Гол дүрийн сонголт хэр оновчтой вэ?
Комик номоос сэдэвлэн бүтээгдсэн кинонууд дэлхийн кино зах зээлийг гартаа атгасан гэхэд үнэнээс нэг их зөрөхгүй. Анх Batman-ий шинэ кино төсөл эхэлсэн цагаас л хэдийнэ догдлоод эхэлсэн кино хорхойтнуудын дунд уг төслийн гол дүрд Robert Pattinson-ийг сонгосон гэх мэдээ маш том шуугиан тарьсан юм. Зарим нь түүнийг “The Twilight Saga” дээрх царайны хувиралгүй цус сорогчийн дүрээр нь шуудхан дүгнэсэн бол сүүлийн хэдэн жил Robert-ийг ойроос ажиглаж байсан үзэгчид “The Lighthouse (2019)”, “The King (2019)” “Tenet (2020)”, “The Devil All the Time (2020)” зэрэг кинонд бүтээсэн “чансаатай” дүрүүдээр нь санаж байлаа. Миний хувьд удаах үзэгчдийн бүлэгт харьяалагдах тул түүнд хэзээ ч эргэлзсэнгүй, Pattinson ч итгэлийг минь эвдсэнгүй.
Энэ Batman юугаараа өөр вэ?
Готам хотод гэмт хэрэгтэй тэмцдэг бараан өмсгөлтэй, ширүүн залуугийн талаар мэдэхгүй хүн арай ч байхгүй байх гэж бодсон тул үйл явдлаас нь жаахан цааш өнгийе. DC Universe хэзээнээс л хар бараан, хүнд гэдгээрээ алдартай. Харин “Shazam (2019)”, “Justice League (2017)” кинонуудад Shazam, Flash зэрэг “гэгээлэг” дүрүүдийг нэмж шинэ өнгө төрх бүрдүүлэх гэсэн оролдлого нь бүтэх, бүтэхгүй хоёрын тэг дунд унасан. За энэ ч яах вэ, тэртээ тэргүй энэ удаагийн Batman standalone буюу DC комиксын аль хэдийнэ бүтээсэн ертөнцөд ямар ч нөлөө үзүүлэхгүй, цаашид өөр дүрүүдтэй нийлэхгүй, яг л 2019 оны “The Joker” шиг.
Холбоогүй юм бол үзэхгүй өнгөрчихвөл яасан юм?
Marvel Cinematic Universe энэ жанрыг нийтээрээ таашааж үздэг болоход маш том нөлөө үзүүлсэн. Гэвч тал талд олон дүр гарган ирж үзэгчдэд хоногшуулж байгаад бүгдийг нь нийлүүлж баздаг (team-up) арга барил нь хүмүүст “муу зан” сургачихсан. Энэ тухай “Avengers: Endgame” киноны найруулагч Joe Russo IGN-д өгсөн ярилцлагадаа кино бүрээс multiverse-ийг хүлээж, өндөр хүлээлт тавьдаг, өөр дүр олж харахгүй бол уурсдаг хандлага хэрээс хэтэрч байгааг анхааруулсан юм. Тийм ч учраас Robert Pattinson-ий Batman заавал Superman-тэй нийлж дэлхийг аврах шаардлагагүй. Эцсийн шийдвэр зөвхөн чинийх. Гэвч үзэхгүй байхаар шийдвэл чи гурван цаг суудлаас чинь өндөлзүүлэх сонирхолтой бүтээлээс хоцорно л гэсэн үг дээ. Өөрөө л мэд.
Үзэхээр шийдсэн үү? Тэгвэл хаана үзэх вэ?
Ихэнх үзэгчид киног ямар театрт, ямар танхимд үзэхээ төдийлөн мэддэггүй. Магад хамаагүй байдаг байх. Гэвч нэгэнт л мөнгө зарж үзэж байгаагийнх байж болох хамгийн аятайхнаар үзчихвэл уг нь хаа юм бэ дээ, тийм ээ? Монголын үзэгчид IMAX форматыг хамгийн шилдэг формат гэж боддог. Уг нь зөв, гэхдээ нэг анхаарах зүйл бий. Аливаа киног IMAX-т үзэх шийдвэр гаргахаасаа өмнө тухайн бүтээлийг IMAX технологи ашиглаж бүтээгдсэн эсэхийг тодруул. Хэрэв өөр төрлийн камер ашиглан бичигдсэн бол хэчнээн IMAX танхимд үзээд нэмэргүй. Өнөө том дэлгэц чинь бүрэн дүүрэхгүй гэсэн үг. Яах вэ IMAX форматын дууны чанарыг мэдрэх л байх. Гэхдээ Dolby Atmos дуугаралттай танхим, IMAX танхимын тасалбар хэдэн төгрөгийн зөрүүтэй билээ?
“The Batman (2022)”-ийн хувьд IMAX камераар бичигдээгүй учир IMAX театрт үзлээ гэхэд хэдэн төгрөг илүү төлөхөөс өөр ялгаа бараг л гарахгүй. Тиймээс Dolby Atmos дууны системтэй LASER танхимд үзэх нь хамгийн зөв сонголт юм.
Өөр юу байна?
Өнгөрөгч онд Sony Pictures “Spider-Man: No Way Home” киногоороо уналтад ороод байсан кино театрын бизнесийг дэлхий даяар аварсан гэж хэлж болно. Warner Bros ч энэ амжилтын буухиаг цааш үргэлжлүүлэх төлөвтэй байна. “Wonder Woman 1984” киногоо театр болон HBO Max цахим платформ дээр зэрэг нээж томоохон “алдаа” гаргасан уг компани энэ удаад “The Batman”-г зөвхөн театруудаар нээсэн нь тун зөв шийдвэр байсан бололтой. Нээлтийн өдрүүддээ л зөвхөн дотоодын зах зээлээс $100 сая, олон улсын зах зээлээс $200 сая америк долларыг олоод байна. Энэ нь эхний хэдэн өдөртөө л бүтээгдсэн төсвөө бүрэн олсон гэсэн үг. Ямар амжилттай байгаа нь харагдаж байгаа биз? Санаа амар дараагийн анги хүлээж болох биз ээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх