СУДАЛГАА: Оюутнуудын дунд каннабисийн хэрэглээтэй 18, кокайн татдаг нэг хүн байжээ


Сондор | YOLO.MN
2022-01-21

Оюутнуудын дунд “Архи, тамхи, мансууруулуулах сэтгэц идэвхит бодисын хэрэглээг илрүүлэх тандалт асуулга-ASSIST” судалгааг хийжээ.

Энэхүү судалгааг НЭМГ-ийн дэмжлэгтэйгээр, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын есөн их, дээд сургуулийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож, 921 оюутныг хамруулан уг судалгааг авчээ.

Ирээдүй хойч болсон залуучууд тэр дундаа ид сурч боловсрох ёстой оюутан залуучуудын дунд өнөөгийн нийгмийн нэгэн хор уршиг болох архи, тамхи, мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээ ямар байгааг зайлшгүй судлах шаардлагатай болсон. ДЭМБ-аас зөвлөмж болгож буй энэхүү ASSIST судалгааг их дээд сургуулиудын оюутан залуучуудаас авахдаа тусгайлан бэлтгэсэн өрөөнд интернэтээр вэб системд тулгуурлан асуумжийн аргаар мэдээллийг цуглуулсан.

Оюутнуудын дунд “Архи, тамхи, мансууруулах сэтгэц идэвхит бодисын хэрэглээг илрүүлэх тандалт асуулга-ASSIST” судалгаанд хамрагдсан 921 оюутны 

- 555 (60,2%) нь 15-18 насныхан,
- 343(37.2%) нь 20-24 насныхан байна.
- Улсын их дээд сургуулийн 774 оюутан, хувийн их дээд сургуулийн 147 оюутан судалгаанд хамрагдсаныг хүйсийн байдлаар авч үзэхэд хувьд 518 (56%) эрэгтэй, 403 (44%) эмэгтэй оюутан байжээ. 

Нийт судалгаанд хамрагдсан оюутнуудаас “Архи анх хэдэн наснаас эхлэн хэрэглэж эхэлсэн бэ?” гэж асуухад хамгийн их нь 

- 332 (36%) нь 15-17 настайдаа, 
- 324 (35%) нь 17-21 насанд,
- 208 (22.5%) 15 наснаас өмнө архи хэрэглэж эхэлсэн байгаа нь өсвөр насны хүүхдүүдийн 70,6% нь архи амсаж үзсэн /2009 онд хийсэн/ судалгаатай харьцуулахад ойролцоо байна.

Нийт судалгаанд хамрагдсан оюутнуудаас “Тамхи анх хэдэн наснаас эхлэн хэрэглэж эхэлсэн бэ?” гэж асуухад:

- 15 наснаас өмнө 245(26.6%),
- 15-17 насанд 370(40%),
- 17-21 насанд 104(11.2%) байгаа нь нийт оюутнуудын 66% насанд хүрээгүй байхдаа тамхи татаж эхэлсэн, сорж үзсэн байна.

“Мансууруулах, сэтгэц идэвхит бодис анх хэдэн наснаас эхлэн хэрэглэж эхэлсэн бэ?” гэж асуухад нийт судалгаанд хамрагдсан 921 оюутны 863 (93,7%) нь мансууруулах, сэтгэц идэвхит бодис огт хэрэглэж үзээгүй байгаа ч хэрэглэдэг хүмүүс дотроо хамгийн их буюу 31 оюутан 17-21 насандаа анх мансууруулах, сэтгэц идэвхит бодис хэрэглэсэн байна.

Архи, тамхи, Сэтгэц идэвхит бодисын хэрэглээ таны амьдарч буй хүрээлэн буй орчинд хэр зэрэг байгааг тандан судлахад 286 (31%) нь миний эргэн тойронд орчинд архидалт согтууруулах ундааны хэрэглээ бага байна гэж хариулсан бол 504 (54,7%) оюутан нь миний эргэн тойронд орчинд тамхидалт нэлээд их байна. Харин оюутнуудын 806 (88%) нь миний эргэн тойронд орчинд мансууралт огт байхгүй гэж хариулсан байна.

Нийт судалгаанд хамрагдсан оюутнуудыг ASSIST-аар үнэлэхэд

Архи, согтууруулах ундааны хэрэглээний түвшин:

- бага эрдэлтэй буюу эрсдэлгүй 717,
- дундаж эрсдэлтэй 190,
- өндөр эрсдэлтэй 14 оюутан байна.

Тамхины хэрэглээний түвшин

- бага эрсдэлтэй буюу эрсдэлгүй 487,
- дундаж эрсдэлтэй 337, 
- өндөр эрсдэлтэй 97 оюутан өндөр эрсдэлтэй байна.

Сэтгэц идэвхит бодис хэрэглэдэг 30 оюутан байгаа бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзэхэд 

- каннабисийн хэрэглээ 18 оюутан дундаж эрсдэлтэй, 
- кокайн нэг оюутан дундаж эрсдэлтэй 
- дэгдэмхий уусгагч бодис хэрэглээний түвшин гурван оюутан дундаж эрсдэлтэй, 
- тайвшруулах эм бодисын хэрэглээний түвшин найман оюутан дундаж эрсдэлтэй үр дүн гарсан байна.

П.Болортуяа, Б.Батцэцэг, Б.Чулуунболор

#Сурагч #Оюутан #Судалгаа