YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Олон дүү нартай учраас хичээл хийхэд хүндрэлтэй байна
Сайн байна уу? Би эмэгтэй 20 настай юм. Оюутан учраас одоо хичээлдээ явж байгаа. Онлайнаар хичээл хийхэд үнэхээр хүндрэлтэй байсан одоо бүр ч хэцүү санагдаж байна. Олон дүү нартай болохоор маш их шуугилддаг. Сурахад маш хүндрэлтэй байгаа учраас би маш их бухимдаж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Асуудалд биш шийдэлд төвлөрөөрэй
Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа. Хичээл хийх, чимээ багатай орчин хэрэгтэй байгаа гэж ойлголоо. Гэрийнхэндээ болон бусад хүмүүст тайлбарлаж хэлсэн гэдгийг нь ойлголоо. Хэлэхдээ ямар дуу хоолойны өнгөтэй, ямар биеийн хэлэмжтэй байсан бэ? Өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ яаж хэлж байна вэ? гэдэгт анхаарснаар бусадтай ойлголцоход туслах юм. Өөрийгөө ойлгуулахын тулд олон удаагийн оролдлого хэрэгтэй байдаг. Мөн харилцан нэгнийхээ орон зайг хүндлэх хэрэгтэй. Гэрийн дүрэм гаргах нь үүнд тусалж болох юм. Тиймээс бусадтай харилцахдаа биеийн хэлэмж, харц, дуу хоолойны өнгөө ажиглаад үзээрэй. Мөн сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой үедээ өөрийгөө илэрхийлэхийг хичээгээрэй. Сэтгэл хөдлөл давамгайлсан үед асуудлыг шийдэх биш гомдол ярих гээд байдаг талтай. Гэрээсээ гадуур хичээлээ хийх боломж бий юу? Сургуулийн номын сандаа сууж хичээлээ хийдэг үү? Асуудлын шийдэлд төвлөрдөг байгаарай. Ямар хэцүү юм бэ? Гэхээс илүү яавал энэ асуудлыг шийдэж болох вэ? гэдэгт гарц гаргалгаанд төвлөрөөрэй. Амжилт хүсье.
АСУУДАЛ: Эцэг эхтэйгээ харилцаж чадахгүй байна
Сайн байна уу? Би 18 настай эмэгтэй. Айлын ганц хүүхэд. Асуудал нь ерөөсөө эцэг эхтэйгээ харилцаж чаддаггүй ээ. Үнэндээ эцэг эх минь ч надтай харилцахыг хүсдэггүй. Манай гэр бүл тийм ч аз жаргалтай, эрүүл биш. Аав архи ууж агсам тавьдаг, агсам тавихаараа миний хийсэн алдаан дээр дөрөөлдөг. Би өдий 18 хүрсэн хэрнээ хайртай хүнтэйгээ хамт байж чаддаггүй. Үүндээ өөрийгөө их өрөвддөг, хэтэрхий чанга гараар намайг өсгөөд би хүнийг ч хайрлах эрхгүй байдаг. 18 настай хэрнээ найзындаа хонож энэ тэрүүгээр явж чаддаггүй, саяхнаас л өөрийгөө нохой шииг хоригддог хоригдмол байгаагаа мэдсэн. Зүгээр л найз залуугаа эцэг эхдээ хүлээн зөвшөөрүүлээд хамтдаа амар амгалан байх л миний туйлын хүсэл. Тэгээд ээжид хэлээд ярилцах гэхээр “Чи эмэгтэй хүүхэд байж ямар ч үнэ цэнгүй энэ тэр” гээд өөрийнхөө бодлоор шууд давшилдаг. Найз залууг маань мэддэг ч гэсэн дуртай биш. Нэг л хаалттай ердөө хүлээж авдаггүй. Найз залуу маань аав ээжийг минь хүлээж авна, намайг сайн ханддаг болгоно гэдэг итгэл найдвар тавьж явдаг.
Ээж намайг 20 нас хүрээд яв гэсэн ч би тэгж бодохгүй байна. Би яг энэ насан дээрээ дуртай юмаа хийж, гадуур дотуур найз нөхөдтэйгөө хамт хонож, чөлөөтэй, хараат бус, өөрийнхөөрөө хэнд ч гай болохгүй амьдрахыг хүсэж байна. Гэтэл миний эцэг эх энэ байдалд хаалттай хандаж байгаа нь намайг ямар их зүйл хийх хүсэлгүй болгож байгаа гээч. Энэ тухайгаа ээжтэйгээ ярилцах гэж үзэх бүрт “Чи жирэмсэн болно, ямар ч эрээ цээргүй болчих вий” гэдэг. Аавд үнэнээ хэлэхээр дараа нь архи уухаараа энэ талаар ярьж агсам тавих юм. Сүүлдээ гар хүрэх байх гэхээс айж байна. Би ийм байдалд байгаадаа огт сэтгэл хангалуун байж чадахгүй байна. Би хэд хоног тэсэхийн аргагүй болоод гэрээсээ явсан. Аав ээж хоёр маш их уурласан, аав зодсон. Уг нь би цорын ганц хүүхэд нь. Яваад ирэхдээ иймээ тиймээ асуудал огт гаргаагүй байтал яагаад ингэж их хатуурхдаг юм бол оо? Энэ байдлаас нь би залхаж байна. Би яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ойлголцохыг хичээж, өөрийгөө илэрхийлсээр байгаарай
Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Захидал илгээсэнд баярлалаа. Найзуудтайгаа уулзаж цагийг хамтдаа өнгөрүүлмээр байгаа ч эцэг эх нь хэт хориглож байгаа нь чамд таагүй байгааг нь ойлголоо. Мөн эцэг эхтэйгээ ойлголцохыг хүсэж байна гэж ойлголоо.
Эцэг эх маань надтай харилцахыг хүсдэггүй гэсэн байна. Юунаас болж тэгж бодсон бэ?
Энэ насанд найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх хүсэл дүүрэн байгааг нь ойлгож байна.Үүнийг нь аав ээж нь ойлгохгүй байна гэсэн байна. Хоёулаа, аав ээжийнхээ өнцгөөс харах гэж үзье. Багаас нь чамайг хайрлан өсгөж хажуугаасаа холдуулж үзээгүй байхад нь охин нь тусгаар байхыг хүсэж эхлэхээр аав ээжид мөн адил хүнд тусаж байгаа гэдгийг ойлгоорой. Ээжийнх нь хэлж буй үг хатуу, муухай ч гэлээ чамайг хэрхэн өөрөөр хамгаалах учраа олохгүй байгаа болов уу. Ингэлээ гээд аав ээжийгээ ойлгож гэртээ байх хэрэгтэй гэж байгаа юм биш шүү. Чи стрессдэж байгаатай адил аав ээж нь ч мөн чамайг аливаа эрсдэлээс яаж хамгаалах учраа олохгүй стрессдэж тэрийгээ хэт хориглох, загнах байдлаар илэрхийлж байна гэсэн үг юм. Тиймээс аав ээждээ чамд итгэхийг мөн тохиролцохыг санал болгоорой. “Таны санаа зовж байгааг ойлгож байна. Гэхдээ таны санаа зовж буй үйлдлүүдийг /нэрлэх/ гаргахгүй байж чадах учраас надад итгээрэй” гэх мэтээр өөрийгөө тайлбарлаарай. Бид сэтгэл хөдлөл өндөр байх үедээ юу болоод байгааг тайлбарлах гэхээсээ илүү гомдол хэлэх гээд байдаг талтай. Тиймээс сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой үедээ “надад … санагдаж байна.” “Үүнийг хэн хэнд нь ашигтайгаар ингэж шийдье” гэх мэтээр шийдэлд төвлөрч ярилцаж тохиролцохыг хичээгээрэй. 18 нас хүрсэн учраас л бүхнийг дураараа өөрийнхөө хийнэ гэж ойлгож болохгүй. Тусдаа амьдарсан ч чиний эцэг эх шүү дээ. Тиймээс ойлголцох хэрэгтэй болно. Ойлголцохгүй бол чамд ч аав ээжийн чинь ч сэтгэл зүйн болоод биеийн эрүүл мэндэд шууд болон шууд бус байдлаар сөрөг нөлөөтэй. Хэрвээ ярилцах гээд хичээгээд ч сонсохгүй эсвэл өөрийгөө зөв илэрхийлэхэд хүндрэлтэй байгаа бол сэтгэл судлаачтай биечлэн уулзаж болдог шүү. Аавдаа эсвэл ээждээ сэтгэл судлаачид хандмаар байгаагаа эерэгээр илэрхийлээд үзээрэй.
АСУУДАЛ: Сэтгэцийн эмгэгээсээ болоод vape хэрэглэдэг болчихлоо
Сайн байн уу? Би 15 настай. Сэтгэцийн тулгамдсан эмгэг гэж юуг хэлэх вэ? Номноос уншихад бүх шинж тэмдэг нь таарч илрээд байна. Одоо бүр vape бага хэмжээгээр хэрэглэдэг болчихсон. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Буруу зүйл хэрэглэж байна гэдгээ урамсарлаж буй нь сайн хэрэг
АСУУДАЛ: Эмээ минь миний хүссэн бүх зүйлийг хориглодог
Асуудал 3: Сайн байна уу? Би одоо 12-р ангид сурдаг,эмэгтэй. Аав ээж хоёр маань гадаадад байдаг учраас эмээтэйгээ хоёулаа амьдардаг. Манай эмээ “Чи чинь одоо дөнгөж дунд сургуулийн сурагч, оюутан болж төгсөөд л хумсаа ургуулж,үсээ задгай тавих гээд байгаа юм уу” гэхчилэн намайг элдэв хүссэн зүйл дээр минь хорьдог. Бүр өдөрт ойрхон дэлгүүр гарахад л “Найз бандитай болчихсон юм уу, ойр ойрхон гараад байх юм. Дээд сургууль төгсөж байж л хүнтэй үерхээрэй” гээд намайг үргэлж хааж боодог.сЯг л өөрийнхөө үед ямар байсан тэр үе шигээ л өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг. Ярилцаад огт ойлголцдоггүй. Энэ байдлаас болоод сүүлийн үед уур уцаартай ч болоод байх шиг... Ээж аавыгаа бүр илүү санах боллоо. Надад туслаач. Би яг яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: "Эмээ, Би чадна" гэдгээ илэрхийлсээр байгаарай
Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Нөхцөл байдлыг чинь төсөөлж байна. Сэтгэл зүйн зөвлөгөөнд бие хүн өөрөөс шалтгаалсан зүйлийн талаар зөвлөгөө хүсэх нь үр өгөөжөө өгдөг. Бусдаас хамааралтай асуудлаар зөвлөгөө хүсэх үед зөвлөгөөний үр дүнгийн хувьд бага байдаг. Бусдаас хамааралтай харилцааны асуудал дээр зөвхөн өөрийн зүгээс хийж болох үйлдлийг л хийх боломжтой.
Эмээтэйгээ ярилцсан гэсэн байна. Яаж ярилцсан бэ? Хэдэн удаа ярилцах гэж оролдсон бэ? Мөн эцэг эхдээ өөрийн нөхцөл байдлыг хэлсэн болов уу?
Эмээ өвөө нар өөрсдийн амьдарч байсан нийгмийн онцлог, хүүхдээ хүмүүжүүлсэн арга барилыг өөрчлөх, шинэ нийгмийн онцлогийг хүлээн зөвшөөрөх нь хүндрэлтэй байгаа нь ихээхэн ажиглагддаг. Тэдний өссөн нийгэм, хүүхэд болон ач зээ нарын өссөн нийгэм ондоо гэдгийг ойлгоход хүндрэлтэй байдаг гэдэг нь ч харагддаг. Эмээ нь чамайг аливаа эрсдэлээс яаж хамгаалах учраа олохгүй байгаа учраас хэт хориглох, загнах гэх мэт аргыг ашиглаж буй болов уу.
Эмээтэйгээ ярилцахдаа охиндоо итгээрэй. Би өөрийн хүрээлэлд зөв болоод буруу хүмүүсийг ялгаж чадна. Өөрийн гэсэн зорилготой, амьдралыг харах өнцөгтэй тул хэт шүүмжилж загнахгүй байх талаар хэлээрэй. Эмээтэйгээ ярих үедээ дуу хоолойны өнгөн дээрээ анхаараарай. Ууртай, түрэмгий, чанга дуу хоолойг эсрэг тал буруугаар ойлгоод хэрүүл болох эрсдэлтэй тул тайван дуу хоолойны өнгөөр өөрийн бодлыг илэрхийлсээр байгаарай. Мөн аав ээжтэйгээ видео дуудлага хийж санаж байгаагаа хэлдэг байгаарай. Хүүхдүүд аав ээжийнхээ санааг зовоочих байх гээд хэлдэггүй. Гэтэл тэрийг санааг зовоох биш мэдрэмжээ хуваалцаж байна гэдэг утгаар ойлгож зөвөөр илэрхийлэх боломжтой байдаг шүү.
АСУУДАЛ: Хамаатны ах минь намайг оролдсоныг мартаж чадахгүй байна. Ээждээ хэлвэл түүнд хэцүү байна байх
Сайн байна уу. Би одоо 19 настай. Дээрээ нэг эгчтэй. 6 жилийн өмнө буюу 13 настай байхад болсон явдал. Ээж минь их олон дүүтэй, яг доод эрэгтэй дүү нь нас барсны дараа ажил явдалд нь ээж минь туслахаар явсан юм. Маргааш нь намайг дуудаад ажил явдалд нь оролцоорой гэсэн. Тэгээд эгч бид хоёр өглөө нь очоод ойр зуур туслаад, хамаатныхаа дүү нарыг хараад өдөр өнгөрсөн. Орой нь ээж эгч хамаатны дүү нар мөн ээжийн дүү нь бөөндөө нэг гэрт хонохоор болсон юм. Эгчийн хажууд ээж, ээжийн хажууд би, миний хажууд ээж эгч бид гурав нэг хөнжилд, миний хажууд хамаатны ах тусдаа хөнжилд унтахаар болсон. Тэр ах манай эгчтэй чацуу 17 настай байсан юм.
Шөнө нэг л сонин зүүд зүүдлээд эвгүй оргиод сэртэл би хамаатны ахын хөнжилд орчихсон, хамаатны ах миний нууц газрыг оролдож бас миний гарыг өөрийн бэлэг эрхтэн дээрээ тавьчихсан байсан. Их гэнэтийн байсан болхоор айгаад өөрийнхөө хөнжилд ороод хөнжлөөрөө өөрийгөө хучиж ээжид наалдаад нөгөө ахыг цааш нь түлхсэн. Ээжийг сэрээмээр байсан боловч айгаад, төрсөн дүү нь нас барсан байхад өөр нэг дүүгийнх нь хүүхэд ийм зүйл хийсэн гэж сонсвол ээжид их хэцүү байна гэж бодоод сэрээгээгүй. Би шөнө болсон зүйлээ өглөө нь зүүд гээд бодчих вий гэж айгаад шөнөжин өөртөө "Энэ зүүд биш, энэ зүүд биш" гэж хэлээд унтаагүй. Тэр ах хажууд минь байгаа гэж бодохоор л хөнжилнөөсөө толгойгоо гаргалгүй чичирч хоносон. Өглөө үүр цайгаад 6 цагийн үед ээж сэрж ээжийг дагаад шууд боссон. Босоод хамгийн эхэнд гараа угаагаад гадаа гарч "Ээжид хэлэх үү, яах вэ" гэж сайтар бодсон. Яах учраа ололгүй ээжид гэрлүүгээ явлаа гээд яг явах гэж байтал тэр ахтай таарсан ч юу ч болоогүй юм шиг надруу хараад зөрсөн. Тэр үеэс хойш тэр айлруу цагаан сар болгон очих үнэхээр дургүй. Ахиад л юу ч болоогүй юм шиг золгохоор ирсэн. Тэр бүрт ээжид хэлмээр санагддаг. Хэлсэн нь дээр үү? Эсвэл энэ хэвээрээ чимээгүй явах уу? Хэдий олон жил өнгөрсөн ч тэрийг бодох бүрт хэцүү, айдастай байдаг. Бас тэр ахыг үзэн ядаж байна. Туслаач
ЗӨВЛӨГӨӨ: Хамгийн түрүүнд бусдад биш "өөртөө" төвлөрөөрэй
Өдрийн мэнд. Өөрт тохиолдсон энэхүү явдлаа зөвхөн өөртөө хадгалах биш бидэнд итгэж хуваалцсанд баярлалаа. Юун түрүүнд энэ явдалд чиний буруу огт байхгүй юм шүү. Энэ үйл явдлыг цаашид, өөртөө хадгалж зовох биш гэр бүлийн гишүүддээ хэлж болно шүү. Энэ тохиолдолд ээжийнхээ санааг зовоох вий гэж бодох биш зөвхөн “өөртөө” төвлөрөх хэрэгтэй. Олон охид, хөвгүүд “бусад хүмүүсийн санааг зовоох байх” гэсэн бодлоосоо болж чимээгүй хохирогч болсоор байна.
Ээжтэйгээ дараах сэдвийн хүрээнд ярилцаарай:
Бэлгийн дарамтад бага насандаа өртөж байсан хүүхдүүд сэтгэл зүйн олон дарамтыг мэдэрч, туулж байдаг. Бусдаас тусламж гуйхаас битгий санаа зовоорой. Дуу хоолойгоо гаргаж байгаарай. Мэдрэмжээ ойр дотны хүмүүстэй илэрхийлж байгаарай.
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх