Robert Pattinson-ын ТАВАН шилдэг кино


Хасбаатар | YOLO.MN
2022-04-05

Christopher Nolan найруулагчийн Tenet (2020)-оос эхлээд массын анхаарлын төвд байсан жүжигчин бол Robert Pattinson. Анх кино урлагт өсвөр насны охидын сэтгэлийг татсан цус сорогч Эдвардийн дүрээр орж ирсэн энэ жүжигчин “indie” жанрт хөл тавьж түүнээс хойш ямар ч кинонд, хэний ч дүрийг бүтээж чадах гарамгай жүжигчин гэдгээ олон удаа батлан харуулсан. 1986 онд төрсөн одоо 35 настай тэрээр том өртөгтэй blockbuster, үзэмжээс өгүүллийг илүүд үзэх art house гээд олон арван кинонд дүр бүтээснээс өнөөдөр түүний шилдэг цөөн хэдэн бүтээлтэй танилцацгаая.

The Devil All the Time (2020)

Pattinson Сарьсан багваахайн өмсгөлөө туршиж, Tom Holland аль хэдийн сүүлийн Spider-Man киноныхоо зураг авалтыг эхэлсэн тэр мөчид алдарт хоёр маань Antonio Campos найруулагчийн гэмт хэрэг, драма төрлийн бүтээлд хамтарчээ. Ихэвчлэн баатарлаг нэг эсвэл жаахан замаасаа хазайсан сайн залуугийн дүрд тоглодог Pattinson энэ кинонд тэс өөр дүр төрх гаргажээ. Ганц шүүмжлэх зүйл нь түүний тааруухан Америк аялга. Англи, Их Британи, Австрали гэх мэт бусад Англи хэлтэй орнуудын жүжигчид Холливудын кинонд дүр бүтээхдээ ихэвчлэн аялгаа өөрчилж тоглодог билээ. Харин энэ удаад мань хүн мэргэжлийн багш авахаас татгалзаж тухайн нутгийн аялгыг өөрөө гаргана гэж гөжсөн юм билээ.

Remember Me (2010)

Twilight Saga арай дуусаагүй байхад тэрээр маш сонирхолтой эргэлттэй өсвөр насны драма кинонд тоглосон юм. Анх харсан хүнд байдаг л нэг романтик инээдмийн кино шиг санагдах ч цааш явах тусмаа жанруудыг хольж, сэтгэл санааны тоглолт хийх нь сонирхолтой. Pattinson энэ кинонд хэцүүхэн гэр бүлээс гаралтай санхүүгийн байцаагчийн дүрд тоглох ба нэгэн цагдаатай маргаснаас болж охиныг нь өшөө авах хэрэгсэл болгон ашиглахаар шийднэ. Allen Coulter найруулагчийн энэхүү бүтээлд багахан дүнсгэр өнгө цухуйх ба эмгэнэлт инээдмийн элементүүд бүүр түүрхэн тохиолдоно.

Tenet (2020) 

Christopher Nolan кино гаргах тоолонд кино урлагт хорхойтой хүн бүхэн цаад утгыг нь ухаж ойлгохоор ханцуй шуудаг “ажил”-тай болсон. Цаг хугацаагаар дураараа тоглодог найруулагчийн шинэвтэр энэ бүтээл цаг хугацааны аялал гэх ойлголтыг цоо шинээр дахин тодорхойлжээ. Зүүдний болон бодит ертөнцийн хоорондох цаг хугацааны уялдааг харуулсан Inception (2010), өөр өөр гарагуудад цаг хугацаа харилцан адилгүй байдгийг тодотгосон Interstellar (2014), өдөр бүр өөрийгөө давтах Memento (2000) тэргүүтэй цуглуулга дээр цаг хугацаа ухарч урсдаг Tenet (2020) нэгэн сонирхолтой өнгийг нэмж түүнд нь John David Washington, Robert Pattinson нар маш том хувь нэмэр оруулж байлаа. Түүний энэ дүр кинондоо маш хүчтэй уур амьсгалыг бүрдүүлж, киноны баатруудыг хүн байдалтай нь уяж өгчээ. 

The Lighthouse (2019)

Саяхан Spider-Man: No Way Home (2021) кинонд эргэн ирж алдарт дүрээ ахин амилуулсан домогт жүжигчин Willem Dafoe-той хамтран тоглосон сэтгэлзүйн аймшиг, драма төрлийн энэ кино Robert Pattinson-ын шилдэг ажлуудын нэг яах аргагүй мөн. Үлгэр домгийн, үнэнхүү хачирхалтай эл киног жүжигчин маань шандас шаардсан ажил хэмээн тодорхойлсон билээ. Шалтгааныг нь үзвэл та ч ойлгоно. Шинэ Англид гэрэлт цамхаг манах ажилтай хөгшин далайчин (Willem Dafoe) дээр нэгэн залуу туслах (Robert Pattinson) ирснээр үйл явдал нь өрнөнө. Суурьшлын бүсээс зайдуу энэ бөглүү цамхгийн булан тохой бүрд галзуурал тэднийг отож, дотоод ухамсар аль эсхүл гаднын үл мэдэгдэх хүчтэй үргэлжид тэмцэх нь 2 цаг орчим үргэлжлэх хар цагаан кинонд амь нэмнэ. Dafoe-ийн дүр кино эхлэхэд л галзуурлын ирмэгт ирсэн байх агаад цоо эрүүл ирсэн залуугийн дүр эрүүл ухаанаа авч үлдэхийн төлөөх тулалдаж түүнийг Robert чадварлагаар дүрслэх нь даана ч үнэмшилтэй.

The Batman (2022)

David Fincher найруулагчийн Se7en (1995), Zodiac (2007) кинонуудыг санагдуулам энэ “нялх” кинонд Харанхуйн хүлэг баатрын мөрдөгч талыг түлхүү харуулна. Marvel-ийн идэж дуусаад хэсэгхэн бялуурдаг адал явдлаар дүүрэн кинонд дассан үзэгчид The Batman (2022)-ийн дундаас орхиж гарах, утсаа шалгах, унтах зэрэг үйлдлүүдийг багагүй гаргаж байсныг гэнэт дурдмаар санагдав. 3 цаг гаруй үргэлжлэх уг бүтээлд Robert Pattinson-ын бүтээсэн Бэтмэний дүр урьд өмнөх жүжигчдээсээ харьцангуй эв хавгүй, дорой байсан нь хар баг, тусгай хэрэгслийн цаана нуугдаж буй хүнийг илүүтэй тодотгож, хүн хэвээр нь дүрсэлсэн явдал байлаа.

 

#Кино урлаг