“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь - 2” төсөл АМЖИЛТТАЙ хэрэгжиж байна


Сүжи | YOLO.MN
2022-02-28

“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь - 2” төслийн хүрээнд бид Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонтой хамтран хоёр сарын хугацаатай кампанит ажлыг хэрэгжүүлсэн билээ. Ийнхүү энэхүү нийтлэлээрээ кампанит ажлын хүрээнд хийгдсэн контентуудыг тоймлон хүргэж байна. 


“ХҮҮХЭД БҮРИЙГ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧМЫГ ДЭМЖИХ НЬ - 1” ТӨСЛИЙН ТУХАЙ...

2018-2021 онд энэхүү төслийг Улаанбаатар хотын гурван дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль болон насан туршийн боловсролын 16 төвд амжилттай хэрэгжүүлсэн юм. Төслийн үр дүнд зорилтот дээрх байгууллагын багш нар тусгай хэрэгцээт хүүхдийн талаарх мэдлэг, арга зүйд суралцаж, хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тохируулан заах ур чадвар эзэмшиж байна. 

“ХҮҮХЭД БҮРИЙГ БОЛОВСРОЛД ТЭГШ ХАМРУУЛАХ ЗАРЧМЫГ ДЭМЖИХ НЬ - 2” ТӨСЛИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

Ийнхүү 2021-2024 онд төслийг үргэлжлүүлэн ажиллахдаа дараах үндсэн зорилтуудыг тавьсан юм. Үүнд: 

1. Зорилтот сургуулийн 5-р ангийн сурагчдыг дунд ангид дэвшүүлэн суралцахад дэмжлэг үзүүлэх
2. Суурь боловсролын түвшинд тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бий болгох 
3. Зорилтот сургуулийн эцэг эхчүүдэд хүүхдийнхээ анги дэвших болон цаашид суралцах үйл явцад туслахад дэмжлэг үзүүлэх
4. Төслийн үр дүнд амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг сурталчлах, тэгш хамруулан сургах боловсролын төрийн бодлогод тусгах.


КАМПАНИТ АЖИЛ

  • Ярилцлагууд

1. Ш.Амарзаяа: Хүүхэд найзынхаа “ялгаатай” байдлыг ЭЕРЭГЭЭР хардаг

Хүүхэд бүрийг ердийн ангид хамтатган сургах бодлогыг хэрэгжүүлснээр гарсан эерэг үр дагавар, хэрэгжүүлэх явцад тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар Чингэлтэй дүүргийн 37-р дунд сургуулийн сургалтын менежер Ш.Амарзаяа, багш Г.Ууганцэцэгтэй ярилцсан юм. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурч хөгжих орчноос эхлээд тэдэнд тулгардаг асуудлыг боловсролын байгууллагын зүгээс хэрхэн шийдэж, дэмжин ажилладаг талаар ярилцсан өгөөжтэй ярилцлага болсон. 

- “Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд бусадтай л адил урлаг, спортын авьяастай. Сурагчдын нэг өдөр, явган аялал, Шинэ жилийн баяр зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тэгш хамрагддаг бөгөөд эцэг эхийн хараа хяналт, оролцооны тусламжтайгаар тухайн сурагчийн аюулгүй байдал бүрэн хангагддаг. Энэ төрлийн үйл ажиллагаанд бусад хүүхдээс ч идэвхтэй оролцдог гэж хэлж болно.” –Ш.Амарзаяа

Ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

2. “Сайн найзыг тусгай хэрэгцээт хүүхэд гэж нэрлэдэг гэж боддог”

Найз нөхөд гэдэг өсвөр насныхны хувьд хамгийн чухал сэдэв. Эцэг эх, эгч ахдаа ч хэлдэггүй зүйлсээ бид найзтайгаа хуваалцаж, харилцан зөвлөлддөг шүү дээ. Тэгвэл энэ ярилцлагынхаа хүрээнд бид хүүхэд бүрийг ердийн ангид хамтатган сургах бодлогыг хэрэгжүүлж буй нэгэн сургуулийн дунд ангийн сурагчидтай бяцхан яриа өрнүүлсэн юм. 

- “Найз маань найзуудтайгаа гоё харилцдаг, хэр баргийн юманд уурладаггүй, хүнтэй юмаа хуваалцдаг хүүхэд. Манай ангийн хүүхдүүдийн хэн нь ч Т-г шоолж голдоггүй болохоор тэр ангийнхантайгаа байх дуртай гэж боддог.” – н.Э

Ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

3. “Хүүхдүүдээ чадах чинээгээрээ дэмжээрэй”

Үргэлжлүүлэн Ж.Отгонбаяр болон Б.Бадамханд нартай ярилцсан юм. Тэдний том хүү Дашням 11 настай бөгөөд нийслэлийн 79-р дунд сургуулийн 6 дугаар ангид суралцдаг. Тэдэнтэй суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд үеийн хүүхэдтэйгээ мөр зэрэгцэн сурахад ямар асуудал бэрхшээл тулгардаг, эсрэгээрээ ямар давуу талтай байдаг тухай ярилцсанаа хүргэж байна.

Та хүүгээрээ хамгийн сүүлд хэзээ бахархсан бэ?

-“Эцэг эхчүүд үргэлж л үр хүүхдүүдийнхээ төлөө амьдарч, тэднээрээ бахархаж явдаг шүү дээ. Хамгийн дурсамжтай нь гэвэл “Токио-2020” олимпын үеэр хүүгийн маань дүр бүтээсэн реклам телевизийн сувгуудаар цацагдаж олон түмэнд хүрсэн үе. Тухайн үед хүү маань өөрийгөө зурагтаар үзээд баярлаж байгааг нь харах сайхан байсан.”- Ж. Отгонбаяр

Ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

4. О. Дашням: Хичээл бүрийг өөр багш ордог болохоор ГОЁ байна

Суралцахуйн хувьд бэрхшээлтэй хэдий ч сурах чин хүсэл эрмэлзэлтэй О.Дашнямтай ярилцаж, үзэл бодлыг нь сонссон юм. Түүний хувьд дунд ангид элсэн суралцсанаар хичээл бүрийг өөр багш зааж байгаа нь хамгийн гоё санагдаж байгаа гэнэ.

Чиний бодлоор найз гэж хэнийг хэлэх вэ?

- “Бие биедээ тусалдаг хүмүүсийг найзууд гэдэг. Даваабаатар бид хоёр нэг тийшээ явдаг болохоор автобусанд хамт сууж гэртээ харьсан. Автобуснаас буугаад намайг гэрт хүргэж өгч тусалсан болохоор Даваабаатарыг найзаа гэж боддог. ” – О. Дашням

Ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дараарай. 

  • Бичлэгүүд: 

Бага ангиас дунд анги руу шилжин суралцах үед сурагчдад, тэр дундаа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд ямар саад бэрхшээл тулгарч, түүнийг шийдвэрлэхэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо яаж нөлөөлдөг талаар Өвөрхангай аймгийн 2-р сургуулийн багштай ярилцав.

Тусгай хэрэгцээт хүүхэдтэй нэг ангид суралцдаг хүүхдүүдийн үзэл бодлын талаар хуваалцсан энэхүү бичлэгийг үзсэн хэн бүхэн нөхөрлөлийн гэгээн талыг олж харна гэдэгт итгэлтэй байна. Тэдний хувьд тусгай хэрэгцээт хүүхэдтэй нөхөрлөснөөр бусдын ялгаатай байдал, сул талыг хүлээн зөвшөөрч сурчээ.

Тусгай сургуульд суралцдаг байсан охиноо ердийн ерөнхий боловсролын сургууль руу шилжүүлснээр сурлага, нийгмийн харилцаанаас эхлээд маш олон эерэг үр дүн гарсан талаарх нэгэн эцэг эхийн яриа. Хүүхэд гэдэг үргэлж орчин тойрноосоо суралцаж, даган дуурайж, хөгжиж байдаг гэдгийг тэд онцолжээ.

Мөн мэргэжилтнүүд суралцахуйн бэрхшээлтэй хэмээн тодорхойлоод буй Дашням хүүгийн эцэг эх түүнийг "Хичээл сурлагын хувьд үеийнхнээсээ хоцрогдмол ч өсвөр насанд нь хамт олны уур амьсгалыг мэдрүүлж, юунд сонирхолтойг нь олж нээх талаас нь анхаарч, дэмжиж ярилцвал хэзээ нэгэн цагт сонирхол нь тодрох байх гэж боддог” хэмээж байсан юм.

Төслийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

#Мэдээ #Кампанит ажил #SavetheChildren