"Шат" кино CICF наадмын богино хэмжээний киноны төрөлд тэргүүлж, Оскарт өрсөлдөх эрхээ авчээ


А. Мишээл | YOLO.MN
2021-11-16

"Шат" кино CICF буюу Чикагогийн хүүхдийн кино наадмын богино хэмжээний киноны төрөлд тэргүүн байр хүртжээ. Хүртээмжтэй байдлыг ханган бүтээсэн "Шат" кино нь Австралийн Bus Stop Films, Монголын урлагийн зөвлөл хамтран хийсэн байна.

Австрали Улсын Засгийн газрын соёлын хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг кино нь Оскарын кино наадмын богино хэмжээний төрөлд өрсөлдөх эрхээ авчээ.

Кино багт өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 17 оюутан багтсанаас 12 нь даунтай юм байна. Мөн Монголын кино урлагийн мэргэжлийн зөвлөхүүд, кино урлагийн чиглэлээр суралцдаг оюутан уг төсөлд оролцжээ. 

Продюсер Женевьев Клэй-Смит: "Хөдөлмөрийн зах зээлд оюуны бэрхшээлтэй иргэд хамгийн ихээр хоцрогдож байна. Манай хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн ур чадвар, ажил хөдөлмөрт бэлэн байх чадваруудаа дээшлүүлэхэд нь тусалж, Монголын нийгэмд хөгжлийн бэрхшээлийн тухай түүхийг ярих, хандлагыг өөрчлөхөд нь тусалж чадна гэдгийг харсан. Бид өөрсдийн амьдралыг кино урлагаас хардаг. Бид энэ түүхээр хүний эрхийг сайжруулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.

Энэхүү бүтээлийн зорилго нь оюуны ялгаатай хөгжилтэй иргэд, даунтай залуусын ажиллаж хөдөлмөрлөх эрх, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж, бүгдэд хүртээмжтэй байх ёстой нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх, улмаар иргэдэд зөв мэдлэг мэдээлэл түгээж, олон нийтийн хандлагыг өөрчлөх юм. 

"Шат" кино нь Японы Токио хотноо болсон "Short Shorts Film Festival & Asia" олон улсын кино наадмаас "Biogen Award" тусгай шагнал хүртэж, АНУ-ын "Cinequest" кино наадамд шалгарч байжээ. 

Эх сурвалж: Downsyndrome.org.au, Австралийн ЭСЯ

#Кино урлаг #Кино наадам #Шат