Films and Feelings:tick tick…Boom!


Хасбаатар | YOLO.MN
2022-02-18

"8 өдрийн дараа залуу нас минь үүрд төгсөнө. Гэтэл надад урдаа барих юу байгаа юм бэ?" 

Andrew Garfield “Spider-man: No Way Home” дээр ямар хөөрхөн байсныг санаад Оскарын хэдэн киног "tick, tick...BOOM!"-ээс эхэллээ. Трейлер үзэх нь битгий хэл товч агуулгыг нь ч түвдэж хараагүй шунгаад орсон болохоор мюзикл кино байсныг нь мэдээд машид олзуурхав. 

“Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street” (2007), “Les Misйrables” (2012), “La La Land” (2016), “The Greatest Showman” (2017) гэх мэт “блокбастер”-уудыг шимтэн үзсэн үзэгчид үүнээс сайхан бэлэг гэж үгүй билээ.

Кинонд 30 нас дөхөж яваа хөгжмийн зохиолч залуугийн талаар өгүүлэх ба нэг л өдөр бичсэн зохиол нь Broadway тайзан дээр тоглогдоно гэх итгэлээр сүүлийн 8 жилийг нэг л хөгжимт жүжиг бичиж өнгөрөөжээ.
Амжилт, алдар нэрд хүрэхийн төлөө, аль эсхүл гэр бүл, тогтсон амьдралд хөл тавихад яарах тэр л мэдрэмжийг "чичиж" тодотгох нь сэтгэлд нэг л ойр. "30 насандаа хүн юу эсийг бүтээсэн байх вэ" гэх өнөө л нийгмийн ужгирсан ойлголт киноны гол дүрийг мөрөөдлөө гээж "энгийн" хүн болохыг тасралтгүй шаардаж буй нь өнгөрсөн Цагаан сараар хол ойрын хамаатан саднаас "гэрлэлт оройтлоо" гэдэг үгийг залхтлаа сонсож, олон жил суралгүй хаясан их сургуулийн маань дипломыг хүртэл нэхэхэд дотроо эгдүүцсэнтэй минь дөхүү мэдрэмжийг өгч байв.

За ингээд өөртэйгөө ч юм уу, цаг хугацаатай ч юм уу, өөр хэнтэй ч юм нэг л мэдэхэд тулган шаардалтаар уралдаж эхлэх бидний амьдрал. "Би .. настай. Гэтэл надад урдаа барих зүйл юу байгаа билээ?" Өдөр бүрийн тэмцэл. Жил бүрийн шаналал. Үеийнхэн чинь үнэтэй машин унаж, үрийн зулай үнэрлэж эхлээд л. Гэтэл бид яг л байдаг хэвэндээ. Агууг бүтээх хүсэлтэй, нэг л өдөр томрох нь тодорхой, баяжих нь баараггүй нөхөд хаа нэгтээ бор ходоодоо борлуулаатай. Гэхдээ эцсийн эцэст амьдрал уралдаан биш шүү дээ. Тиймээс бүх зүйл зүгээр.

Үүнээс хойш жаахан спойлер!

Эл кино нь Jonathan Larson гэх уран бүтээлчийн намтар юм. Энэ эрхмийн 8 жилийн турш бичсэн “SubUrbia” мюзикл нь төдийлөн амжилт олоогүй учир "Хоцрох нь гэсэн айдастаа баригдах уу, хайртай зүйлдээ үнэнч хэвээр үлдэх үү?" гэх том сонголтын өмнө тулан ирээд удаахыг нь сонгожээ. Тэрхүү сонголтоос төрсөн бүтээл бол “Tick, Tick...Boom!” 

Сонирхуулахад Jonathan Larson хэдий Broadway-д тоглох хүсэлтэй ч 1991 оноос Tick, Tick...Boom! мюзиклээ Broadway-с гадуур толилуулж эхэлжээ.

Түүнээс 5 жилийн дараа "Rent" хэмээх алдарт бүтээл нь Broadway-н театрт нээлтээ хийхээс хэдхэн цагийн өмнө 35 насандаа өвчний улмаас таалал төгссөн байдаг. Түүний энэ бүтээл Broadway театруудаар нийт 12 жил, 5000 гаруй удаа тоглогдсон гэнэ лээ. 

 

#Кино урлаг #Review