Таны хайрын хэл юу вэ?


Г.Нандин | YOLO.MN
2023-02-14

Хайрын хэл гэдэг нь тухайн хүний хайраа илэрхийлэх арга, хайрыг мэдрэх хэлбэрийг хэлнэ.  Хүн бүр өөрийн гэсэн хайрын хэлтэй байх бөгөөд хоёр өөр төрлийн хайрын хэлтэй хүмүүс бие биенийхээ хайраа илэрхийлж буй хэл буюу арга замыг мэдэхгүйгээс үүдэн андуурал үүсч, ташаа ойлгохоос гадна нөгөө хүндээ хайртайгаа мэдрүүлж чаддаггүй. Тиймээс энэхүү нийтлэлээрээ хайрын таван хэл буюу хүмүүсийн түгээмэл ашигладаг хайрын илэрхийлэлүүдээс танилцуулах болно.

Хайрын таван хэл гэдэг ойлголт анх 1992 онд Доктор Chapman-ны "The 5 Love Languages" номоор олонд танигдаж байсан ба одоог хүртэл сэтгэл судлал, харилцааны шинжлэх ухаанд өргөн ашигладаг ухагдахуун юм.

Доктор Chapman нь маш удаан хугацаанд түүнд тусламж хүссэн харилцааны асуудалтай хосуудыг ажиглан судласны эцэст таван ялгаатай хайрын хэл байгааг олж тогтоожээ. Тиймээс та доорх таван хайрын хэлийг олж мэдсэнийхээ дараа өөрийн хайрын хэлийг тодорхойлох боломжтой. (Хүн ихэвчлэн нэг үндсэн, нэг нэмэлт хайрын хэлтэй байдаг)

Урмын үг (Words of Affirmation)

Урмын үгнээс хайрыг мэдэрнэ гэдэг нь амаар хэлсэн үг, магтаалаас хайрлагдаж буйгаа мэдрэхийг хэлдэг. Үндсэн хайрыг мэдрэх, хайраа илэрхийлэх арга зам нь урмын үг байх ба түүнийг дэмжсэн, урам зориг өгсөн үг, захиа, мессеж гэх мэт зүйлсээс хайрыг мэдэрч тэр хэрээрээ хайртай хүндээ ч тухайн үгсийг хэлж хайртай гэдгээ илэрхийлдэг нэгэн юм. 
Энэ төрлийн хүнд магтаал, дэмжлэг чухал ба хосын харилцаанд “Би чамд хайртай” “Дулаахан хувцаслаарай” гэх мэт үгэн хэлбэрийн хайр нь хамгийн их байр суурь эзэлдэг.

Хамт байх (Quality Time)

Хайрыг хамт байхаас мэдэрнэ гэдэг нь өөрөөр хэлбэл анхаарал халамж хүсэмжлэгч гэсэн үг. Энэ төрлийн хүн нь хостойгоо хамт байх хугацаандаа өөрт нь бүрэн анхаарал хандуулж,  утас, зурагт өөр зүйлд чухал ач холбогдол өгөхгүй байх үед хайрыг хамгийн хүчтэй мэдэрдэг гэнэ шүү.

Тиймээс хостойгоо удаан хамт байхаас илүү богино хугацаанд хэн хэндээ анхаарч, ач холбогдол өгөхийг илүүд үздэг нэгэн юм.

Хүрэх (Physical Touch)

Энэ төрлийн хайрын хэлэмжтэй хүн нөгөө хүн нь өөрт нь ойр байх тусам хайрыг илүү мэдэрдэг. Түүнийг тэврэлт, хөтлөлт, үнсэлтээс гадна гутарсан үед нуруу илж өгөх, толгойгоо илүүлэх, жижигхэн хэсгээрээ шүргэлцэх гэх зэрэг энгийн зүйлс ч хурдан догдлуулна. Тиймд өөрөө ч ийм үйлдлүүдээр хайртайгаа илэрхийлэх нь элбэг.

Тусламж (Acts of Service)

Ийм төрлийн хайрын хэлтэй хүн  бусад хүмүүс өөрт нь туслах үед хайрыг мэдэрч, өөрөө мөн бусдад тусалж хайраа илэрхийлдэг. Жишээ нь хүрэхгүй байгаа зүйлийг нь өндөр дээрээс авч өгөх, хичээлээ хийгээд сууж байхад нь цай хийж өгөх, хаалга онгойлгож өгөх гэх мэт.

Бэлэг өгөх/авах (Receiving Gifts)

Хайрыг илэрхийлсэн биет бодит эд зүйл байх үед хайрыг хамгийн их мэдэрдэг хүн байдаг. Заавал үнэтэй, том бэлэг байх шаардлагагүй бөгөөд түүнд жижиг, тэр хүнийг хэр сайн мэдэхээ харуулсан бэлэг хамгийн их таалагддаг. Тийм төрлийн бэлгийг хэзээ ч мартахгүй үргэлж сэтгэлдээ хадгалж явдаг нэгэн юм.

Ингээд хайрын таван хэлийг мэдэж авсан учир доорх таван үйлдлийг 1-ээс 5-ын хооронд үнэлж  өөрийн хайрын хэлийг тодорхойлоорой.

“Хайртай шүү” гэж хэлэх, эсвэл хийсэн зүйлийг чинь магтах

Хамгийн дуртай чихрийг чинь гэнэт халааснаасаа гаргаж өгөх

Хамт хоол хийж, кино үзэх

Ойлгохгүй байгаа хичээлийг чинь тайлбарлаж өгөх

Хамт алхаж байхдаа хөтлөлцөх

Ашигласан материал:verywellmind

#Зөвлөгөө