Facebook компани нэрээ “Meta” болгон өөрчиллөө


Миау | YOLO.MN
2021-10-29

Facebook Inc. компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Mark Zuckerberg “Connect 2021” цахим хурлын үеэр компанийнхаа нэрийг “Meta” болгон өөрчилж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт тус компани “Metaverse” төслийнхөө хүрээнд нэрээ өөрчлөх гэж байгаа тухай мэдээлэл гарсан билээ. Дэлхий даяар 2.8 гаруй тэрбум хэрэглэгчтэй Facebook платформоор компаниа овоглох нь хүмүүст тус компанийг сошиал медиа компани гэсэн сэтгэгдлийг өгдөг. Харин тэд интернетийн шинэ эрин гэгддэг “Metaverse” салбарт хөл тавьж байгаа тул нэрээ өөрчлөх шаардлагатай аж.

Mark Zuckerberg “Meta” хэмээх нэрийг Грекийн цаад, дараагийн гэсэн утгыг илэрхийлэх meta гэдэг үгнээс санаа аван сонгосон байна. Түүний хувьд энэ нь хийж бүтээх зүйл үргэлж байдаг гэсэн утгыг илэрхийлэх ажээ. Харин логогоо цэнхэр өнгийн хязгааргүйн тэмдгээр сонгожээ.

Сонирхуулан хэлэхэд, Facebook компани “Metaverse” төслийнхөө хүрээнд 10 мянган ажилтан ажилд авах гэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

#Мэдээ #Технологи #Facebook #Meta