Шивээс хийлгэх нь яг л хурим хийхтэй ижилхэн. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээний хариуцлагатай сонголт гэсэн үг. Хэчнээн хугацаа өнгөрсөн ч гаргасан шийдвэртээ харамсахгүйн тулд бид шивээс хийлгэхээсээ өмнө цөөнгүй зүйлсэд анхаарах хэрэгтэй. Ингээд энэхүү нийтлэлээрээ шивээстэй холбоотой чиний мэдэх ёстой бүх зүйлийг тайлбарлан хүргэж байна.
ШИВЭЭС ХИЙЛГЭХЭД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРДӨГ ВЭ?
Нэгэнт л халуун зүү чиний арьс руу орж байгаа учраас өвдөх нь ойлгомжтой. Үүнийг мэргэжлийн шивээсчид мууранд самардуулахтай ижил хэмээн тодорхойлжээ. Шивээс хийж эхлэх үед мууранд самардуулж байгаа мэт мэдрэмж төрдөг бол хэсэг хугацааны дараа чимчигнэх мэдрэмж төрдөг аж. Харин шивээс хийлгэсний дараа улайж, хавдах нь хэвийн үзэгдэл бөгөөд халдвар орохоос сэргийлэн тухайн газрыг үрж, холгохгүй байх нь чухал.
АЛЬ ХЭСЭГТ ШИВЭЭС ХИЙЛГЭВЭЛ ХАМГИЙН ИХ ӨВДДӨГ ВЭ?
Шивээсчдийн зөвлөснөөр бугуй, шуу хэсэгтээ анхлан шивээс хийлгэвэл өвдөлт багатай байдаг. Шивээс хийлгэх гэж буй хэсгийг хумсаараа чимхэхэд л өвдөлтийн хэмжээг төсөөлөх боломжтой гэжээ. Хүн бүрийн өвдөлт мэдрэх хэмжээ харилцан адилгүй ч гэлээ хавирга, шагай, нуруу, хүзүү, тахим, тохойн дотор талын хэсгүүд хамгийн мэдрэг байдаг аж. Тиймээс шивээс хийлгэх газраа зөв сонгоорой.
ШИВЭЭС ХИЙЛГЭХЭЭСЭЭ ӨМНӨ
Шивээсчнээ зөв сонгох - Үүний тулд сайтар судалгаа хийх хэрэгтэй. Жишээ нь, үйлчлүүлэгчдийн тоо болон сэтгэл ханамж ямар байгааг ажиглах нь чухал. Мөн мэргэжлийн үнэмлэхтэй эсэхийг нь тодруулаарай. Нэгэнт л чиний бие дээр олон жилийн турш үлдэх ул мөр учраас хариуцлагатай байх нь зүйн хэрэг шүү дээ.
Өөрт тохирсныг олох - Сэтгэл хөдлөлөөр бусдын шивээсийг дуурайж бүү шийдвэр гаргаарай. Зөвхөн чамд зориулагдсан мэт шивээсийг бүтээхийн тулд хэмжээ, хэлбэр, загварын тухай сонгосон урлаачтайгаа зөвлөлдөөрэй.
Ариун цэвэрт сайтар анхаарах - Чиний үйлчлүүлж буй газар нэг удаагийн зүү, бээлийнээс эхлээд ариутгалын бодис хэрэглэж байгаа эсэхийг сайтар анхаарах хэрэгтэй. Учир нь цусаар дамждаг асар олон халдварт өвчин бий шүү дээ.
ШИВЭЭС ХИЙЛГЭСНИЙХЭЭ ДАРАА
Бүрэн эдгэрч дуустал гаднын халдвараас сэргийлэх үүднээс хоёр долоо хоног ус хүргэхгүй байх хэрэгтэй. Үүний адилаар эрчимтэй дасгал, хөдөлгөөн хийж хөлрөхгүй байх нь чухал шүү. Мөн шивээс эдгэх явцад загатнах тохиолдол байдаг бөгөөд маажиж, үрж болохгүй. Хэрэв тэсвэр алдвал чиний хүссэн үр дүн гарахгүй гэсэн үг.
Нэгэнт ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөж, шивээс хийлгэх шийдвэрт хүрсэн бол дээрх зөвлөгөөнүүдийг бүү мартаарай. Ингээд нийтлэлийн төгсгөлд дэлхийн шилдэг шивээсчдийн бүтээлүүдээс хүргэж байна. Инстаграм хаяг руу нь ороод үзвэл хийлгэх шивээснийхээ санааг олох ч юм билүү?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх