Амьтдад чин сэтгэлээсээ хайртай хүмүүст тохирох мэргэжлүүд


Х. Болормаа | YOLO.MN
2021-11-11

Амьтдад хайргүй хүн тун цөөхөн. Гэхдээ амьтдыг гэх чиний хайр энгийнээс илүү юм шиг санагдаж байсан уу? Тийм бол чамд тохирсон ажлын боломжуудыг энэхүү нийтлэлээрээ танилцуулъя.

1. АМЬТАН АСРАГЧ

Гэрийн тэжээвэр амьтан асрагч нь амьтдын хумсыг авах, усанд оруулах, үсийг нь самнах, зарим нэг тохиолдолд үсийг нь засах үүрэгтэй байдаг. Дийлэнхдээ амьтны салонд нохой, муур, усан гахай зэрэг амьтадтай тулж ажилладаг.

Хэдийгээр их амархан юм шиг сонсогдож байгаа ч олон ялгаатай үүлдрийн төрөл бүрийн зан араншинтай амьтадтай харьцах учир тэд зарим тохиолдолд чам руу дайрч, хазаж гэмтээж ч болзошгүй.

2. МАЛЫН ЭМЧ

Та бүхний мэдэж байгаачлан малын эмч өдөр тутамдаа амьтдад үзлэг хийж, онош тавьж, эмчилгээ хийхээс гадна шинэхэн эздэд тэжээвэр амьтнаа хэрхэн асрах тал дээр зөвлөгөө өгдөг. Дийлэнх тохиолдолд өвдсөн, амь нас нь дээсэн дөрөөнд байгаа амьтадтай ажиллахаас гадна олон цагаар ажиллаж, түргэн тусламжийн дуудлага хүлээн авдаг.

3. АМЬТДЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ

Яг л малын эмчийн адилаар амьтны сэтгэлзүйчид ирээдүйд үргэлж л сэтгэлзүйн хувьд тогтворгүй амьтадтай ажиллах болно. Амьтад яагаад энгийн үеийнхээсээ өөрөөр аашилж байна вэ гэдгийг тогтоож, тухайн нөхцөл байдалд тохирсон эмчилгээг хийдэг.

4. АМЬТАН ДАСГАЛЖУУЛАГЧ

Тэд мэдлэг, ур чадвар болон олон жилийн туршлагаараа амьтдад төрөл бүрийн коммандыг зааж сургадаг. Ихэвчлэн нохой, муур, морь, далайн хөхтөн амьтадтай ажилладаг.

5. НОХОЙ САЛХИЛУУЛАГЧ

Нохой салхилуулах үйлчилгээ сүүлийн үед тун ч газар аваад байгаа билээ. Харьцангуй бага чадвар шаарддаг тул амьтанд хайртай хэн бүхний хийж болох ажил юм. Гэсэн хэдий ч хариуцлага, хувь хүний авьяас чадвар, хурд зэргийг чанд баримтлахгүй аваас асуудалд орох эрсдэлтэй.

6. АМЬТНЫ ЗУРАГЧИН

Хэрэв чи амьтанд хайртай бас зураг дарах сонирхолтой бол аз жаргалын хоёр эх үүсвэрээ холбож яагаад болохгүй гэж?

Хөгжсөн орнуудад чамгүй алдартайд тооцогддог энэхүү мэргэжлээр ажиллавал амьтдыг өдөр бүр хамгийн хөөрхнөөр нь харах боломжтой.

7. МАЛ ЭМНЭЛГИЙН ТУСЛАХ

Мал эмнэлгийн туслах нь эмчийн удирдлага дор ажилладаг. Тэд асрамж хэрэгтэй амьтдыг хооллох, цэвэрлэх, эмийг нь уулгах, зарим үзлэгийн үеэр шаардлагатай тусламжийг үзүүлдэг.

8. АМЬТНЫ ХУУЛЬЧ

Энэ жагсаалтад амьтдын хуульчийг дурдахгүй байхын аргагүй билээ. Дэлхийн өнцөг булан бүрт амьтны эрхийг хүний эрхээс дутахааргүй хэмжээнд авч үзэж байна. Тэгвэл чи амьтадтай зүй бусаар харьцаж буй хүмүүстэй шууд харьцаж амьтны эрхийг хамгаалах чиглэлээр мэргэжлийн түвшинд ажиллана гэсэн үг юм.

#Мэргэжил сонголт #Амьтад