Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн тухай чиний МЭДЭХ ёстой бүхэн


С. Наранжаргал | YOLO.MN
2021-12-16

Бид энэ удаагийн нийтлэлээрээ хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Хоёр туйлт гэдэг нэрнээсээ л ойлгомжтой байгаа байх. Хүний мэдэрдэг олон олон мэдрэмжийн хоёр туйл нь баяр хөөр болон уйтгар гуниг байдаг. Тэгвэл хоёр туйлт сэтгэцийн эмгэгийг энгийнээр тайлбарлавал хүний сэтгэл зүйн байдал уг хойр туйл руу эрс хэлбэлзэх явдал юм. Өөрөөр хэлбэл, хүний тархин дахь мэдрэлийн эсүүд холбогдон мэдлэг, мэдээлэл, дурсамжийг үүсгэснээр эдгээр холболтууд хэвийн явагддаг бол хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүний хувьд дааврын нөлөөнөөс үүдэн холболтууд буруу хийгддэг. Улмаар хэвийн бус бодол төрж, эргэлзээ төөрөгдөл үүсэж, хий зүйлс төсөөлөгдөж, хэвийн бус зан авир гаргаж эхэлдэг.

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлахын тулд энэхүү эмгэгийн үндсэн гурван үе шатыг мэдэж авах хэрэгтэй. Үүнд:

1. Manic, mania / Хэт идэвхэжсэн үе - Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн нэг туйл бөгөөд энэхүү туйлд очсон хүн бүхий л зүйлд хэт идэвхтэй болж хувирдаг. Чи өөрийгөө яг л үл үзэгдэгч, бүхнийг чадагч мэтээр мэдрэх бөгөөд нойр, хоол чамд огтхон ч асуудал биш болно. Хэт их эрч хүчтэй байдлаасаа болоод энэ үе шатанд эрсдэлтэй зүйлсийг тооцоололгүй хийх нь бий.

2. Depression/Сэтгэл гутралын үе - Өөртөө итгэлгүй, дуртай зүйлсдээ сонирхолгүй болох, амьдрах хүсэл төрөхгүй байх зэрэг хамгийн сөрөг хандлага энэхүү үед гардаг. Бидэнд амьдралынхаа туршид ямар нэгэн таагүй зүйлсээс болж сэтгэл гутралд орох үе цөөнгүй. Гэвч уг эмгэгийг сэтгэл гутралаас хэт идэвхэжсэн үе рүү огцом шилжиж байгаагаар нь таньж болдог.

3. Hypomania/ Идэвхэжсэн үе - Хэт идэвхэжсэн үеэс сэтгэл хөөрөл, догдлол, эрсдэл гаргах гэх мэт зүйлсээр арай бага сэтгэл хөдлөлтэй үе.

Бид өмнөх нийтлэлдээ сэтгэлзүйн эмгэгүүд шинж тэмдгээрээ төстэй байдаг тухай дурдсан. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн хувьд ч мөн өөр эмгэг, хам шинжүүдтэй андуурагдах тохиолдол бий. Хэрэв чамд болон чиний ойр дотнын хэн нэгэнд доор шинж тэмдгүүд илэрч, цаг өнгөрөх тусам нөхцөл байдал хүндэрч байвал яаралтай мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна.

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн үндсэн шинжүүдийг “DIGFAST” гэж нэрлэдэг. Үгийг задлан орчуулбал:

Distractibility- Анхаарал төвлөрөлт муудах, олон зүйлийг зэрэг хийх

Indiscretion- Амжилттай амьдрах тухай хэт их бодох

Grandiosity- Өөртөө хэт итгэх, өөрийгөө бурхан эсвэл хувь тавилангийн элч мэтээр төсөөлөх

Flight of Ideas- Зорилго тавьсан төлөвлөгөөнүүд хэт их зохиох

Activities- Маш олон зүйлсийг хийж үзэхийг хүсэх, оролдож үзсэний дараа сонирхол буурах

Sleep- Нойргүйдэх эсвэл хэт их унтах

Thoughtlessness- Бодлогогүй алхам, эрсдэлтэй зүйлс их хийх

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг төрлийн хувьд:

1. Bipolar 1 - Энэ төрөл хамгийн түгээмэлд тооцогддог бөгөөд сэтгэл гутралын үе шат хоёр долоо хоногоос багагүй, хэт идэвхэжсэн үе нэг долоо хоногоос зургаан сар хүртэлх хугацаанд үргэлжилдэг байна.

2. Bipolar 2 - Bipolar 2 гэдэг нь эхний төрлөөсөө илүү хүчтэй гэсэн үг биш. Сэтгэл гутралын түвшингээрээ эхний үетэй ойролцоо хэдий ч идэвхжлийн түвшингээрээ өөр байдаг. Уг төрөлд хэт идэвхжил биш идэвхжлийн үе явагддаг ба энэхүү үе нь дөрөв хоногоос хэдэн сар хүртэлх хугацаанд тогтмол үргэлжилж болдог байна.

3. Unipolar/ Нэг туйлт - Ямар нэгэн баяр хөөр авчрах үйл явдал тохиолдохгүй бол сэтгэл гутрал тогтмол үргэлжилдэг төрөл юм.

4. Cyclothymia - Бусад төрлүүдтэй харьцуулахад сэтгэл гутралын түвшингээрээ бага, идэвхжлийн үе явагддаг бөгөөд гол онцлог нь энэхүү хоёр туйл руу солигдон үргэлжлэх явц нь дор хаяж хоёр жилийн хугацаанд явагддаг.

Уг эмгэгийн үед ямар эмчилгээ хийдэг вэ ?

1. “Сэтгэл засал” - Энэ эмгэгийг цусны тест, тархины MRI зэргээр илрүүлж болдоггүй. Чамд дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйчид хандан тогтоолгох боломжтой. Цаашлаад сэтгэл засалч энэхүү эмгэгийн төрлийг тогтоож, зөвхөн чамд тохирсон эмчилгээг санал болгоно.

2. “Эмийн эмчилгээ” - Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн ямар төрөлд байгааг чинь тогтоосны дараа чамд тохирох эмийн эмчилгээг бичиж өгч болно. Эмийн эмчилгээг мэргэжилтний зөвлөснөөр хийх хэрэгтэй. Эс бөгөөд гаж, сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

3. “Амьдралын хэв маягаа өөрчлөх” - “Хэчнээн сайн багш байгаад ч чи өөрөө хичээхгүй бол сурахгүй” гэдэг үг байдаг даа. Хэчнээн сайн сэтгэл зүйч, эм байгаад чи өөрөө хичээхгүй бол эмчилгээ үр дүнгээ өгөхгүй. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх, стресс болон уур бухимдлаа хянаж сурах, зөв хооллолтын дэглэх барих, бусадтай эрүүл харилцаа үүсгэх гээд өөрийнхөө төлөө хийж болох бүхий л зүйлсийг тууштай оролдож үзэх хэрэгтэй. Эдгээр зүйлсийг хийж дадсанаар сэтгэл зүйгээ тогтворгүй болох үед юу хийхээ мэддэг болно гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ чи сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай тулгарсан бол ганцаараа биш гэдгээ битгий мартаарай. Хэрвээ чиний таньдаг хэн нэгэн сэтгэл зүйн асуудалтай бол түүнийг ойлгохыг хичээгээрэй.

#Зөвлөгөө #Мэдээлэл #Сэтгэл зүй