Б.Билгүүндалай: Гадаад хэлийг сайн эзэмшсэнээр бусдаас илүү боломжийг атгадаг


YOLO.mn | YOLO.MN
2021-12-23

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж байгаа, ирээдүйн мэргэжлээ сонгож буй хүүхэд залуустаа зориулан Англи хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авч амжилт үзүүлсэн Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (GMIT) Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутан Б.Билгүүндалайгийн туршлагаас хуваалцахаар ярилцлаа.

 


YOLOБидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Билгүүндалай Элсэлтийн ерөнхий шалгалтдаа Англи хэлийг яагаад сонгосон бэ?

- Миний хувьд багаасаа Англи хэлний хичээлдээ сайн, бас дуртай байсан болохоор Элсэлтийн ерөнхий шалгалтаа энэ хичээлээр өгөхөөр шийдсэн. Хамгийн гол нь миний суралцахыг хүсэж байсан GMIT-ийн бүх хичээл англи хэл дээр явагддаг учир надад чухал байсан. Нөгөө талаар цаашдаа хилийн чанадад суралцах бодол ч бий.

YOLOЕр нь Англи хэлний хичээлийг хаана, хэдэн жил үзсэн бэ? Энэ хичээлээр шалгалт өгөхийн тулд хэр хугацаанд бэлдсэн бол?

- Ерөнхий боловсролын сургуульд элсэхээсээ өмнө Англи хэл үзэж байгаад, нэгдүгээр ангид орохдоо үргэлжлүүлэн үзсэн юм. Харин шалгалт өгөхийн (IELTS & EYESH) тулд зургаан сарын турш тасралтгүй бэлдсэн. Ингэхдээ “writing” болон “reading” хэсгүүдэд хамгийн их анхаарал хандуулсан. Энэ хоёр хэсгийг ЭЕШ-ын ном болон IELTS-ийн дасгалуудыг “ieltsbuddy”, “easyenglish” гэх мэт цахим хуудсуудaaс харж, YouTube-ээс хэрхэн яриа болон сонсголоо сайжруулах тухай бичлэгүүдийг үзэж дасгал хийдэг байсан. Та нар ч бас миний дасгал хийдэг байсан эдгээр хуудас руу ороод үзээрэй.

- https://www.ieltsbuddy.com/ielts-sample-essays.html
- https://www.youtube.com/user/EnglishTeacherAdam
- https://www.youtube.com/channel/UCNM_fVdVf7x38r-AJ0u6cmg

 

Eagle телевизийн "Боловсролын медиа экспо" арга хэмжээний хүрээнд Б.Билгүүндалайгийн өгсөн ярилцлага


YOLOGMIT-д инженерийн ангид элсэхийн тулд Англи хэлнээс гадна ямар хичээлүүдээр шалгалт өгөв?

- GMIT-ийн бакалаврын ангид элсэн суралцахын тулд Англи хэлнээс гадна математик болон физикийн хичээлүүдээр шалгалт өгдөг. Тийм болохоор энэ гурван хичээлд л гол анхаарлаа хандуулж, бэлтгэсэн. Ер нь энэ хичээлүүддээ нэгэн зэрэг бэлтгэхийн тулд хичээлээс гадуурх цагаа маш сайн төлөвлөж, хуваарилах нь чухал юм билээ. Гэхдээ ЭЕШ хэдий чухал ч гэлээ нэг удаа болоод өнгөрөх зүйл болохоор өөрийгөө хэт хүчилж шахах хэрэггүй. Аль болох багш нараасаа байнга зөвлөгөө авч, найз нөхөдтэйгөө зөвлөлдөж хамт бэлдвэл илүү үр дүнтэй болов уу. 

YOLOЯг өнөөдрийн байдлаар Англи хэл чиний хувьд ямар давуу талуудыг авчирч байна вэ?

- Мэдээж Англи хэл сурахын давуу талуудыг тоочиж баршгүй олон. Яг өөрийнхөө тухайд онцолж хэлбэл хүссэн сургуульдаа сонирхсон мэргэжлээрээ тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой болсон нь нэг том давуу тал. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бусад оюутнуудынхаа хамт элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилттай бэлтгэх зөвлөмж цахимаар зохион байгуулж байгаа. Энэ цахим зөвлөмжид хамрагдах хүсэлтэй сурагчид бидэнтэй холбогдон оролцох боломжтой шүү.

Цаашлаад гадаад хэлтэй хүн олон талын эх үүсвэрээс мэдээлэл олж авах, түүнийгээ ашиглах нь бусдаас илүү боломжийг атгадаг гэсэн үг. Тийм болохоор дараа дараагийн оюутан болох гэж буй дүү нартаа болон ахлах ангийн сурагчдадаа хандан алдарт зураач Леонардо Да Винчигийн “Мэдэх нь хангалтгүй - мэдлэгээ ашиглах хэрэгтэй. Хүсэх нь хангалтгүй - хийх хэрэгтэй.” гэдэг үгийг хэлмээр санагддаг. 


YOLOДээр тэтгэлэг хүртсэн тухай дурдлаа. Ямар тэтгэлэг хүртсэн талаараа хуваалцаач.

Би GMIT-д анх орсон жилдээ 2018 оны эхний семестрт МГТИС-ийн нэрэмжит “Манлайлагч оюутны тэтгэлэг”-ийг хүртэж, мөн дараагийн семестрт нь Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) Зуны хөтөлбөрт хамрагдах тэтгэлэгт тэнцсэн. Дараа нь 2021-2022 оны хичээлийн жилд Германы эрдмийн солилцооны албаны DAAD Surplace тэтгэлгийг хүртлээ. Юутай ч сургуулиа төгсөхөөсөө өмнө энэ тэтгэлгийг авч чадсандаа их баяртай байна аа. 

YOLOАнгли хэлний хичээлээр ЭЕШ өгөхөд хамгийн гол анхаарах зүйл юу вэ?

Англи хэлээр ЭЕШ өгөх үедээ анхаарах хэрэгтэй хамгийн гол зүйл нь миний хувьд асуулт хариултаа анхааралтай уншиж, зөв ойлгох асуудал байсан. Англи хэлний шалгалт зарим хэсэгтээ хэтэрхий их дүрэмд тулгуурласан байдаг учир өгүүлбэрийн хувьд утгагүй, ойлгомжгүй мөртлөө дүрмийн хувьд зөв гэх мэт асуудлууд гарч ирдэг. Шалгалтаа өгч байх явцдаа бичих дасгалыг хамгийн түрүүнд хийгээд, мэдэхгүй зүйлээ шууд орхиж дараагийн асуулт руугаа орсон нь илүү дээр санагддаг. Түүний дараа бичих болон бөглөх дасгалуудыг хийгээд, илүү цаг гарсан тохиолдолд орхисон дасгалуудаа нөхөж хийвэл цаг хэмнэдэг. За тэгээд шалгалтаа өгөхийн өмнө мэдээж маш сайн амарч, аль болох өөрийгөө тайван байлгаж, яарч сандрахгүй байх хэрэгтэй.

YOLOЕр нь Англи хэлний үгсийн сангаа хэрхэн баяжуулсан бэ? Үг хамгийн сайн цээжилдэг арга чинь юу вэ?

Англи хэлний үгсийн санг нэмэгдүүлэх маш олон арга бий. Миний хувьд ном сэтгүүл унших, кино бичлэгүүд үзэх гэх мэтээр олон төрлийн арга хэрэглэсэн. Англи хэлийг өдөр тутмынхаа амьдралд ашиглаж, кино, бичлэг, дуу, ном сонин сэтгүүл байнга үзэж хараад байсан болохоор үгийн баялаг ч нэмэгдсэн гэж боддог. Дээрээс нь шинээр сонссон, харсан үгээ тэмдэглээд байвал бүр сайн цээжилдэг дээ. 

YOLOЦаг зав гарган өөрийн туршлагаас хуваалцсанд баярлалаа. Цаашдын сурлагад чинь амжилт хүсье.

 



#Боловсрол #ЭЕШ