"Сайн найзыг тусгай хэрэгцээт хүүхэд гэж нэрлэдэг гэж боддог"


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-02-19

Бид уг төслийн кампанит ажлын хүрээнд хийж буй цуврал ярилцлагынхаа өмнөх удаагийн дугаарт төслийн нэгэн хэсэг болж ажилласан 37-р дунд сургуулийн сургалтын менежер болон багштай ярилцсан. Энэ удаа хүүхэд бүрийг ердийн ангид хамтатган сургах бодлогыг хэрэгжүүлж байгаа нэгэн сургуулийн дунд ангийн сурагчидтай бяцхан яриа өрнүүллээ. 


Энэ хорвоог найзгүйгээр төсөөлөх амаргүй. Зургаан настай балчраас жаран настай буурлууд хүртэл нэг нэгэнтэйгээ нөхөрлөж, хэн хэнээсээ суралцаж, бие биендээ түшиг болдог. Хөгжлийн ямар нэг бэрхшээл, тусгай хэрэгцээтэй байна гэдэг нь тухайн хүүхдийн бусадтай найзалж нөхөрлөх, дэмжлэг үзүүлэх, итгэл даах чадварыг огт илэрхийлэхгүй. Үүний жишээ болгон сургуулийн босго анхлан давснаас хойш нэг ангид мөр зэрэгцэн суралцаж байгаа сурагч Т болон түүний ангийн найзуудын нөхөрлөлийн тухай энэхүү яриаг та бүхэндээ хүргэе.

6 дугаар ангийн сурагч Э:

YOLOСайн уу? Т-тэй найзлаад хэр удаж байгаа вэ? Анх найзалсан түүхээсээ ярьж өгөөч.

- Би Т-тэй нэгдүгээр ангиасаа хойш найзалж байгаа. Бага ангид ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байхад өөр ангийн хүүхдүүд ирээд Т-г дээрэлхсэн юм. Тэгэхээр нь ангийнхаа бусад хүүхдүүдийг дуудаж байгаад Т-г өмөөрөөд, дээрэлхэж байсан хүүхдүүдийг нь багшдаа хэлчихсэн. Тэрнээс хойш бид хоёр найзалж байгаа. Одоо бол тэр миний хамгийн сайн найз. 

YOLOХүүхдүүд яагаад найзыг чинь дээрэлхсэн юм бол? Түүнийг "өөрөөр" харсан юм болов уу?

- Өөрөөр харсан бол тэр хүүхдүүдийн нүдний хараа нь муу юм байгаа биз. Би лав түүнийг найзыгаа л гэж боддог. Манай ангийнхны хэн нь ч Т-г шоолдоггүй. Харин бусад хүүхдэд хандаж "Найзыгаа дээрэлхүүлмээргүй байна, зүгээр орхиорой" гэж хэлмээр байна.

YOLOНайз чинь энэ ярилцлагыг одоогоос таван жилийн дараа уншина гэвэл чи юу гэж хэлэх вэ? 

- Найз маань найзуудтайгаа гоё харилцдаг, хэр баргийн юманд уурладаггүй, хүнтэй юмаа хуваалцдаг хүүхэд. Манай ангийн хүүхдүүдийн хэн нь ч Т-г шоолж голдоггүй болохоор тэр ангийнхантайгаа байх дуртай гэж боддог. Сүүлд нь гэвэл, би чиний хамгийн сайн найз чинь шүү!


6 дугаар ангийн сурагч А:

YOLOСайн уу? Анх Т-тэй яаж найзалж байсан бэ?

- Бид хоёр анх цэцэрлэгт байхдаа хамт тоглож байгаад найзалж байсан. Дараа нь нэг ангид хамт орсон. Нийтдээ 7, 8 жил найзалж байгаа юм байна.  

YOLOЧиний хувьд найз гэж ямар хүнийг хэлэх вэ?

- Үнэнч хүнийг найз гэдэг. Баярласан ч, гунигласан ч хажууд байдаг хүнийг хэлэх байх. 

YOLOТ-тэй найзлахад чамд ямар байдаг вэ?

- Т хэлний бэрхшээлтэй ч багаасаа найзалсан болохоор одоо ойлголцоход амар байдаг. Хэлж ярьж байгаа зүйлсийг нь сайн ойлгодог. 

YOLOХамт байхдаа юу хийдэг вэ?

- Бид хоёрын гэр хол, хичээл дээр ч хол суудаг болохоор хичээлийн завсарлагаанаар л хамт тоглож чаддаг.


6 дугаар ангийн сурагч Н:

YOLOСайн уу? Чи Т-тэй хэр сайн найз вэ? Түүнтэй харилцах ямар байдаг вэ?

- Тийм ч дотно найз биш ч миний гэрийн даалгавар болон бусад зүйлсэд тусалдаг болохоор харилцахад гоё байдаг. Харин надаас тийм ч их тусламж авдаггүй. Бас бид хоёрын гэр ойрхон байдаг болохоор хааяа гэрт нь очиж хамт хичээлээ хийдэг. 

YOLOТ-г хүүхдүүд дээрэлхэж байсан уу? 

- Тийм. Байдал болохоо байгаад ирвэл би түүнийг өмөөрч тусалдаг. Бүр болохгүй бол багшид хэлдэг.


6 дугаар ангийн сурагч Б:

YOLOСайн уу? Т-тэй найзлаад хэр удаж байгаа вэ? Анх яаж найзалсан тухайгаа ярьж өгөөч.

- Нэгдүгээр ангиасаа хойш найзалж байна. Нэгдүгээр ангид Т миний урд суудаг байсан юм. Би их сахилгагүй болохоор нэг удаа түүнийг их өдөөд, хоорондоо муудалцаад, юу ч ярихгүй хэсэг байсан. Тэгээд би уучлалт гуйгаад найзалж байсан юм байна. Бас бид хоёрын ах нар хоорондоо найзууд. 

YOLOЕр нь найз гэж чиний хувьд ямар хүнийг хэлэх вэ?

- Найзууд нэг нэгнийхээ чухал үед нь тусалдаг. Т маань хэлний бэрхшээлтэй болохоор бид нар хааяа хэлсэн үгийг нь ойлгодоггүй. Ангийнхан Т-гийн үгийг ойлгохгүй байвал тайлбарлаж өгдөг. Бүр ойлгохгүй бол цаасан дээр бичүүлж байгаад харилцдаг. 

YOLOТ-тэй найзлахад ямар байдаг вэ? Бусад найзуудаас чинь юугаараа өөр байдаг вэ? 

- Бусад хүүхдүүд хичээл тарахаар "Хэдэн цаг тоглоё", "Харих болоогүй шүү", "Хөл бөмбөгийн талбай руу явж жийлцэж тоглоё" гэдэг. Тэгээд намайг дагуулаад гарахаар Т намайг дуудаад "Хамт гэртээ харья" гэдэг.

Хүүхдүүд бага ангид байхад Т-г үе үе дээрэлхэх гэж оролддог байсан. Т өөрийг нь хэн нэгэн дээрэлхэх гэж оролдвол над дээр хүрээд ирдэг. Тэгээд тэр дээрэлхсэн хүүхдүүд дээр нь очиж уулзахаар дандаа миний таньдаг хүүхдүүд байдаг. Тэд нар намайг угаасаа дийлэхгүй /инээв/. Тийм болохоор одоо найзыг маань дээрэлхэх хүүхэд бараг байхгүй болсон. Дээд ангийн ах нар дээрэлхэж магадгүй. Гэхдээ бид хоёр сургууль дээр хамт байдаг болохоор гайгүй.

Бас Т их ухаантай хүүхэд. Бусад хүүхдүүдтэй зодолддоггүй. Багшийн хичээлийг анхаарч сонсдог. Харин би их сахилгагүй болохоор анхаараагүй үлдээсэн хичээлээ Т-гээс асуудаг. Тэгэхэд Т хичээлээ аль хэдийнэ хийгээд, дэвтрээ доош нь харуулаад тавьчихсан сууж байдаг. 

YOLOТ ангид чинь сурдаггүй байсан бол ангийн чинь уур амьсгал ямар байх байсан бол?

- Шал өөр байх байсан. Манай ангийнхан бүгд над шиг сахилгагүй хүүхдүүд байдаг болохоор Т хичээл дээр бид нарт их тусалдаг. Ялангуяа би их уйдах байсан байх /инээв/.

YOLOЧиний хувьд тусгай хэрэгцээт хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? 

- Би зүгээр тэдэнд тусалъя л гэж боддог. Тусгай хэрэгцээт хүүхдүүд сургуульд явахгүй бол хөгжихгүй учраас сургуульд хамт сураасай гэж боддог.  

YOLOЯрилцсанд баярлалаа. 


Ярилцлага өгсөн сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс овог нэр, ангийг нууцлав.  

Төслийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. 

#Ярилцлага #Боловсрол #SavetheChildren