CAMERON RUSSELL: ГАДААД БАЙДАЛ БҮХ ЗҮЙЛИЙГ ИЛЭРХИЙЛДЭГГҮЙ. НАДАД ИТГЭЭРЭЙ, УЧИР НЬ БИ ЗАГВАР ӨМСӨГЧ


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-03-03

Ирээдүйд загвар өмсөгч болох хүсэл, сонирхолтой уншигчдадаа зориулан “TEDx Talks”-ын шилдэг илтгэлийн нэг, YouTube сувагтаа хорин найман сая гаруй хандалттай,  Cameron Russell-ийн “Гадаад байдал бүх зүйлийг илэрхийлдэггүй. Надад итгээрэй, Учир нь би загвар өмсөгч” илтгэлийг бэлтгэн хүргэж байна.

CAMERON RUSSELL ГЭЖ ХЭН БЭ?

Russell нь Chanel, Versace, Prada зэрэг дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан бөгөөд, Vogue, Numйro, W гэх алдартай сэтгүүлүүдийн зураг авалтад оролцсон ихээхэн туршлагатай загвар өмсөгч юм.

Russell TEDx-ийн тайзан дээр гарч ирэхээсээ өмнө бие барьсан даашинз, өндөр өсгийт өмссөн байсан ч өөрт тухгүй байгаагаа хэлж, нам өсгийтэй гутал, биед эвтэйхэн хувцсыг сольж өмсөн гарч ирэв. “Зураг гэдэг гайхалтай хүчтэй хэдий ч хийсвэр зүйл юм. Тус салбарт 10 гаруй жил ажилласан хүний хувьд өөрийн туршлагаа хуваалцаж, хүмүүсийн ихэвчлэн асуудаг асуултад хариулт өгмөөр байна хэмээн” яриагаа эхэлдэг.

Асуулт: “Тэд бүх зурагт засвар хийдэг үү?”

Тийм ээ, тэд бараг бүх зургийг засаж янзалдаг бас зөвхөн нэг зургийн ард  гэхэд л томоохон хэмжээний баг ажилладаг.

Эхний зураг бол хамгийн анхны удаа усны хувцас өмсөн зураг авалтад орсон нь, харин дараагийнх нь энэ зураг авалтаас хэдхэн сарын өмнө аялж байхдаа эмээтэйгээ авхуулсан зураг.

Яг нэг өдөр авхуулсан хоёр өөр зураг.

Францын “Vogue” сэтгүүлийн зураг авалт ба энэ зураг авалтаас хэдэн хоногийн өмнөх найзуудын цугларалт. 

V сэтгүүлийн зураг авалт болон хөл бөмбөгийн багтайгаа авхуулсан зураг. 

Нэг зургийн ард гэхэд л үсчин, нүүр будалтынхан, гэрэл зурагчид, стилистүүд, тэдний туслах зэрэг асар олон хүмүүс ажиллаж эхний зургуудыг бий болгодог. Тэд л энэ зургийг жинхэнэ загварын бүтээл болгож чаддаг. 

Асуулт: “Хэрхэн алдартай загвар өмсөгч болсон бэ?”

“Сүүлийн хэдэн зууны турш бид гоо үзэсгэлэнг биологийн хувьд нуруулаг, туранхай, эмэгтэйлэг, цагаан арьстай байх зэргээр тодорхойлж байна. Үнэндээ би төрөхдөө л эцэг эхээс заяасан генээ өвлөн авч нуруулаг, цагаан арьстай, шаргал үстэй төрсөн. Тиймээс эцэг эхээс заяасан уг ген л алдартай загвар өмсөгч болоход нөлөөлсөн гэхэд болно. Үүнтэй санал нийлэхэд тийм ч амаргүй болов уу?  Гэхдээ 2007 онд Нью Иорк-ийн их сургуулиас загварын тайзан дээр загвар өмсөж байгаа модель бүрийг тоолоход нийт 677 модель хөлслөгдсөний, ердөө 27 нь л өнгөт арьстай загвар өмсөгчид байсан юм. Магадгүй та цагаан арьстай, нуруулаг, шаргал үстэй, гоолиг биетэй бол алдартай загвар өмсөгч болох боломж илүү өндөр.”Түүний хэлснээр загвар өмсөгчид гадаад төрхөндөө үргэлж анхаарах шаардлагатай ажил мэргэжилтэй тул өөртөө итгэлгүй эмзэг байдаг гэдгээ мөн хэлсэн юм.

Асуулт: “Би том болоод загвар өмсөгч болж чадах болов уу?”

Cameron “Би 10 жилийн дараа алдартай загвар өмсөгч болж чадах болов уу?” Өсвөр үеийнхэн ихэнхдээ энэ асуултыг асуудаг. Эхний хариулт бол би хэлж мэдэхгүй юм аа. Үүнийг би шийдэхгүй шүү дээ гэдэг. Харин миний үнэхээр хэлэхийг хүсдэг хариулт бол яагаад? Яагаад чи загвар өмсөгч болмоор байгаа юм бэ? Чи ирээдүйн ерөнхийлөгч, эсвэл дараачийн интернетийн зохион бүтээгч, зохиолч, зүрхний мэс засалч гээд аль нь ч байж болно шүү дээ. Арван жилийн дараа алдартай загвар өмсөгч болмоор байна гэдэг нь арван жилийн дараа сугалаанд хожмоор байна гэдэгтэй ижил зүйл юм. 
Хэдийгээр олон газарт очиж, алдартай одуудтай зураг авхуулах үнэхээр гоё хэдий ч энэ ердөө бидний ажлын тал хувь нь юм. Бидэнд камерын урд хэлж чаддаггүй маш олон зүйл бий. Зураг гэдэг үнэхээр хүчтэй ч хийсвэр ойлголт. Гадаад байдал бидний бүх зүйлийг илэрхийлдэггүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

 

#Боловсрол #TEDx Talks #Загвар