах ёстой. Хэрвээ хайр байхгүй бол хүн төрөлхтөн нэг өдөр ч оршин тогтнох аргагүй.”

4.  Габриель Гарсиа Маркес "Тахлын үеийн дурлал"

Номын зохиолч Габриель Гарсиа Маркес нь Колумбийн зохиолч, сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн билээ. Тэрээр 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн байна.

“Тахлын үеийн дурлал” ном анх нь 1985 онд хэвлэгдэн гарсан бөгөөд энэхүү романаас бид хайрын хамгийн өндөр дээд, хүндлэм байдлыг ч, адгийн, шившигтэй байдлыг ч аль алийг нь харна. Залуусын хайр дурлал, идэр насныхны бас өтөл насныхны хайр дурлалтай бүгдтэй нь таарна. Ихэнх зохиолчид, бүр алдарт зохиолчид ч хүртэл зохиол бүтээлдээ хайрын зөвхөн нэг талыг барьж авах нь элбэг бол Маркес “Тахлын үеийн дурлал” романаараа нэг ёсондоо роман хэлбэрээр хүүрнэсэн, хайрын лавлах толийг бүтээсэн гэж хэлж болох юм.

“Сул дорой хүмүүс хайрын хаант улсад хэзээ ч орохгүй”

"Хайр бол нигүүлслийн төлөв байдал гэж бод, ямар нэгэн зүйлд хүрэх хэрэгсэл биш, харин зорилго юм."

5.  Г.Аюурзана "Дурлал зохион бүтээгч"

Уг ном 2015 онд хэвлэгдсэн ба эхний өгүүллэгээр номыг нэрлэсэн нь “Дурлал зохион бүтээгч” юм. Постмодерн шийдэлтэй тэрхүү өгүүллэгийг залгуулаад “Домгоос ирсэн захидлууд”, “Илгээмж”, “Мэдэх”, “Эцгийн үхэл”, “Солгой гарын ноктюрн”, “Амьдрал нүцгэнээрээ”, “Аз жаргалгүй хүмүүс”, “Эртний гүүр” зэрэг амьдралын тухай эргэцүүлэл, өнөө цагийн хүмүүсийн дотоод монолог шингэсэн 16 өгүүллэг багтсан байна.

6. Мүраками Харүки "Норвегийн ой"  

Энэхүү номын зохиолч Мүраками Харүки-ийн уран зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиоын шагналуудыг хүртсэн юм. Мүракамигийн утга зохиол нь Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажиж хошин, хиймэл, маш гадааджуулсан байдалтай, ганцаардуулсан байдлыг харуулдаг нь дотоодынхны шүүмжлэлийг дагуулдаг. Түүний 1987 онд гаргасан "Норвегийн ой" ном нь Японд залуучуудын дунд нэрд гарч олон сая хувиар хэвлэгдэж түүний нэрд гарах эхлэл нь болжээ.

Энэ зохиолд амьдралд хөл тавьсан нэгэн залуугийн амьдрал, хайр сэтгэл болоод хүмүүний нандин харилцааны тухай өгүүлнэ.

7. Лев Толстой "Анна Каренина" 

Оросын зохиолч Лев Толстойн бичсэн роман бөгөөд анх 1878 онд бүрэн эхээрээ ном болон хэвлэгджээ. Үүнээс өмнө 1873-1877 оны хооронд Русский вестник сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн. Утга зохиол шүүмжлэгчдийн зүгээс тус зохиолыг дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиолын нэг хэмээн үнэлсэн байдаг. Тус зохиол дэлхийн олон хэлэнд орчуулагдаж, кино, жүжиг болон урлагийн бусад хэлбэрээр ахин дахин бүтээгдсээр байгаа билээ.

Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Китти хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлэх бөгөөд Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа зохиолын гол хөтлөх шугам болно. 

8. Франсуаза Саган "Сайн уу гуниг минь" 

Францын зохиолч Франсуаза Саганы 18 насандаа бичсэн эл бэсрэг роман нь өдгөө олон уншигчдад гүн сэтгэгдэл төрүүлсэн хэвээр л байна. Хүний сэтгэл зүрхний далд чин хөндийд нуугдан байх гуниг, ганцаардал гээч гарт баригдаж, нүдэнд үл үзэгдэх хий хоосныг бодит мэт дүрслэн хайр сэтгэл хүн хоорондын харилцааны ярвигтай чанарыг гаргууд нээсэн зохиол гэвэл үүнийг л хэлэх байх...

Сайн уу гуниг минь роман бол хүн бүр өөр өөрийн замаар замнаж өөр өөрнийхөө хүслийг даган урагшилдаг ч захгүй амьдралын хаа нэгтээ тэрхүү зам лав огтлолцдогийг дүрүүдийнхээ ааш араншин, эрээ цээргүй үйлдэл, инээд наргиантай уур амьсгал гунигт эргэлтээр тун гарамгай илчилсэн бүтээл болсон байна.

“Үзэсгэлэнтэй юм аа, гуниг гэдэг!”

9. Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал" 

Австрийн Их зохиолч Стефан Цвейг бол сонгодог бичилгийн зохиолчдын дотор сэтгэл зүйн их мастер гэж алдаршсан зохиолч юм.

Уг зохиолд бяцхан охин хөрш айлын боловсролтой залууд дурлаж, амьдралынхаа турш түүнийг алсаас хайрлаж, нас нөгчихийнхөө өмнө захидал илгээнэ. Захидалд танихгүй эмэгтэйн амьдрал хийгээд хайр дурлал зөвхөн түүнд зориулагдсан болохыг, чин зүрхнээсээ хайрласан хүнийхээ төлөө бүсгүй хүн юу ч хийж чадахыг харуулжээ.

10. Шарлотта Бронте "Жейн Эйр" 

Английн алдарт зохиолч Шарлотта Бронтегийн Смит ба Эльдер хэвлэлийн компанид Каррер Белл гэх нууц нэрээр хэвлүүлсэн “Жейн Эйр” ном 1847 онд гарч байжээ. ВВС Books-ээс зарласан бүх цаг үеийн шилдгийн шилдэг 200 номын аравт бичигдсэн “Жейн Эйр” роман нь хэвлэгдсэн цагаасаа хойш 170 жил болж байна.

Зохиолын гол баатар Жейн Эйр охин нялхдаа эцэг эхээсээ өнчирчээ. Романы үйл явдал Жейний 10 наснаас эхлэн өрнөдөг. Энэ романы онцлог нь тухайн үеийн бусад зохиолууд шиг гол баатар нь roo үзэсгэлэнт бүсгүй биш. Харин зоримог шийдэмгий, хэзээ ч бусдын нөлөөнд авталгүй амьдралаа залж чаддаг ухаантай эмэгтэйн дүрийг гаргаснаараа Шарлотта хүчирхэг эмэгтэй баатрыг уран зохиолд төрүүлсэн гэж судлаачид үздэг байна.

Бичигдсэн цагаасаа хойш өнөөг хүртэл орон орны уншигчдаа байлдан дагуулсаар байгаа цагийг эзэлсэн гайхалтай энэ номын зохиогч Шарлотта Бронте мөн л эгэл бус намтартай, амьдралын шуургыг сөрж тэмцсээр зохиолч болж чадсан эмэгтэй юм.

Эх сурвалж: book

#Номтой нөхөрлөе