Цар тахлаас үүдэн өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэлзүйн хямрал ихэсчээ


Сондор | YOLO.MN
2021-11-04

Цар тахлаас үүдэн үе тэнгийнхэнтэй чөлөөт цагаа хамт өнгөрөөх, танхимаар хичээллэх гэх мэт нийгэмших харилцаа нь хумигдсан өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн хямрал нэмэгдсэн талаар СЭМҮТ-ийн ХӨҮК-ийн Сэтгэцийн эмч Б.Насанбурмаа мэдээллээ. Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог болон эцэг эхчүүд тэдэнтэй хэрхэн харилцах талаарх түүний зөвлөгөөг хүргэе.

ӨСВӨР НАС гэж юу вэ?

12-18 насыг өсвөр нас хэмээн үздэг бөгөөд хүүхэд ахуй наснаас насанд хүрэх шилжилт хөгжлийн зурвас үе бөгөөд тэдний бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хүрээнд эрс өөрчлөлт, шинэ бүрдэл, заримдаа зөрчил хямрал дагуулж байдаг онцлог нас юм. Том хүн боллоо хэмээн ойлгож насанд хүрэгчдийн байр сууринаас аливаад хандах хүсэл эрмэлзэлтэй болдог учир шилжилтийн нас гэж нэрлэдэг.

Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээ:

- Үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцах
- Үе тэнгийнхэн дундаа хүлээн зөвшөөрөгдөх, үзэл бодлоо илэрхийлэх
- Нийгэмших
- Үзэл бодлоо хамгаалах, илэрхийлэх
- Хувийн эрх чөлөө, хувийн орон зайгаа хадгалах

Сэтгэлзүйн онцлог нь:

- Бусдыг өрөвдөх хайрлах, мөн тэднээр хайрлуулахыг хүсдэг
- Хэн нэгэнтэй ойр дотно харилцаатай байх, хайрлах хүсэл сонирхол бий болж эхэлдэг
- Нийгэм хүмүүсийн дунд биеэ зөв авч явах иргэний зан үйлийн шинж чанаруудыг эзэмшиж эхэлнэ
- Тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцаж, зөвлөгөө авахыг хүсдэг
- Би хэмээх төсөөлөл эрчимтэй хөгждөг
- Өөрийн дүр төрхийг бүрдүүлж, нийгмийн өмнө хүлээх үүрэг, харилцаанд суралцах дадлыг эзэмшинэ
- Ирээдүйн ажил мэргэжил, гэр бүлтэй холбоотой мэдээллийг судалж эхэлнэ
- Гадаад төрх, хувцаслалтдаа илүү анхаарч бусдад таалагдахыг эрмэлздэг болно
- Насанд хүрэгчдийн харилцаа хандлага, зан байдлыг сонирхож даган дуурайж эхэлдэг

Сэтгэлзүйн хариу урвал:

- уурлах, бухимдах, бага зэрэг түрэмгий авирлах
- амархан баярлах
- амархан гомдох, уйлах
- уйтгарлах, ганцаардах
- идэвхгүй болох, дуртай зүйлээ сонирхохгүй байх
- дуртай зүйлийг нь санал болгоход үгүйсгэх
- асуултад сөргөөр хариулах
- гэнэт дуугаа хураах
- хэнэггүй аашлах
- үйл ойшоох
- зөрүүдлэх, сөргөлдөх
- сануулга, анхааруулгыг биелүүлэхгүй байх
- эсэргүүцэх, зөрчилдөх хандлага гаргах
- харилцааны болон хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ хангагдахгүй үед танихгүй хүмүүстэй холбоо тогтоож эхэлдэг

Та өсвөр насны хүүхэдтэй хэрхэн харилцвал тохиромжтой вэ?

Эцэг эхчүүд хүүхдэдээ хүндлэл үзүүлж, найз шиг нь харьцах нь чухал. Гэхдээ бүх зүйлд нь найр тавин хүлээн зөвшөөрнө гэдэг утгаар бус бид өөрийн найзтайгаа хэрхэн харилцдаг, яг л тийм байдлаар дотно харилцахыг зөвлөж байна. Тиймээс

- хүндлэл үзүүлж, үзэл бодол хүсэл мөрөөдлийг нь хүлээн зөвшөөрөх
- хүүхэдтэй холбоотой шийдвэр гаргахдаа санаа бодлыг нь сонсох
- чамд юу ч тохиолдсон аав ээж нь үргэлж чамтай хамт байна гэдгийг нь ойлгуулах
- хүүхдэд хувийн орон зайг нь өгөх
- найзалж, нийлж байгаа хүүхдийг нь шүүмжлэхгүй байх
- цахим орчны хэрэглээг нь хэт хянахгүй, мөрдөхгүй байх
- бүх зүйлд нь зохистой хяналт тавих
- дуртай дуу хөгжим, спорт, сонирхдог зүйлийн, найзуудынх нь талаар ярилцах
- өсвөр насны хүүхэд эцэг эхчүүдтэйгээ ярилцсанаар өөрийгөө том болсон, чухал хүн мэт санаж, урамшдаг
- юу хийхээ эцэг эхчүүд мэдэхгүй бол өөрөөс нь асууж үзээрэй /жишээ нь өмсөх хувцсаа сонгохдоо.../
- стресс тайлах энгийн аргаар сэтгэл санаагаа тайван байлгахыг зааж өгөх
- Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтахад нь дэмжлэг үзүүлээрэй.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.

#Зөвлөгөө #Сэтгэл зүй #Цар тахал