Хатуу үнэн: өсвөр насныхны дэлгэцийн хамаарал ба нойр


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-02-24

Бидэнд мэдээлэл авах, бусадтай харилцах гэх мэтчилэн дэлгэцтэй ойр байх олон шалтгаан бий. Ялангуяа өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн хөл хорионоос үүдэн бидний дэлгэцийн хэрэглээ хэд дахин нэмэгдсэн. Дэлгэцийн хэрэглээний цаг хэдий чинээ нэмэгдэнэ тэр хэрээрээ дэлгэцийн хамааралтай болж донтох эрсдэл өндөр байдаг аж. Судлаачдын дүгнэснээр хүний хамгийн эрч хүчтэй байх үе болон нойрноос сэрэх мөчлөг, нойрны чанар зэрэгт дэлгэцэд зарцуулж буй цаг ихээхэн нөлөөлдөг байна. Тэгэхээр найз минь уг нь унтаад байгаа боловч ядарсан мэдрэмж төрсөн хэвээр л байгаа бол зовлонгоо хуваалцацгаая. Ямар ч асуудалд гаргалгаа байж л таарна.

Нойр муутай байгаа нь дэлгэцийн хэрэглээний цаг ихэссэнтэй холбоотой

Өдөрт долоон цагийг сошиал медиа эсвэл интернет орчинд зарцуулдаг өсвөр насны хүүхдүүд гуч хүрэхгүй минут сошиал медиа ашигладаг хүүхдүүдээс нэг цагаар бага нойр авдаг. Мөн бөх унтаж чадахгүй шөнө дунд шалтгаангүйгээр хэд хэд сэрэх нь чанартай нойр авах боломжоо алдахад хүргэдэг. Тэгэхээр утасныхаа “унтлагын горим”-ыг идэвхжүүлж өөрийгөө хянах нь хожим үүсч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалах энгийн арга юм. Дэлгэцийн хамаарал зөвхөн биед чинь сөргөөр нөлөөлөөд зогсохгүй сэтгэцэд чинь хүртэл муугаар нөлөөлөх аюултай.

Унтах ба сэрэх мөчлөгт дэлгэц хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний нойрноосоо сэрэх мөчлөг нь ихэвчлэн нарны гэрлээс дохио авдаг хоногийн хэмнэлийн дагуу явагддаг. Гадаа гэрэлтэй байвал бид илүү сэргэг болдог. Харанхуй болоход биеэс маань нойр хүргэдэг мелатонин хэмээх даавар ялгарч эхэлнэ. Ухаалаг утас, таблет, компьютер, зурагтын дэлгэц зэргээс нарны гэрэлтэй тун төстэй богино долгионы цэнхэр туяа ялгарч байдаг. Энэ гэрэл нь биднийг илүү сэрэмжтэй болгоод зогсохгүй, өдөр мэт мэдрэмж төрүүлж бие махбодыг чинь хуурч орхидог гэнэ. Тийм учраас хэдэн цаг тасралтгүй дэлгэц ширтэх үед бие чинь хичээл хийснээс хамаагүй бага ядардаг шалтгаан нь энэ байж. Гэхдээ амралтын өдрөөр л хангалттай нойроо авчихна гэж бодож байвал энэ нь маш том эндүүрэл гэнэ шүү. Хоногийн нойроо хангалттай авч чадаагүй л бол нөхнө гэсэн ойлголт байхгүй.

Дутуу нойртой явах нь чамайг ямар үр дагаварт хүргэх вэ?

Удаан дутуу нойртой явах нь хүний сэтгэл хөдлөлд нөлөөлөхөөс гадна сурлагын чанарт чинь томоохон асуудал үүсгэнэ. Мөн арьсан дээр чинь ч тун таагүй гэнэтийн бэлгүүд гарч эхлэх шалтгаан болно. Дархлааг чинь сулруулж амьдралын идэвхгүй болгоход хүргэдэг юм шүү.  

Чанартай нойр авах зөвлөмжүүд

Хичээлийн ачааллаас болоод дэлгэц удаан ширтэх үеүд бидэнд бишгүй тохиодог. Тийм учраас бидэнд хувийн төлөвлөгөө гэдэг зүйл хэрэгтэй. Өдөрт хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж хэвших нь хамгийн үр дүнтэй арга.  Мөн найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, клубд нэгдэх эсвэл хичээлийн дараах үйл ажиллагаанд оролцох, биеийн тамирын дасгал хийх гэх мэт чөлөөт цагаараа олон төрлийн үйл ажиллагаанд оролцохыг хичээ. Идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл амьдралын үндэс гэдэг шүү дээ. Аль болох дэлгэцийн өмнө өөрийгөө уяхаа боль. Хоолны үеэр болон унтахаасаа нэг цагийн өмнө чамайг унтахад садаа болох төхөөрөмжүүдээ унтраа.

Хамгийн гол нь дээрх зөвлөмжүүдийг нэг дор бүгдийг нь хийж үзэхээс илүүтэй бага багаар туршиж өөрийгөө шинэ амьдралын хэв маягт дасга. Хүн өөрөө шийдэх л юм бол давж чадахгүй даваа, хүнд асуудал гэж байхгүй. Гол нь өөрийнхөө амьдралын хэв маягийг бүрэн өөрчлөх хүртлээ битгий зогс. Мэдээж дунд нь шантрах үе бишгүй тохионо. Шөнөжингөө драма, анимэ үзмээр санагдана. Инээдтэй бичлэгүүд үзэж байтал цаг аль хэдийнээ хоёр гурав болчихдог үе ч бий. Амьдрал таамаглашгүй. Тэглээ гээд чи ч өөрөө таамаглашгүй байж болохгүй. Хэзээ даам гарахаа мэддэг байх хэрэгтэй шүү.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншаарай. 


Эх сурвалж: Teensandtech

#Эрүүл мэнд #Зөвлөгөө #Зөв дадал