ЭЕШ-ын цахим бүртгэл ӨНӨӨДӨР эхэллээ


Сондор | YOLO.MN
2022-02-14

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байна. 2022 онд Монгол улсын хэмжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулна

- 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна.
- Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой боллоо.
- Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia апплекейшнээс хэвлэн авна.
- 12 дугаар ангийн шалгуулагчдад онлайн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллана
- Шалгуулагчид “EEC” апплекейшнийг ашиглан өөрийн хувийн мэдээлэл болон ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой боллоо.
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл

- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны 04-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.
- Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
- Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.

Монгол хэл бичгийн шалгалт

- Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. 

- Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2022 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны 03-р сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн/-д ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна

- Монгол хэл бичгийн шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана.

- Монгол хэл бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орно.

- Элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалттай холбоотой нэмэлт мэдээллийг БҮТ-ийн фэйсбүүк хуудас, чатбот үйлчилгээ болон 75779498, 70119498 лавлах утаснаас авах боломжтой.

- Энэ жилийн ЭЕШ-ын онцлог №1: Хоёр удаа авна

ЭЕШ-ын эхний шалгалтыг 2022 оны зургаадугаар сард авна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр ЕБС-ын зуны амралт зургаадугаар сарын 19-нд эхлэх ба 20-30-ны хооронд тодорхой дөрвөн өдрийг сонгож шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн хагас жилд буюу 12-р сарын шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, өмнөх ЭЕШ-д орж чадаагүй бол нэмэлт шалгалтдаа орох боломжтой.

- Онцлог №2: Батламж хуудсаа хэзээ ч хэвлэж авч болно

Энэ жилийн нэг онцлог нь батламж хуудас, дүн оноог хэвлэж өгдөг байсан бол түүнийг хаяж гээгдүүлэх гэх мэт сөрөг талтай байгаа учраас шалгуулагч хүссэн үедээ хэвлэж авдаг байх системийг нэвтрүүлжээ.

- Онцлог №3: ЭЕШ-ын дүнг олон улсын дүнтэй дүйцүүлнэ

ЭЕШ-ын дүн оноог Олон улсын дүн оноотой дүйцүүлэх журам гарсан ба үүнтэй холбогдуулан МУ-д суралцаж байгаа олон улсын сургуулийн сурагчид болон гадаадад сурч байгаа журамд заагдсан хичээлүүдээр шалгалт өгсөн сурагч нь ЭЕШ өгөхгүйгээр, тухайн улсынхаа дүн оноог дүйцүүлэн Монгол Улсын их дууд сургуулиудад элсэх боломжтой болж байгаа юм.

- Онцлог №4: Мэргэжилт сонголтод туслах сайтыг нэвтрүүллээ

Бүртгүүлэгч нарт зориулж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох myfuture.mn сайтыг ажиллуулж эхэлжээ. Энэ нь хүүхдэд мэргэжил сонгоход нь туслах, дүн шинжилгээ хийж, өөрт тохирсон мэргэжлийг сонгох боломжтой юм.

- Онцлог №5: Сэтгэлзүйч ажиллуулна

Элсэлтийн ерөнхий шалгалтын үед болон Боловсролын үнэлгээний төвд мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж байгаа ба цар тахлын үед үүссэн хүүхдийн сэтгэл гутрал, түгшлийн үед зөвлөгөө өгч байна.

ЭЕШ-ын батламж хуудасны хүчинтэй байх хугацаа 2,5 жил юм. Энэ нь гурван удаагийн хичээлийн шинэ жил эхлэх хугацаа юм. Шалгалтын товыг удахгүй зарлах ба зургаадугаар сарын 20-30-ны хооронд дөрвөн өдөрт 10 хичээлээр авах болно. Мөн математик, физик, хими тус бүр 100 минут, бусад хичээл 80 минут үргэлжлэх нь мөн хэвээр үргэлжлэх юм. Зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулахгүй гэлээ.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

#Боловсрол #ЭЕШ