Бид зөв нэгэнтэй учрах үед хорвоо ертөнцийг өөр нүдээр харж эхэлдэг. Хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсээ түүний төлөө хийж, хэнд ч үзүүлж зүрхлээгүй сул талаа тэр хүнд харуулж, өөрийгөө бус өрөөлийг урьтал болгосон цагаас эхлэн бид хайрлаж бас хайрлуулдаг байх.
Өмнөд Солонгосын алдартан хосуудын хайрын түүхийг товч өгүүлдэг цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт өнгөрөгч 5-ны өдөр эргэн ирэлтээ хийгээд буй BIGBANG хамтлагийн гишүүн Taeyang болон түүний гэргий, жүжигчин Min Hyo-rin нарын хайрын түүхийг хүргэж байна. Ингээд “Хэрэв би түүнтэй учраагүй бол гэрлэлтийн тухай хэзээ ч бодож чадахгүй байсан” гэх Taeyang-ы үгээр энэхүү нийтлэлээ эхлүүлье.
2014 ОН: ТЭД ХЭРХЭН УЧИРСАН БЭ?
2014 онд танилцаж байсан тэд анх ажлын шугамаар бие биетэйгээ холбогдож байжээ. Тодруулбал, 2008 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ олны хүртээл болгож буй Taeyang “1AM” нэртэй ээлжит дууныхаа клипэнд гол дүр бүтээх эмэгтэйг хайсан ба хамтлагийн гишүүн G-Dragon жүжигчин Hyo-rin-ийг санал болгосноор тэдний харилцаа эхэлсэн гэдэг. Тус дууны клипэнд тэд хосын дүр бүтээдэг бөгөөд улмаар тухайн жилээсээ болзож эхэлжээ. Гэвч 2015 оныг хүртэл тэд харилцаагаа аль ч талаас ил болгож хүлээн зөвшөөрөөгүй юм.
2015 ОН: ХАРИЛЦАА ИЛ БОЛОВ
Тэдний үерхлийг ил болоход тухайн үед YG энтэртайнментийн захирлаар ажиллаж байсан Yang Hyun Suk-ын хэлсэн үг шүтэн бишрэгчдийн хувьд 2015 оны хамгийн дурсамжтай үйл явдлын нэгт тооцогддог билээ. Тэрээр “Юун түрүүнд Taeyang-д баяр хүргэх нь зүйтэй. Учир нь түүнийг хэзээ ч болзож үзээгүй гэж яригддаг шүү дээ. Энэ бол шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоосон сэдэв байсан... Би тэдний харилцааг түүний менежрээс олж мэдлээ. Санаа зовохоос илүү баяр хүргэх ёстой гэж бодож байна. Яг одоогоор зураг авалтын улмаас түүнтэй холбоо барьж чадахгүй байгаа ч энэ мэдээг би тун эерэгээр хүлээн авч байна” хэмээн хэлсэн юм. Ийнхүү тэднийг болзож байгаа тухай хоёр талын энтэртайнментууд баталж к-поп ертөнцийн хамгийн алдартай хосуудын нэг болов.
СЭТГЭЛЭЭ ИЛЧЛЭХ РОМАНТИК АРГУУД
MBC телевизийн “Radio Star” нэвтрүүлгийн үеэр Taeyang хэлэхдээ “Анх түүнийг өөртөө татахын тулд ихэнхдээ захиа бичдэг байлаа. Түүнийг бодох бүрдээ бичсэн захидлаа заримдаа шууд өгч, зарим үед цэцгийн хамт илгээдэг байсан” хэмээн хэлж байсан юм. Түүний романтик үйлдэл энэ хүрээд дуусаагүй бөгөөд дуу хөгжмөө бичих урам зориг нь Hyo-rin байсан тухай ярилцлагадаа дурдаж байв. Тухайлбал, “Eyes, nose, lips” дуунаас эхлээд 2017 онд гаргасан “White Night” соло цомгийн бүтээлүүд дээр ажиллах урам зориг, сэдэл нь зөвхөн Hyo-rin байсан талаар ярьж байсан юм. Түүнчлэн Min Hyo-rin-ий талаас ч BIGBANG хамтлагийн тоглолтыг алгасалгүй үзэж түүнийг дэмжсээр ирсэн билээ.
2017 ОН: ХУРИМЫН ЗАР
Тэдний гэрлэлтийн талаарх мэдээг анх Taeyang цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн юм. Тэрээр “Бүгдээрээ сайн уу? Taeyang байна. Өнөөдөр би та бүхэнтэй миний амьдралд тохиосон маш чухал хийгээд баяртай мэдээг хуваалцах гэсэн юм. Би амьдралынхаа үлдсэн хугацааг сүүлийн дөрвөн жил миний дэргэд байгаа Min Hyo-rin-тэй хамт өнгөрүүлэхээр амласан. Сайн муу аль ч үед минь тэр надад итгэсэн учраас одоо бид хамтдаа сайхан амьдрахаар тэсэн ядан хүлээж байна. Надтай үргэлж гэр бүл шигээ харьцдаг бүх шүтэн бишрэгч, хамтлагийн гишүүд, YG-ийн гэр бүл, хамтран ажиллаж, уулзаж байсан бүх хүнд БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна. Цаашид хариуцлагатай, ёс журамтай амьдрах болно. Харин та бүхэн бид хоёрыг үргэлжлүүлэн дэмжиж, өөрсдийн адислалаа өгнө хэмээн итгэж байна” гэж захидал бичсэн билээ.
2018 ОН: ГЭРЛЭЛТ
2018 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр тэд гэр бүл, найз нөхдийн хүрээнд хуримаа хийсэн юм. “Twilight” киноны хуримын хэсэгтэй төстэй байхаар засал чимэглэлээ хийлгэсэн бөгөөд сүйт бүсгүй Hyo-rin Oscar de la Renta загвар зохион бүтээгчийн тухайн жилийн намрын коллекцод багтсан хуримын даашинзаар гангарсан байв. Тэдний хуриманд маш олон алдартан хүрэлцэн ирж тэдэнд адислалаа хүртээсэн юм.
2021 ОН: АНХНЫ ХҮҮХЭД
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр тэд анхны хүүгээ өлгийдөн авав. Тэд 2021 оны есдүгээр сард хүүхэдтэй болж буйгаа олон нийтэд зарласан бөгөөд тухайн үед Hyo-rin-ий харьяалагддаг Plum агентлагаас “Hyo Rin олны нүднээс далд, чимээгүйхэн амаржихыг хүсэж байгаа тул олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс тэдний хувийн амьдралыг хүндэтгэж, хэт их оролцохгүй байхыг тусгайлан хүсэж байна” хэмээн мэдэгдэл хийж байсан юм.
Эх сурвалж: Koreaboo, Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх