Жүжигчин Rebel Wilson-ы 35 кг жин хассан НУУЦ


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2021-12-30

Дуучин Adele, YouTuber Yang Soobin зэрэг махлаг төрхөөрөө олонд танигдсан алдартнууд сүүлийн жилүүдэд жингээ огцом хаяж, биедээ томоохон өөрчлөлтийг хийж эхэлсэн. Тэдний адилаар “Pitch Perfect” кинонд тарган Amy-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Rebel Wilson 2020 оноос эхлэн жингээ хурдацтай хаяж, олны анхаарлыг багагүй татаад байгаа билээ.

Өдгөө 41 настай жүжигчин бүсгүй 2020 оныг “Эрүүл мэндийн жил” хэмээн зарлаж, жил гаруйн хугацаанд 35 килограммыг амжилттай хасаж чадсан байна. Тэгвэл түүний ингэж их жин хаях болсон шалтгаан юу байв? 

Тэрээр жин хаяж буй үйл явц болон өдөр тутмын амьдралын хэв маягаа Инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд нээлттэй хуваалцдаг бөгөөд өнгөрсөн наймдугаар сард оруулсан нэгэн постоороо илүүдэл жин нь сэтгэл зүйн асуудалтай нь холбоотой гэдгийг тайлбарласан юм.

"Өөрийгөө өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй"

- “... Энэ зургаа и-мэйл дундаасаа оллоо. Энэ бол миний амьдралын хамгийн эрүүл бус үе буюу сэтгэл хөдлөлөө хоол идэж л тогтвортой байлгадаг байсан үе. Түргэн хоол их иддэг байлаа. Аав маань гэнэт зүрхний шигдээсээр нас барахад надад маш хэцүү байсан ч үргэлж инээмсэглэж, идэвхтэй байхыг хичээдэг байсан. Би сэтгэл зүйн асуудлаасаа болж жин нэмж буй хүмүүс болон жингээ хасах гэж зогсоо зайгүй хичээж буй хүмүүст ямар байдгийг сайн мэдэх учраас тэдэнд энэ зургаар урам өгөхийг хүссэн юм. Өөрийгөө өөрчилж, өөрийнхөө шилдэг хувилбар болоход хэзээ ч оройтдоггүй шүү ...”

Үүнээс гадна жүжигчин бүсгүй маань өнгөрсөн жил нөхөн үржихүйн тал дээр асуудалтай болсон гэдгээ олон нийтэд хуваалцсан бөгөөд E! news сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр “Би 20 настайгаасаа жин нэмж эхэлсэн ч нэг өдөр өндгөвчний уйланхайтай болж, урьд өмнөхөөсөө илүү хурдацтай жин нэмж эхэлсэн” гэдгийг дурдсан юм.

Тэд надаас "заавал турах хэрэгтэй байгаа юм уу?" гэж асуусан...

Тэгвэл Rebel Wilson саяхан BBC сайтад өгсөн ярилцлагадаа:

- “Би 2020 оныг өөрийнхөө хувьд “Эрүүл мэндийн жил” хэмээн зарлаж, жингээ хасаж, өөртөө томоохон өөрчлөлт хийх гэж байгаа тухайгаа хамтран ажилладаг хүмүүстээ хэлэхэд тэд “Яагаад вэ? Заавал турах хэрэгтэй юм уу?” гэж асууцгааж байсан. Энэ асуултыг асуусан учир нь би тарган, хөгжилтэй охины дүрээр сая сая доллар олж байсан болохоор л тэр. Хэдий би тарган, бүр магадгүй зарим эмэгтэйчүүдээс хоёр, гурав дахин том хэмжээтэй байхдаа өөртөө маш итгэлтэй бас хайртай байсан ч сайн бодоод үзэхэд сэтгэл зүйгээ тогтвортой байлгахын тулд их хэмжээний хоол иддэг байсан маань буруу гэдгийг ойлгож, турах хэрэгтэйгээ ухаарч эхэлсэн. Мөн би жин хаяхын хажуугаар нөхөн үржихүйн асуудалтайгаа эрчимтэй тэмцэж байгаа. Өмнө нь зөвхөн карьертаа анхаарч, хүүхэдтэй бодох тухай огт боддоггүй байсан ч 30 гараад ирэхээр өөрийн эрхгүй “хүүхэдтэй болбол гоё доо” гэж бодогдож эхэлдэг юм билээ. Хүүхэдтэй болж чадах эсэхээ мэдэхгүй байгаа ч хүлээлт тавихгүйгээр, аль болох эрүүл байхыг хичээж байна. Болох юм болдгоороо л болно биз” хэмээн ярьсан билээ.

Rebel хувийн дасгалжуулагч Jono Castano-гийнхаа тусламжтайгаар долоо хоногийн долоон өдөр дасгал хийдэг. Тэрээр эхэндээ элсэн чихэр, глютен, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, хоолоо идэхдээ зурагт үзэж, хүнтэй ярилцаж, утсаа оролдохгүйгээр зөвхөн хооллолтоо анхаардаг “VivaMayr” дэглэмийг барьж байв. Энэ дэглэмийн үеэр тэрээр хүнсний ногоо, загас зэргийг голчлон хэрэглэдэг байсан бөгөөд хооллосныхоо дараа огтхон ч цадсан мэт мэдрэмж авдаггүй байсан тул уураг ихээр хэрэглэдэг дэглэм рүү шилжжээ.

Харин түүний дасгалжуулагч жингээ хасах үйл явц бол 100 метрийн богино зайн гүйлт биш марафон гэдгийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл, "ганц хоёрхон сар бол их хэмжээний жинг хасахад хангалттай хугацаа биш. Хэрэв ингэх гэж хичээх юм бол чамд их хэмжээний дарамт, стресс л бий болох болно. Цаашлаад ийм зорилго тавьчхаад зорилгодоо хүрч чадахгүй бол сэтгэл зүйн эрүүл мэндэд чинь олон асуудал тулгарах эрсдэлтэй. Тиймээс зорилгоо бодитой тавьж, богино хугацаанд түүндээ хүрч, дараагийн зорилгоо ч мөн бодитой тавих зарчмаар ажиллаарай" гэжээ.

Жүжигчин бүсгүй маань илүү эрүүл амьдрахын тулд зөв аргаар эрчимтэй жин хасаж өөртөө маш том өөрчлөлтийг хийж чадсан нь зөвхөн охид бүсгүйчүүд гэлтгүй дэлхий даяар маш олон хүнд эрч хүч, урам зориг өгч байгаа тул BBC сайт түүнийг энэ оны “Онцлох 100 эмэгтэй”-н нэгээр тодруулсан байна.

Эх сурвалж: Insider, BBC, E!

#Оддын тухай #Эрүүл мэнд #Илүүдэл жин