Хавар эхэлж шалгалт айсуй. Шалгалт, бие даалт ихсэж байгаа энэ үед бид Улаанбаатар хотод олон цагаар суун хичээл хийх боломжтой тухтай газруудыг цуврал нийтлэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлдээ өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй номын сантай кофе шопуудыг онцолж байна.
BOOK&COFFEE SHOP
Цагийн хуваарь: 09:00-20:00
Хаяг: Саппоро-гийн урд талын автобусны буудал дээр Номинжим төв 3 давхарт
Facebook Page: BookCoffee-shop
Book&Coffe shop нь 3 жилийн өмнө захын дүүргүүдийн сурагчдад хичээл хийх тухтай газар бий болгох, дугуйланд ач зээгээ хүргэж өгчхөөд авах гээд хүлээж байгаа эмээ өвөө нарт зориулан байгуулагдаж байжээ. Үндсэн заал ба багаараа хичээл хийх боломжтой хурлын заалтай. Мөн үндсэн зааландаа VIP өрөөтэй. Сүүлийн үеийн best seller бүтээлүүд, ЕБС-ийн сурах бичгүүд, санхүү болон анагаахын мэргэжлийн номуудтай. Үйлчлүүлж байгаа үед зааланд байгаа номыг үнэгүй аван уншиж болох ба нэг өдрийн 500 төгрөг төлөөд номоо түрээслэн авч явах боломжтой. Зөвхөн хичээлээ хийхээс гадна компьютер ашиглах, компьютер дээр ажиллахдаа туслалцаа авах, шатар даам тоглож болох аж. Нэг удаагийн худалдан авалт хийгээд 3 цаг сууна. Кофе, хоолны үнэ хямд хэдий ч чанартай, амттай. Мөн өөрт байгаа хуучин номоо өгөөд бүтээгдэхүүн авч болно. Мөн Бямба Ням гарагуудад “Movie night”, “Найзтайгаа хамт зурж сурцгаая” зэрэг өдөрлөгүүдийг зохион байгуулдаг гэнэ. Ороход л хүүхдүүд хичээлээ хийгээд л сууж байдаг чимээгүй газар. Хүүхдүүд ихэвчлэн үйлчлүүлдэг, ажилчид нь найрсаг хүмүүс ч байдаг болоод ч тэр үү их дулаахан энергитэй. Хэрэв сурагч та Book&Coffe shop-оор үйлчлүүлэх гэж байгаа заавал латтег нь амсаж үзээрэй гэж зөвлөж байна.
CAFE 4450
Цагийн хуваарь: 08:00-20:00
Хаяг: Өргөө 2 кино театрын урд, Интерном номын их дэлгүүрийн байр 2 давхар
Facebook Page: cafe4450
Монголын хамгийн анхны гэрэл зургийн зохиомжит номын сантай кафе. Үйл ажиллагаа явуулж эхлээд 2 жил болж байгаа ч оюутан залуусын дунд хэдийнээ танил болоод байгаа билээ. Уг кафен дотоод заслыг Голланд улсын архетиктур Румир загварчилсан ба тавилга гээд бүхий л зүйлийг модоор гараар урласан гэнэ. Арабика үрийн 90% робуста 10% агууламжтай Мазини үрээр кофегоо чанадаг ба үрээ Итали улсаас импортолж оруулж ирдэг аж. Кофеноос гадна өглөөний цай болон хоолоор үйлчилдэг. Захиалгаа өгөөд 2-3 цаг суух боломжтой. Номоос уншиж, киноноос л үзэж болох өнгө төрхийг бодитоор харж байгаа мэт үнэхээрийн алмайрч уулга алдам дотоод засалтай кафе. Орчин өвөрмөц үзэмж хэдий ч гараар урласан модон тавилгууд нь байгальд байгаа мэт тайван сэтгэгдлийг төрүүлж байсан. Үүний дээр кофе, хоол амт чанар сайтай. Удаан хугацаагаар суухад тухтай байлгах бүх л зүйлс уг газарт бий.
Номын сантай кофе шопуудаар үйлчлүүлэхдээ ном авсан бол ариг гамтай уншиж, хуудас хавтасны бүрэн бүтэн байдлыг хангаж, заавал эргүүлэн өгч байхыг уриалж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх