Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) 2021-2022 оны Хичээлийн жилийн “Тэтгэлэг гардуулах арга хэмжээ” цахим болон танхим хосолсон хэлбэрээр халдвар хамгааллын дэглэмийн дор амжилттай зохион байгуулагдаж, 110 оюутан тэтгэлгээ гардан авлаа.
Энэ хичээлийн жилд цар тахлын (COVID-19) үеийн нөхцөл байдлаас үл хамааран тус их сургуулийн тэтгэлгүүдийн төрөл болон тоо хэмжээ нэмэгдэж, нийт оюутны 40 орчим хувь нь сургалтын төлбөр болон амьжиргааны зардал бүхий тэтгэлгүүдийг хүртэж байна.
Үүнээс 48 оюутан Германы эрдмийн солилцооны албаны (DAAD) тэтгэлэг, 62 оюутан Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэн боллоо. Арга хэмжээнд МГТИС-ийн удирдлагуудаас гадна ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Европын Сэргээн босголтын банкны (KfW) төлөөллүүд оролцож, оюутан залууст сурлагын өндөр амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Судалгаанд суурилсан, инженерийн загвар их сургууль болохоор зорин ажиллаж буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь жил бүр олон тооны оюутныг Монгол-Герман хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж, инженерийн боловсролыг тэгш хүртээмжтэйгээр түгээхийг зорьдог. Энэхүү зорилтынхоо хүрээнд 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш нийт 3.8 тэрбум төгрөгийн тэтгэлгийг давхардсан тоогоор 535 оюутанд олгоод байна.
Түүнчлэн хичээлийн семестр бүрд тодорхой тооны оюутнуудыг тэтгэлэгт хамруулахын зэрэгцээ, ХБНГУ болон БНХАУ-д олон улсын оюутнуудын хамт Зуны хөтөлбөрт 14 хоног хамрагдах, Герман улс дахь хамтрагч их сургуульд нэг семестрээр суралцах, гаднын компаниудад гурван сарын турш цалинтай дадлага хийх боломжийг олгодог.
МГТИС-ийн Тэтгэлгийн хороо нь нэг талаасаа авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ манлайлагч төгсөгчдийг дэлхийн түвшний боловсрол мэдлэг олгох өндөр стандарттай сургуульд орох боломжоор хангах, нөгөө талаас тус сургуульд элсэн орсныхоо дараа өөрийгөө дайчлан амжилттай суралцаж байгаа оюутнуудыг сургуулиа амжилттай төгсөхөд нь тууштай дэмжих бодлогыг баримталдаг.
“Герман мэдлэг-Монгол ухаан” уриатай тус их сургуулийн сургалтын хөтөлбөрүүд нь Герман улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт суурилагдсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан. Уг магадлан итгэмжлэлээр Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрүүд итгэмжлэгдсэн юм. Түүнчлэн 2020 оны хичээлийн жилээс Мехатроник инженер, Эрчим хүч, цахилгааны инженер гэсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдгээр бүх хөтөлбөрийн сургалт 100 хувь Англи хэл дээр явагддагаараа онцлогтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх