Долоо хоногт арван километр алхсан туршилт


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-02-17

Энэ удаагийн нийтлэлээрээ өдөрт нэг километр алхах бяцхан туршилт эхлүүлсэн ба,  туршилтын үр дүн болон туршилтын явцад өөрт төрсөн мэдрэмж сэтгэгдлээ хүргэж байна. 

Өдөр:Нэг

Алхсан зай: 1.36 км

Алхсан хугацаа: 27 минут орчим

Алхана гэж бодоход нэг километр хол газар шиг санагдсан ч алхаж үзэхэд бодсон шиг минь хол газар байсангүй. Алхах явцад бага зэрэг амьсгаадаж, төвөгтэй санагдсан боловч алхаж дуусаад амрахад сэргэж, эрч хүчтэй болсон мэт санагдсан.

Өдөр:Хоёр

Алхсан зай: 1.09 км

Алхсан хугацаа: 25 минут орчим

25 минут орчим алхаад хичээлээ хийхэд ердийнхөөсөө арай сэргэг, үр бүтээлтэй байгаа мэт санагдсан. Хичээл эсвэл ажлаа хийж байхдаа завсарлага аван түрхэн зуур алхах нь өөрийгөө сэргээх бас нэгэн арга болж болох юм.

Өдөр:Гурав

Алхсан зай: 3.22 км

Алхсан хугацаа: 1 цагаас дээш хугацаанд

Өмнөх хоёр өдөрт нэг километр алхах нь тийм ч хол санагдаагүй тул алхах зайгаа ихэсгэж үзэхээр шийдсэн. Алхах явцад ядарч, бага зэрэг залхсан ба хөл их өвдсөн. Ойрхон, түр зуур алхах хүнийг сэргээж, эрч хүчээр цэнэглэдэг ч ердийнхөөсөө хол зайд алхах нь эсрэгээрээ ядрааж, эрч хүчийг буруулдаг мэт санагдаж байна. Тиймээс тогтмол алхаж эхлэх гэж байгаа бол өөрт таарсан ойр зайнаас эхлэн бага багаар алхах зайгаа ихэсгээрэй.

Өдөр:Дөрөв

Алхсан зай: 1.45 км

Алхсан хугацаа: 30 минут орчим

30 минутын турш найзтайгаа хамт алхсан бөгөөд өмнөх гурван өдөртэй харьцуулахад илүү ойр зайнд алхсан мэт мэдрэмж төрсөн. Мөн илүү зугаатай байсан. Хэрэв чи тогтмол алхах туршилт эхлүүлэх гэж байгаа бол хамтрагчтай болоорой. Чамд илүү хөгжилтэй, хялбар байх болно.

Өдөр:Тав

Алхсан зай: 1.02 км

Алхсан хугацаа: 30 минут орчим

Алхах нь ерөөсөө ч төвөгтэй байхаа больсон ба алхаж эхэлснээс хойш ердийн үеийнхээсээ арай өөдрөг болсон мэт санагдах болсон. Стресстэй, сэтгэлээр унасан үедээ тогтмол алхах нь чиний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлнө.

Өдөр:Зургаа, Долоо 

Алхсан зай: Өдөр тус бүр 1 км

Алхсан хугацаа: 30 минут орчим

Алхах нь хичээлтэй үед өглөө нойроо сэргээх дажгүй арга шүү. Алхаж эхэлсэн энэ долоо хоногийн хугацаанд миний биеийн жинд өөрчлөлт ороогүй ба хэрэв жингээ барих, хасахыг эрмэлзэж байгаа бол хол зайнд алхах нь зүйтэй. 
Тогтмол алхах нь нүдний харааг сайжруулах, тархины үйл ажиллагааг дэмжих, зүрх судасны өвчнөөс сэргийлэх зэрэг олон давуу талтай тул өдөр бүр өөртөө 20 минутыг зарцуулан тогтмол алхаж байгаарай. 

 

#Эрүүл мэнд #Алхах #Туршилт