Бид яагаад дотны нэгэндээ муухай ааш гаргадаг вэ?


Сүжи | YOLO.MN
2022-06-16

Өөрийн хувьд эрхэм нэгнийхээ сэтгэлийг нь өвтгөх үг санаандгүй хэлж байсан удаа бий юу? Өөрөө ч мэдэлгүй гэр бүл, дотны найз, эсвэл хамт олондоо муухай ааш гаргачхаад байна уу? Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Бидний энэхүү болчимгүй, бодлогогүй үйлдлийг шинжлэх ухааны судалгаанд үндэслэн тайлбарласныг хүргэж байна. 

Georgia Regents их сургуулийн сэтгэл судлалын профессор Deborah South Richardson нь 1974 оноос хойш “everyday aggression” буюу ойр дотны хүмүүстээ санаандгүй түрэмгий ханддаг үзэгдлийн талаар судалж байгаа аж. Түүний хэлж буйгаар “Хэн нэгэн чиний талаар юу гэж бодож байгаа болон тэднийг юу хийх гэж буйг олж мэдэх нь энэ түрэмгий хандах үзэгдлийг судалж, тодорхойлоход тулгардаг бэрхшээлүүдийн нэг. Учир нь бид өөрсдөө юу хийх гэж байгаагаа тэр бүр мэддэггүй” гэжээ. Ингээд түүний судалгааны үр дүнгээс товчхон танилцуулъя. Тэрээр түрэмгийллийг дараах хоёр янзаар тайлбарлажээ.

Шууд түрэмгийлэл

Энэ нь хашхирах, цохих, сөргөлдөхөөс эхлээд нөгөө хүнээ үг болон үйлдлээрээ шархлуулах үзэгдэл юм. Ихэнхдээ эрчүүдэд ажиглагдах нь элбэг. Түүнчлэн эгч дүүс болон ах дүүгийн хооронд шууд түрэмгийлэл зонхилдог бөгөөд тэдний харилцаа илүү бат бөх байдагт үүний гол шалтгаан байдаг аж.

Шууд бус түргэмгийлэл 

Ямар нэг эсэргүүцсэн үйлдэл хийлгүй бусдыг шархлуулах үзэгдлийг хэлнэ. Бусдыг аливаа нэг эд зүйлээр эсвэл өөр нэгнээр дамжуулан шархлуулах үйлдэл буюу хэн нэгнийг араар нь муулах, худал цуу яриа тараах байдлаар шууд бус түрэмгийлэл илэрдэг. Мөн дуудлагыг нь үл тоох, дуугаа хураах, чухал үйл явдалд нь албаар хоцрох гэх мэт үйлдлүүд багтдаг байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүст ажиглагддаг ба хохирогч нь ихэнхдээ найз нөхөд нь байдаг. 

Richardson-ы үзэж буйгаар бид түрэмгийллийг өөртөө итгэлтэй байдалтай андуурах нь бий. Бусдыг шархлуулж, гомдоох энэхүү түрэмгийлэлд “зохистой” хэмжээ гэж байдаггүй гэдгийг тэрээр онцолж байсан юм. 
Үргэлжлүүлэн бид ойр дотны нэгэндээ яагаад муухай ааш гаргадаг талаар дэвшүүлсэн таван шалтгааныг танилцуулъя.

1.Өөрийгөө шийтгэх

Бид өөрсдийгөө бусдаас хайр хүртэж, аз жаргал мэдрэх эрхгүй гэж үзэх үедээ өөрийн хувьд эрхэм хүмүүсээ шархлуулдаг байна. Энэ мэдрэмж нь эргээд биднийг зовоодог ба өөрийгөө ийм байдлаар шийтгэдэг аж.

2.Удирдлагыг гартаа авах хүсэл

Ихэвчлэн хосын харилцаанд тохиолддог бөгөөд намайг шархлуулсан учраас би ч бас түүнд ижил хандах хэрэгтэй гэх бодлоос эхэлдэг. Ийнхүү харилцаандаа нөгөө хүнээсээ илүү мэт мэдрэмж авахын тулд хамтрагчаа шархлуулах үйлдэл хийж эхлэх ба үүний үр дүнд “toxic” харилцаа бий болдог байна.

3.Итгэлцэл ба аюулгүй байдал

“Дотно юм чинь намайг ойлгоно, би өөрийнхөөрөө байж болно” гэсээр бид хайртай нэгнээ үг болон үйлдлээрээ шархлуулдаг. Өөр хоорондоо итгэлцэл бий болгож, харилцаагаа ямар нэг зүйлээр хязгаарлахгүй гэсэн бодолдоо итгэн ийм нөхцөл байдалд хүргэдэг ажээ.

4.Дурсамжиндаа уягдах

Бага насандаа хайрын тухай ямар ойлголт авч байсан нь нөлөөлөх боломжтой. Тодруулбал, ойр дотнын хүмүүс нь хайрыг хэрхэн илэрхийлж, хүлээн авдаг байснаас хамаарч өөрийн чинь үйлдэлд илэрч болно. Мэдээж сөрөг үйлдэл харж, мэдэрч өссөн бол ижил байх нь ойлгомжтой.

5. Бие даасан байдлыг батлах

Бид аливаа дотно харилцаанд өөрийн бие даасан байдлыг хадгалж, нөгөө хүнээсээ хараат бус гэдгээ батлахын тулд шархлуулах үйлдэл хийдэг. Хэдий дотно харилцаанд байгаа ч тодорхой заагийг заавал байлгах хэрэгтэй гэж бодон хамтрагчдаа хатуу хандах тохиолдол байдаг аж. 

Бид хайртай дотнын хүмүүстээ муухай ааш гаргаж, тэднийг шархлуулахад хүргэдэг маш олон шалтгаан бий. Энэ удаагийн нийтлэлдээ тэдгээрээс ердөө нийтлэг хувилбаруудыг нь танилцууллаа. Хэрэв чи гэр бүл, найз нөхөд, хайртай хүндээ өөрийн мэдэлгүй эвгүй зан гаргачхаад байгаа бол үүнийг шийдэх хамгийн эхний алхам нь өөрийнхөө уг үйлдлийг анзаарч, энэ тухайгаа мэддэг болох юм. Нэгэнт өөрийнхөө буруу үйлдлийг анзаарсан бол үг, үйлдэлдээ анхаарч эхлээрэй.  

Эх сурвалж: Huffpost, Youniverse

#Сэтгэл зүй #Зөв дадал #Зөвөлгөө