yAmi: E-Sport-ын мэргэжлийн тоглогчид олон уналттай НҮҮР ТУЛАХ шаардлагатай болдог


С. Наранжаргал | YOLO.MN
2021-12-24

Энэ удаагийн дугаарт E-Sport-ийн томоохон төрөл болох “CS:GO” тоглоомын мэргэжлийн тоглогч О. Ялалт буюу yAmi-тай ярилцлаа. Та бүхэн энэхүү ярилцлагаас түүний “CS:GO” төрөлд тоглох болсон шалтгаан, олон улсын тэмцээний бэлтгэл хэрхэн хийгддэг тэргүүтэй олон сонирхолтой асуултын хариултыг авна гэж найдаж байна. 


YOLOСайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцаж буйд баярлалаа. Ялалт маань 2018 оноос Монголын “CS:GO” төрлийн томоохон тэмцээн уралдаанд амжилттай оролцдог чадварлаг тоглогч гэдгээ удаа дараалан батлан харуулсан. Тэгвэл ярилцлагаа анх хэзээнээс компьютер тоглоом тоголж эхэлсэн тухайгаар эхлүүлье.

- Сайн байна уу? Намайг ярилцлагын буландаа урьсан та бүхэнд бас баярлалаа. Энэ миний анхны ярилцлага юм байна. Бага байхад ээжийн үеэл, ахынх маань гэртээ компьютертэй байсан юм. Тухайн үед сайн компьютертэй хүн их цөөхөн байсан болохоор ахынхаасаа хичээлдээ явдаг, амралтаараа ч тэднийд өнждөг байлаа. Найзуудтайгаа хааяа л PC /Цахим тоглоомын газар/-т очдог байсан.

Ах нэг өдөр ажиллаад нэг өдөр амардаг ээлжийн ажил хийдэг байсан юм. Харин би бүтэн ажиллах үеэр нь компьютер дээр өдөржин шөнөжин тоглодог. Маргааш нь би яалт ч үгүй амрах ёстой болно. Яагаад гэвэл ах өөрөө компьютер дээрээ сууна. Суухаар нь би хажууд нь хараад л суучихна. Тэгж байгаад хоёулаа ээлжлээд тоглоно.

Гэхдээ анх “Battlefield” тоглодог байсан. Энэ тоглоомын нэг тоглолт нэг цаг хавьцаа үргэлжилдэг болохоор ахыг унтахаар л тоглоно. Компьютертэй танилцах болсон нь ахтай маань шууд холбоотой. 

YOLOТэгвэл анх CS:GO тоглож эхэлсэн түүхээсээ хуваалцаач.

- 2016 онд үеэл ахтайгаа хамт “Battlefield” тоглохын тулд өөрийнхөө гэрт компьютертэй байх шаардлагатай болсон. Тэгээд л ээжээсээ “компьютер аваад өгчихвөл хичээлээ сайн хийнэ” гээд гуйж гуйсны эцэст авахуулахаар боллоо. Гэхдээ бас “шууд авч өгөхгүй, төхөөрөмжүүдийг нь нэг нэгээр нь ав” гэхээр нь Pentium G-4560 CPU-тэй, 8GD RAM-тай компьютер авсан. Хажуугаар нь ахынхаа хуучин GTX 760 гэдэг график картыг нь аваад компьютерээ босгож байлаа.

Тэгээд л ахындаа холбогдож тоглож болох бүхий л тоглоомыг тоголно. Ингээд хэдэн сар явсны дараа гэртээ буцаж очсон. Өглөө хичээлдээ яваад, хааяа найзуудтайгаа PC-нд ганц хоёр цаг тоглоод, гэртээ эргэж ирээд орой унтах хүртлээ тоглоод л байдаг байсан. Яг тэр үеэр хүмүүс “CS:GO” нэлээн тоглодог болсон юм. “Mongolz” баг аварга авахад олон залуусын дотор гал ассан байх л даа. Тухайн үед би “CS:GO”, “Dota 2”, “Pubg” гэсэн тоглоомуудыг найзуудтайгаа хөгжилдөх зорилгоор л тоглодог байсан. 

 


YOLOТухайн үед E-Sport манай улсад эд хөгжиж эхэлсэн шүү дээ. Тэр үеийн нөхцөл байдлаас дурсвал? 

-Тэр үед би “CS:GO” дээр MGE /Master guardian elite - CS:GO тоглоомын цол/ цолтой, ахтайгаа “match-making” /албан ёсны тоглолт хийдэг сервер/ дээр тоглодог байсан. Тэр үед ордог байсан PC-дээ таньдаг хүн ихтэй. Админ ахыг нь ч таньдаг, ах ч өөрөө тоглодог. Ерөнхийдөө бүгд л MG /Master guardian/ цолтой хүмүүс.

Тэгж явж байгаад л LE /Legendary Eagle - Дээрээсээ дөрөвдүгээрт ордог цол/ цол руу орсон. Тухайн үед Монголд “match” гээд албан ёсны биш ч “match-making”-ээс зарим зүйлээрээ ялгаатай сервер байсан юм. Хуучны “Counter-strike 1.6”-чид мэднэ дээ. “Xopom”, “Aiax” серверүүдтэй ижилхэн. Тэнд тухайн үедээ сайнд тооцогддог байсан бүх тоглогчид тоглодог байсан.

Серверийнх нь үндсэн арван тоглогчийн тоглолтыг үздэг “Spectate”-д ороод хүлээж хүлээж байгаад л тоглодог. Тэр үед 12 настай байсан болохоор миний хоолойн өнгө их нарийхан. Тэгээд л тоглохоор хүмүүс “чи охин юм уу” гээд шоолно. Тэгж хэлүүлсэн хүн чинь олигтой тоглож чадахгүй шдээ. Нөгөө хэд маань дандаа бие биенээ таньдаг хүмүүс болохоор дотроо санал хурааж байгаад намайг kick /серверээс хасах/-лэнэ. Хүлээж байгаад орох болгонд тэгж kick-лүүлээд байхаар шар гозойж байгаа юм чинь.

Ер нь “match-making”-д орохоор Skor гэдэг нэр их харагдана. Нөгөө kick-лүүлдэг сервертээ бид хоёр цуг анигддаг. Яваандаа “steam”-ээр найзын хүсэлт явуулаад тоглохдоо чаталдаг болсон. Тэгээд бид хоёр нэг гаргалгаа гаргасан юм. Тэр нь админ байхгүй үед нэг багт ороод нэг нэгнээ kick-лүүлэхгүй гэж гүрийх. Учир нь багийн таван гишүүний нэг нь л kick хийхгүй гэсэн сонголтыг дарвал тухайн хүнийг kick хийж болдоггүй байсан юм. Тэгж танилцсан бид хоёр сарын дараа уулзаж тоглохоор болсон. Багшийн дээдийн уулзвар дээр Skor болон найз Biggy-тэй нь таараад гурван жоохон хүүхэд инээлдээд уулзаж байсан.

Тэр үед багшийн дээдэд таньдаг хүнийхээ W2C гээд PC-нд 2,000 төгрөгөөр өдөржингөө тоголно. Skor zowie-fk2, би Rival 310-тай маузаа барьж очоод дэлгэц, пад, интернетийн хурдыг голохгүй тоглож байгаа юм чинь. Тэгж явсаар нөгөө “match” серверүүдэд чинь хүмүүс бие биенийгээ басаад л. “Уулзаад Lan/ Биеэр уулзаад тоглох/-дая” гээд тоглодог. Гурван тоглолтоос хоёрт нь хожсон нь эсрэг багийн нэг хүнээс 20,000₮ авдаг дүрэмтэй. Гэхдээ мөнгө авах нь ховор, өгөх нь байнга. Угаасаа жоохон хүүхдүүд өөрөөсөө хэд ах хүмүүсээс мөнгө нэхэж авна гэдэг худлаа шүү дээ. Ингэж нэг жил шахуу Lan-даж явсаар байгаад Skor бид хоёр мэргэжлийнхний доод зэрэглэлийнхнийг атгасан байлаа. Тэгж явсаар Skor 16 нас хүрээд 2990-д орж, би 13-тай байсан болохоор Lan-д 21-ээ тоглоод үлдсэн дээ. 

 


YOLOМэргэжлийн карьер хэзээнээс эхэлсэн бэ?

- Нэлээн урт түүх дээ. Багууд хоорондоо гишүүдээ сэлгэх тохиолдол их байдаг учраас одоо ярих гэж байгаа зүйлийг Монголын “CS:GO” багуудын тоглолтыг тасралтгүй үздэг хүмүүс сайн ойлгох байх.

“Mongolz” багийн Maaraa ах 2019 онд Хятадаас ирээд баг бүрдүүлэх үед нь орох гэтэл нас минь хүрээгүй юм. Ингээд хэсэг явж байгаад Skor “2990 уналтад орсон. Багаасаа гарна” гэхээр нь хоёулаа “BINM”-д орохоор болсон юм. “BINM”-д Skor, Kaz, Hawk, Maaraa бид хэд багаа бүрдүүлж байтал “2990” бүрэлдэхүүнээ өөрчлөөд Kaz, Hawk, Skor, Bermuda, Believer тав нэг баг болчихдог юм. Тэгээд Maaraa ах бид хоёр хоёулханаа болчихсон байхад cool4st, monsou, MagnumZ гурав нэмэгдээд “BINM” баг төрснөөр би анх удаа bootcamp буюу мэргэжлийн багт бэлтгэлээ байрлаж хийдэг болсон юм. 

Харин оролцож байсан анхны том тэмцээн бол 2019 оны “Extremesland”. Эхний хэсэгт “D13” багийг хожсон ч “Мазаалай” багт хожигдсон болохоор “D13”-тай дахиж тоглоод хасагдсан. Тэр тэмцээнд “August” баг аварга авсан. Тэмцээний дараа багийн удирдлагаас болж гологдоод Cool4st бид хоёр багаасаа гарсан.

Тэр үед “Extremesland”-тай зэрэгцээд MESA тэмцээн зохион байгуулагдаж байсан. Тэнд 8/0-ын харьцаатай явж байгаад тэмцээний дундуур GO ON-д шилжиж ороод хуучин баг болох “BINM”-тэй хоёр map тоглоход +30 frag буюу kill хийж MESA-гийн нэг нийтлэл дээр гарч байлаа /инээв/. Гэхдээ “D13”-тай тоглоод хасагдсан болохоор тэмцээнээ өндөрлүүлсэн.

Энэ тэмцээний дараа идэвхгүй байж байгаад “BINM”-дээ буцаж ороод 2020 оны “ESL One Rio Major” Зүүн Азийн хаалттай шатны найман багийн нэг болсон. Ингэж шалгарахдаа тухайн үеийн Өмнөд Солонгосын гурав болон дөрөвдүгээр байранд жагсдаг байсан “Ikarus” багийг хожсон юм. Харамсалтай нь тэр тэмцээнд насны асуудлаас минь болоод багаараа хасагдаж, улмаар “BINM” баг тарсан. Дараа нь багийнхаа нэрийг “W2C” болгож өөрчилсөн.

Өмнө жилийн “Lucid Dream ESEA” тэмцээний нээлттэй шатны шалгаруулах тоглолт дээр “Mazaalai” багт нэг “map stand-in” тоглож, нэг үгээр бол шалгалт өгсөн гэх үү дээ. Тухайн үед ирээдүйд энэ багт орно гэсэн зорилготойгоор тоглолтуудынх ард үзэж суудаг байсан. Нэг хэсэг “Mazaalai”-д багийнх нь зургаа дахь гишүүнээр явж байгаад “W2C” багт Hasteka, IZR, Maaraa, pwnz нартай тоглох болсон.  2020 онд “Mazaalai”, “W2C” багууд гишүүдээ солилцсоноор :

W2C: Maaraa, tsogoo, Neuz, Cool4st, hasteka
Mazaalai: bart4k, magnumz IZR, senzu, yAmi гэсэн бүрэлдэхүүнээр тоглож эхэлсэн.

Гурван сарын дараа ncl ах “Tiger” багаас гараад: 

W2C: cool4st, Maaraa, IZR, bart4k
Mazaalai: yAmi, MagnumZ, ncl, tsogoo, Neuz болсон.

Тухайн үед би өөрийгөө гайгүй тоглодог гэж боддог, жаахан бардам болчихсон байсан гэх үү дээ. Харин ncl ахаас өмнө нь мэддэггүй байсан олон зүйлээ сурч авсан. “Mazaalai”-д хэдэн сар тоглож байгаад tsogoo, ncl хоёр өнгөрсөн оны сүүлчээр багаасаа гарсан болохоор “The Black Company” багт Senzu, pwnz, Neuz, MagnumZ, yami гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны “Extremesland” тэмцээнд оролцож, финалын шатанд “Wings up” багтай тоглоод хоёрдугаар байр эзэлсэн. Тэмцээний дараа мөн л багийн гишүүд солигдож “Neuz Renewal”-д ороод “MESA Pro Series” 1, 2, 3-т оролцоод оноо цуглуулах зарчмаар Израиль явах байсан юм. Шөвгийн дөрөвт “BCO” багийг хожиж, “Checkmate” багт хожигдон гуравдугаар байр эзэлсэн. Ингээд өнгөрсөн наймдугаар сарын 3-нд “D13” багт нэгдэн орж, 11-нд нь ниссэн. 

 


YOLODevil 13 буюу “D13” багтай нэгдээд удаагүй байгаа юм байна. Чиний хувьд ямар байрлалд тоглож байгаа вэ? 

- Entryfragger role дээр тоглож байна. Энэ нь урдаа гарч багтаа хүний давуу үүсгэн мэдээлэл авах зорилготой. Ер нь reaction буюу хариу үйлдэл их шаарддаг, тоглодог газруудынхаа өнцгийн давууг маш сайн мэддэг байх хэрэгтэй.

YOLOИрээдүйд E-Sport-оор хичээллэхийг хүсдэг хүүхдүүд их байгаа байх. Тэгвэл тэдэнд зориулан мэргэжлийн баг бэлтгэлээ хэрхэн хийдэг талаар хуваалцвал? 

- Бид өглөө 10:00 цагт сэрдэг. Ингээд нэг цагийн дотор өглөөний цайгаа ууж хувийн бэлтгэлээ базаадаг. Харин багийн бэлтгэлийн үеэр map руугаа ороод бөөндөө бэлдсэн тактикуудаа өөрсдийн болгож, тоглох байршил болон ойлголцол дээрээ зүгширдэг. Гишүүн бүр өөрийн гэсэн байрлалтай учраас хэн нь хаанаа тоглохоо ярилцаж бэлддэг. 

Мөн дэлхийн топ багуудын тоглолтын demo бичлэгийг үзэж бусад багуудын тактик болон тоглолтын хэв маягийг судалдаг. Scrim буюу бэлтгэл тоглолтоор бусад багуудтай тоглож бэлдсэн тактикаа туршдаг. Энэ тоглолтын дараа багт гарч буй асуудлуудаа ярилцаж байтал орой болдог. 

Багаас shinobi, tamiraa ах хоёр хоол хийхдээ сайн болохоор тэр хоёр хоолоо хийчихдэг. Бусад нь аяга тавгаа угаах, ногоо арилгах маягаар тусалдаг. Өглөөний цайгаа хамтдаа уудаг бид нар орой 18:00 цагаас оройн хоолоо ч хамтдаа иддэг. Ер нь өдөржингөө компьютерийн ард сууж, хөдөлгөөнгүй байдаг болохоор таргалах хандлагатай. Бэлтгэл оройн 21, 22 цагийн үед дуусдаг. Хувийн бэлтгэл хийвэл бүр 23 хүртэл хойшилно. 

 


YOLOБагийн бэлтгэл хувийн бэлтгэлээс ямар ялгаатай вэ?

- Хувийн бэлтгэл нь:

  • Өөрийнхөө байрлалыг зөв эзлэх
  • Aim, reaction зэргээ сайжруулахдаа хөдөлдөг, хөдөлдөггүй bot /бай/ буудах
  • Deathmatch /үхвэл буцаад төрөх хугацаагаа хүлээх шаардлагагүй сервер/ орж reaction-аа сайжруулах зэрэг багтана.

Ер нь тоглогч бүр л иймэрхүү маягаар бэлддэг ч ямар bot буудах, ямар сервер орж халаалтаа хийдэг нь ялгаатай байдаг.

Багийн эзэн, менежер, дасгалжуулагч Энхманлайг хүмүүс worldpeace хэмээх тоглогчийн нэрээр нь сайн мэднэ. Тэр хэдэн сарын өмнө өгсөн ярилцлагадаа “Би багаа жижиг гэдгийг мэднэ. Гэхдээ манай тамирчид өндөр потенциалтай, өсөх ирээдүйтэй тоглогчид. Бид Европчуудаас олон зүйлийг сурахаар ирсэн. Одоогийн байдлаар юунд ч хүрээгүй байгаа хэдий ч хичээх болно. Хичээж байгаа цагт боломжгүй зүйл гэж үгүй” гэж хэлсэн байдаг.

YOLO:Танай баг “үнэхээр том” зорилго руу зүтгэж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Багийнхаа ойрын зорилго болон төлөвлөгөөнөөс хуваалцвал?

- Холын зорилго бол “Counter-Strike: Global Offensive Major Championships”-т оролцож өөрсдийн гарын үсэг болон стикертэй болох. Гэхдээ тэр хүртэл сурах зүйл их байгаа болохоор дор бүрнээ хичээж л байна. Харин ойрын зорилго гэвэл бусад багуудаас туршлага судлах, тоглолтоо бүрэн гаргах л байна даа. 

 


YOLOТэгвэл yAmi гэдэг тоглогчийн хувьд? 

- Ямартай ч aim болон сэтгэл зүйгээ сайжруулах шаардлагатай байна. Ингэхийн тулд scrim-д жинхэнэ тэмцээнд тоглож байгаа юм шиг тоглодог. Гэхдээ хичнээн хичээсэн ч яалт ч үгүй ялгаа гардаг. Жишээлбэл, тоглогчдын буудалт, багуудын тактик, тоглолтын үеэрх дарамт зэргээрээ бэлтгэлийн тоглолт тэмцээнийхээс ялгаатай.

Энгийн тоглолтын үеэр хийдэг frag-аа тэмцээний үеэр хийж чадахгүй байх, өөрийн эсвэл багийн гишүүдийн алдаа, эсрэг багийн тоглолтоос tilt /тоглолтоо алдах, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох/ авах гэх мэт асуудал гарна. Нэгэнт авсан tilt-ээ тэр дор нь гаргаж чаддаг тоглогч маш ховор. Тиймээс дараагийн map хүртэл аврал байхгүй гэсэн үг.

YOLOТоп багуудтай тоглох ямар байна?

- Бэлтгэлийн тоглолтуудыг G2 Esports, Mousesports, Astralis, OG, Complexity gaming, ENTROPIQ, Ago gaming, Team End point гэсэн багуудтай хийсэн. Тоглож үзэхэд дэлхийн түвшин тийм ч хол санагдаагүй. Тэднээс суралцах зүйлс байсан ч дэлхийн түвшин тийм ч хол юм шиг санагдаагүй учраас их урам зориг авсан.

YOLOТоглолтын хэв маягийн хувьд Ази хэв маяг, Евро хэв маяг гэж төрөлждөг.

- Анх ирээд тоглоход хэцүү байсан. Европ тоглолтод дасахгүй, тактик, timing /тогтолт дундах агшин/ зөрөөд эвгүй байсан бол нэг сарын хугацаанд ойлгоод, мэдрээд ирлээ. Европ тоглолтын онцлог нь эрсдэл гаргахгүйгээр нягт тоглох явдал. Сул үхэл маш бага гаргадгаас гадна багийн тоглолт ихтэй, дандаа цугтаа тоглодог. Багийн нэг тоглогчийн амь нь улайссан байлаа гэхэд үхэхдээ багтаа хэрэгтэй байдлаар үхнэ. Жишээлбэл, багтаа хэрэг болох мэдээлэл авах эсвэл багийн гишүүнийг эсрэг багийн гишүүний амиар солих буюу trade хийж үхэх гэх мэт. Ерөнхийдөө тоглолтын агуулгаараа ялгаатай санагдсан. Ази тоглогчид ихэвчлэн хувийн тоглолт, frag хийх хандлагатай байдаг бол Европ тоглолтууд багаараа байдаг гэсэн үг. 

Тактикын хувьд онцын ялгаагүй ч Европ тоглогчид буунаас гадуурх нэмэлтүүд буюу utility-гээ хэрэглэхдээ хүртэл ашигтайгаар хэрэглэдэг. Саяхан л гэхэд Азидаа нэгдүгээрт жагсдаг “Vici” баг Европ бүсэд тоглодог, ранкаараа дэлхийд 16-т ордог багтай тоглоход илт хожигдсон. Тэгэхээр тоглолтын хэв маягийн хувьд Европ хамаагүй илүү. Манай багийн хувьд энд Монгол улсынхаа нэрийг л гаргахын тулд хичээж байгаа болохоор хожих, хожигдох үеээ хүлээцтэй байгаасай гэж хүсэж байна. 

 


YOLOСонирхогчоос мэргэжлийн түвшинд гарах хүсэлтэй олон хүүхэд залуус байдаг. Тэдгээр хүмүүст зөвлөгөө болгож юу гэж хэлэх вэ?

- Хүмүүс E-Sport-ийн тамирчдыг “дуртай юмаа л хийдэг хүмүүс”, “тоглох болгондоо мөнгө” олдог гэж боддог. Олон ч хүүхдүүд үүнд нь татагдаж сонирхож эхэлдэг. Гэвч мэргэжлийн түвшинд тоголно гэдэг нь тэмцээний бэлтгэл хийх, багаасаа гарах, хамаг цагаа зарцуулсан зүйлдээ шилдэг нь байж чадаагүйдээ гутрахаас эхлээд олон уналттай нүүр тулах шаардлагатай болно. Бусад сонирхолт, найзууддаа цаг гаргах нь битгий хэл, гэрийнхэнтэйгээ хамт суугаад хооллох нь хүртэл ховор болдог. Цаг хугацаанаас эхлээд гаргах золиос ихтэй учраас нэгэнт орсон бол тууштай байгаарай гэж зөвлөмөөр байна. 

Гэхдээ хэн дуртай нь тоглоод мэргэжлийнх болдоггүй учраас яг үүнд бүхнээ золиослоод орох уу, үгүй юу гэдгээ сайн бодож байж шийдэх хэрэгтэй. Олон уил тоглоод ч ур чадвар нь ахидаггүй хүмүүс Монгол, Европ гэлтгүй хаана ч байдаг. Бас “зүгээр л тоглоом шүү дээ” гэсэн өнцгөөс битгий хараасай. Миний хувьд сонирхож тоглож эхлээд зургаа, сурч тоглож эхлээд 4 жил өнгөрсөн байна. 

YOLOУрилгыг маань хүлээн авч ярилцсан yAmi-даа дахин баярлалаа. Ярилцлагаа E-Sport-од дуртай, Монгол багийнхаа тоглолтыг шимтэн үздэг залуустаа зориулан хэлсэн үгээр чинь төгсгөе. 

- Биднийг үзэж дэмждэг хүмүүстээ баярлалаа. Мөн дээд үеийнхэн буюу Монголын “CS:GO”-ийн домгуудад “Энэ спортыг хөгжүүлж өгсөнд маш их баярлалаа. Тэр үед тэгж сайн амжилт үзүүлээгүй бол өдийд нөхцөл байдал ийм байх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс ах нарын үеийнхэндээ баярлалаа” гэж хэлмээр байна. 

 

#E-Sport #CS:GO