Хэрхэн царайлаг хумстай байх вэ?


Х. Болормаа | YOLO.MN
2022-03-07

Хэрхэн царайлаг хумстай байх вэ?

Хөвгүүдэд хандаж хэлэхэд хүн бүрийн сонирхол өөр байж болох ч ихэнх хүмүүс илүү тодруулбал ихэнх охидууд хүний хумсанд ихээхэн ач холбогдол өгдөг гэнэ шүү. Мэдээж зонхилох үүргийг гүйцэтгэн сэтгэлийг нь хөдөлгөхгүй ч цэвэрхэн хатуу хумстай байх нь таныг  цэгцтэй хүн мэт харагдуулдаг. 

Харин охидуудад хэлэхэд бид бүгд л эрүүл, бат бөх хумстай байхыг хүсдэг шүү дээ. Үгүй гэж үү? Маникюрт орж гелэн будгаар хумсаа будах нь бидний амьдралын хэв маягийн нэг хэсэг болжээ. Гоёмсог маникюртай байх нь сайн хэрэг ч мэргэжлийн бус маникюрчин, шаардлага хангаагүй хэрэгслээс улбаалан хумс гэмтэх, нимгэрэх зэрэг асуудлуудтай тулгардаг. 

 Харин бүх өсвөрийнхөндөө хандахад ямар нэг гадны нөлөөгүй ч шим тэжээлийн дутагдал нь хумсны эрүүл мэндэд нөлөөлдөг билээ. Тиймээс хумсаа бат бөх, эрүүл байлгах үүднээс хэрэгцээт амин дэмийг хэрэглэх шаардлагатай юм. Ингэхдээ шаардлагатай амин дэмийн хэмжээ хүн бүрт харилцан адилгүй тул мэргэжлийн эмчид хандан өөрт таарсан тунгаа тогтоолгох нь чухал гэдгийг анхаараарай.

Тэгэхээр бид энэ нийтлэлээрээ хумсны хатуу, бат бөх чанарыг хангах амин дэмүүдийн талаар мэдээлэл хүргэх болно.

БИОТИН 

Биотин буюу B7 амин дэм нь хумсны хатуу, бат бөх чанарыг хангадаг нь олон судалгаагаар батлагдсан байдаг. Тухайлбал, АНУ-ын Үндэсний анагаах ухааны санд нийтлэгдсэн хэврэг, нимгэн хумстай 35 хүнийг хамруулан хийсэн судалгаанд өдөр бүр 2.5мг биотинийг 2-7 сарын хооронд хэрэглэх нь хумсных нь бат бөх байдлыг 63% дээшлүүлсэн үзүүлэлт гарчээ. Хүний бие махбодь биотиныг ялгаруулдаггүй учраас хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнээс авах шаардлагатай юм. Биотин нь элэг, өндөгний шар, сүү, сүүн бүтээгдэхүүн, яргай загас, авокадо, чихэрлэг төмс, самар, үр тариа болон цэцэгт байцаад ихээр агуулагддаг байна.

КОЛЛАГЕН

Коллагенд байдаг пептид гидролизын уураг нь хумсыг бат бөх болгож, ургалтын явцыг түргэсгэдэг билээ. Коллаген нь хумсанд хэрхэн нөлөөлдөг талаар хийсэн нэгэн судалгаанд уг бэлдмэлийг өдөр бүр 24 долоо хоногийн турш хэрэглэх нь хумсны өнгөн хэсгийг хатуу, өнгөний хувьд эрүүл, ургалтын үйл явцыг хурдасгасан байжээ.

ТӨМӨР

Төмөр нь цусны улаан эсийг бүрдүүлдэг ба энэ нь биеийн бүх эд эс, эрхтэнг хүчилтөрөгчөөр хангадаг билээ. Тэгвэл төмрийн дутагдал эсвэл цус багадалттай хүний хумсанд дээр босоо зураас гарах эсвэл хонхойх шинж илэрдэг байна. Энэхүү бэлдмэлийг хэрэглэх зохистой тун нь хүйс, наснаас шалтгаалан өөр өөр байдаг. Тухайлбал, 19-50 насны эмэгтэйчүүдэд өдөрт 18мг уухыг зөвлөдөг бол цэвэршилтийн дараах үед болон эрчүүдэд энэхүү тоо нь 8мг хүртэл буурдаг юм (тухайн хүний онцлогоос шалтгаалан өөр өөр байх боломжтой). Мөн төмөр нь үхэр, тахиа, загас, зэрэг махан бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Харин гүн ногоон өнгөтэй ногоо, газрын самар, шош зэрэг ногоонд харьцангуй бага байдаг ч витамин С- тэй хавсарч хэрэглэх нь биед шингэх үйл явцыг идэвхжүүлдэг юм.

АНТИОКСИДАНТУУД

Витамин С нь коллагены нийлэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг тул хумсны нэмэлт тэжээлд хэрэглэдэг хамгийн түгээмэл антиоксидантад тооцогддог. Витамин С дутагдсанаар хумс хэврэгшиж, ургалт нь удаашрах сөрөг нөлөөтэй. Хүний бие махбод тус амин дэмийг байгалиасаа ялгаруулдаггүй тул нэмэлт бүтээгдэхүүнийг, жүрж, гүзээлзгэнэ, киви, ногоон өнгийн ногоо, улаан лооль зэрэг витамин С-ээр баялаг хүнсний бүтээгдэхүүний хамт хэрэглэх шаардлагатай. Сонирхуулахад, улаан өнгийн амтат чинжүүнд жүржнээс хоёр дахин илүү С амин дэм агуулагддаг байна.

ОМЕГА 3

Омега 3 тосны хүчил нь хумсыг чийгшүүлж, гялалзсан харагдуулдаг бөгөөд хумсны доод хэсгийг үрэвсэхээс хамгаалдаг билээ. Омега 3 дутагдсанаар хумс хуурайшиж, хэврэгшдэг байна. Тиймээс АНУ-ын Анагаах ухааны хүрээлэнгээс баталсан Омега 3-ыг уух зохистой хэмжээнд заасны дагуу эрчүүд өдөрт 1.6г харин эмэгтэйчүүд 1.1г хэрэглэхэд аюулгүй гэнэ. Омега 3 нь тослог ихтэй яргай, туна, хулд, хар амар болон сардин загаснуудад ихээр, харин өндөг, чиа үр, хушганд тодорхой хэмжээгээр агуулагддаг байна.

#Эрүүл мэнд #Зөвлөгөө #Зөв дадал